Японы Токио хотноо энэ сарын 12-17-ны өдрүүдэд болсон Спортын гимнастикийн өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирсэн гимнастикийн баг тамирчдыг өнөөдөр МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Тус тэмцээнд Ази төдийгүй дэлхийд чансаагаараа тэргүүлдэг БНХАУ, БНСУ, Японы тамирчид хүчтэй өрсөлдсөн бол манай улсаас 17-18 насны ангилалд оролцсон спортын мастер Г.Эрдэнэболд харайлтын төрөлд мөнгөн медаль хүртсэн билээ. Энэ нь гимнастикийн баг тамирчдын үзүүлсэн томоохон амжилтын нэгд зүй ёсоор тооцогдож байна. 16 орны 120 гаруй тамирчин өрсөлдсөн дээрх тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнээр Г.Эрдэнэболд Сингапурт болох өсвөрийн тамирчдын олимпод эх орноо төлөөлөн оролцох эрх авах болзлыг хангасан байна. Өнөөдрийн уулзалтад Монголын гимнастикийн холбоо болон багш дасгалжуулагч, хамтран ажиллаж, дэмжиж байдаг албан байгууллага, хувь хүмүүсийн хамтын хөдөлмөрийн үр шим хэдийнэ гарч эхэлснийг МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн онцлон тэмдэглээд, ирэх наймдугаар сард Сингапурт болох хүүхдийн олимп хүртэлх бэлтгэл сургуулилалт, зардал хөрөнгөний асуудалд туслалцаа үзүүлэхээ амлалаа.
Б.Батсайхан, Score Studio
Б.Батсайхан, Score Studio