”Баривчилж ир” гэж тулгажээ

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

”Баривчилж ир” гэж тулгажээ

Говь-Алтай аймгийн Бигэр суманд болсон нинжа нарын жагсаал цуглааныг зохион байгуулж, хүний амь нас эрсэдсэнтэй холбоотойгоор аймгийн Амлалт нэхэх ард түмний холбооны тэргүүн Т.Нарантуяаг баривчлах болсон талаар аймгийн цагдаагийн газраас мэдээлсэн. Баривчлан саатуулсан эсэх талаар Т.Нарантуяагаас тодрууллаа.

-Аймгийн цагдаагийн газраас таныг баривчлах шийдвэр гаргасан байна. Баривчлах болсон шалтгаанаа одоогоор таньд мэдэгдсэн үү?

-Бигэр суманд болсон жагсаал цуглааны үеэр золгүй тохиолдлоор нас барсан хүний амь насыг надтай холбож, намайг дуугүй болгох гэсэн оролдлого хийж байгаа. Аймгийн цагдаагийн газрын ажилтнуудыг аймгийн ИТХ-ын дарга Эрдэнэбат өчигдөр өрөөндөө дуудан “Т.Нарантуяаг хот руу явж одоохон баривчилж ир” гэж тулган шаардаж байна гэж сонссон. Одоогоор надад нүдэнд харагдах баривчлах албан бичиг ирүүлээгүй байгаа.

-Баривчлах гэж байгаа талаар та албан бус сураг сонссон уу?

-Сонссон. Аймгийн цагдаагийн ажилтнуудад намайг 14 хоногоор баривчлах шаардлагыг аймгийн нутгийн захиргааны удирдлагууд тал талаас нь шахаад байгаа гэсэн. Орон нутагт нь шийдвэрлэх өчнөөн олон асуудал байсаар байхад намайг баривчлах ажлыг цагдаа нарт заагаад суудаг нь ямар учиртай юм бэ гэдгийг өөрөөс нь асуумаар байна.

-“Марко Поло” компанийн эзэмшлийн талбайд дайран орох болсон шалтгаан юу байв?

-“Марко Поло” бол Макс группын охин компани. ИТХ-ын дарга Эрдэнэбат, Максын Ганбаатар нь энэ компанийн үйл ажиллагаа явуулж буй газрын ашиглалтын лицензийг хууль бусаар авсан нь тодорхой. Учир нь 2009 оны 12 сараас ашигт малтмал эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцлах, нэмж олгохгүй байх талаар шийдвэр гарчихаад байхад 2010 оны наймдугаар сарын 13-нд “Марко Поло” компанид ашиглалтын лиценз олгосон байна гэдэг бол хуулийг яаж гажуудуулж байгаагийн тод жишээ. Хууль бус учраас үйл ажиллагааг нь зогсоох гол зорилго байсан. Сүүлийн хэдэн сард юунаас болоод улс орны хэмжээнд буун дуу, жагсаал цуглаан болж байгааг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж шийдвэр гаргах ёстой гэж гэдгийг иргэн хүний хувьд хэлмээр байна. 

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж