Лондонгийн бирж Монголыг онцолж байгаа

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Лондонгийн бирж Монголыг онцолж байгаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Есдүгээр сарын 29-ний өдөр буюу маргааш Улаанбаатар хотноо Лондонгийн хөрөнгийн биржээс Монголын хөрөнгийн зах зээлийн хоёрдугаар бага хурлыг зохион байгуулах гэж байна. Энэхүү хурлын бэлтгэл ажлыг хангахаар ирсэн Лондонгийн хөрөнгийн биржийн CIS болон Монгол улсыг хариуцсан Бизнесийн хөгжлийн менежер
    Аюуна Нечаеватай ярилцлаа.

    -Лондонгийн хөрөнгийн бирж Монголын хөрөнгийн зах зээлийн хоёрдугаар бага хурлыг зохион байгуулах гэж байна. Энэхүү хурлаар ямар үр дүнд хүрэхийг зорьж байна вэ?

    -Дэлхийн янз бүрийн улс оронд бидний зохион байгуулдаг хөрөнгийн зах зээлийн хурлууд нь Лондонгийн хөрөнгө оруулагчид болон зохион байгуулж буй улсын компаниудын хооронд холбоо тогтоох зорилготой байдаг. Бид ихэнхдээ тус улсын Засгийн газрын болон бизнесийн төлөөлөгчид, хөрөнгө оруулалтын зөвлөх компаниудыг хуралдаа урьж оролцуулдаг. Энэ сарын 29-нд зохион байгуулж байгаа хурал нь бидний Монголд хийж буй хоёр дахь томоохон хэмжээний бага хурал болох юм. Энэ нь хөгжиж байгаа Монголын хөрөнгийн зах зээлд Лондонгийн хөрөнгийн бирж хэр их ач холбогдол өгч сонирхож буйн нэг илрэл. Бидний хувьд зөвхөн уул уурхайн салбарын үсрэлтийг онцлох биш ДНБ-ий өндөр өсөлттэй, шинээр гарч ирж буй ирээдүйтэй зах зээл гэдгээр Монгол улсыг онцолж байгаа юм. Өөрөөр хэлбэл Монголын эдийн засгийн бусад секторт ажиллаж буй олон тооны компаниудад маш их боломж байна.

    -Хөрөнгийн зах зээлийн чиглэлээр хийгддэг бусад хурлаас юугаараа давуу буюу онцлог талтай вэ? 

    -Бага хуралд монголчуудтай өөрсдийн мэдлэг туршлагаа хуваалцахаар Лондонгийн хэд хэдэн туршлагатай мэргэжилтэн оролцож байгаа. Түүнчлэн Монголын компаниудаас оролцож буй төлөөлөгчид нь эдгээр экспертүүдээс сонирхсон асуултаа асуух, зөвлөгөө авахын сацуу дэлхийн хөрөнгийн зах зээлд сүүлийн жилүүдэд бий болсон дэвшил, хийгдсэн ажлын талаар сонирхож буй мэдээллээ авах боломжтой. Хурал дээр маш сонирхолтой хоёр төрлийн хэлэлцүүлэг явагдана. Үүнд Монголд үйл ажиллагаа явуулж буй хамгийн том хоёр хөрөнгө оруулалтын сан оролцох юм.  Дараа нь Монголын томоохон брокерийн компаниуд оролцоно.

    -Хурлаар хөндөх сэдвүүдийг тодруулж ярина уу. Эдгээр сэдвийг сонгох болсны учир шалтгаан нь юу вэ?

    Хурлаар маш олон төрлийн сэдвийг хөндөнө. Зөвхөн олон нийтэд үнэт цаас гаргах (IPO хийх) үйл явцын талаар яриад зогсохгүй Монголын хөрөнгө оруулалтын орчин, Монголын хөрөнгийн бирж дээр арилжаа хийх ирээдүй, шинэчлэлт, компанийн санхүүгийн төсөөлөл болон компанийн засаглалын ач холбогдлын талаар ярилцана. Лондонгийн хөрөнгийн биржийн Үнэт цаас, анхдагч зах зээлийн газрын захирал, хатагтай Треси Пирс Монгол улс шиг шинээр өсч хөгжиж буй зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьд Лондонгийн хөрөнгийн бирж дээр хувьцаат компани болох боломжийн талаар илтгэл тавина. Миний хувьд уг сэдвийг дэлгэрүүлэн Лондонгийн биржийн Main Market болон AIM зах зээлээс хэрхэн амжилттай хөрөнгө татан төвлөрүүлсэн жишээнүүд болон Лондонгийн хөрөнгийн биржийн давуу тал болон биржид бүртгүүлснээр Монголын компаниудад ямар ашигтай талаар мэдээлэл хийх болно.

    -Бага хуралд оролцогчдын хүрээ хэр өргөн байна вэ? Ямар оролцогчдыг хамруулж байгаа вэ?

    -Бага хуралд ихэнхдээ том болон дунд хэмжээний компаниуд оролцож байгаа ч жижиг болон дунд хэмжээний компаниудад зориулсан AIM биржийн талаар ярих тул жижиг хэмжээний компаниудад ч манай бага хурал мөн ач холбогдолтой юм. Бага хуралд оролцохоор 200 гаруй хүмүүс бүртгүүлээд байгаа. Хөрөнгө оруулалтын зөвлөх компаниуд, зуучлагчдыг оролцуулаад Монголын топ компаниудын төлөөлөгчид ирж оролцож байгаад бид үнэхээр талархаж байна.

    -Энэхүү хурлын үргэлжлэл болсон ямар арга хэмжээг цаашид авч хэрэгжүүлэх вэ?

    -Мэдээж бид Бага хурлаа маш үр дүнтэй зохион байгуулахаар чармайж байна. Хуралд ирсэн төлөөлөгчидтэй холбоо тогтоон Лондонгийн хөрөнгийн биржээр дамжуулан санхүүгийн асар нөөц боломжид хүрэхийг зорьж, сонирхож буй компаниудтай цаашид хамтран ажиллах бүхий л бололцоог эрж хайх болно.

    -Лондонгийн хөрөнгийн биржийн бусад биржээс ялгарах онцлог, давуу талыг юү гэж тодорхойлох вэ? Лондонгийн хөрөнгийн бирж нь компаниудад олон төрлийн тусгай санхүүжилтийн боломжийг олгож байна.

    -Юуны өмнө бид олон улсын хувьцаа, үнэт цаасны маш том зах зээлд нэвтрэх боломжийг нээж өгч байна. Уг зах зээлд шинээр үүсч байгаа зах зээлд хөрөнгө оруулах сонирхолтой, уг зах зээлийг ойлгодог дэлхийд томоохонд тооцогдох Лондонгийн хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд холбогдсон байдаг. Үүний дараа онцлох зүйл нь бид компанийн засаглалын болон эрхзүйн маш өндөр стандартыг барьж ажилладаг. Гуравдугаарт, бид хөгжлийн янз бүрийн үе шатандаа яваа бүх төрлийн секторт ажиллаж буй компаниудад тохирох хөрөнгийн зах зээлийн олон төрлийн хувилбарыг санал болгож байна. (Main Market, AIM, Тусгай сангийн зах зээл болон Мэргэжлийн үнэт цаасны зах зээл) Цаашлаад бид компаниудыг олон улсын зах зээлд тухайлбал Европын зах зээлд нэвтрэх стратегийн зорилго зорилтоо хэрэгжүүлэхэд нь тусална. Лондон нь дэлхийн зах зээлд нэвтрэхийг хүссэн олон улсын компаниудын Европын холбоонд нэвтрэх гарц юм. Лондонгийн бирж нь санхүүжилт татахад хамгийн хямд санхүүгийн  төвд тооцогддог бөгөөд ялангуяа IPO хийхэд бусад биржтэй харьцуулахад зардал багатай байдаг. Үүнээс гадна бид Монголын компаниудад бирж дээр давхар листинг хийх (dual-listing) бололцоог олгож байна. Компаниуд нь Монголын хөрөнгийн биржээс гадна GDR хийх замаар Лондонгийн хөрөнгийн бирж дээр давхар бүртгэлтэй байх боломжтой. Одоогоор Орос болон бусад улсаас манай 100 гаруй компаниуд давхар листинг хийгээд байгаа. Ингэснээр дотоодын зах зээл дэх хувьцааны арилжааг идэвхжүүлж байна.

    -Монголын компаниуд Лондонгийн хөрөнгийн биржээс мөнгө босгохын тулд ямар шалгуурыг хангасан байх ёстой вэ? 

    -Бүртгэлийн шалгуурууд нь тогтсон стандарттай байх ба эдгээр шалгуурын зорилго нь бирж дээр бүртгэлтэй компани нь хөрөнгө оруулагчид ба хувьцаа эзэмшигчдийн шаардлагад нийцэж байх ёстой. Эдгээр шалгуур нь тухайн компанийн бүртгэлийн хэлбэрээс хамаараад олон янз байна. Ерөнхийдөө компани нь аудитлагдсан санхүүгийн тайлан, проспектус болон бүртгүүлэх хүсэлтийг тусгасан бичиг баримтуудыг танилцуулах хэрэгтэй байдаг. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл www.mongolianipo.mn хаягаар мэдээлэх авах боломжтой. Мөн хурлын үеэр энэ талын асуултуудад хариулахад бид бэлэн байх болно. Эцэст нь хэлэхэд бид бага хурлыг Улаанбаатар хотноо хамгийн сонирхолтой цаг мөчид хийж байгаадаа баяртай байгаа. Монголын эдийн засаг, хөрөнгийн зах зээлд хувь нэмрээ оруулахын тулд бид цаашид Монголын компаниуд, Засгийн газрын агентлаг ,байгууллагуудтай хамтран ажиллах болно.

    Ярилцсан Н.Ариунтуяа

    Лондонгийн хөрөнгийн биржийн Үнэт цаас, анхдагч зах зээлийн газрын захирал, хатагтай Треси Пирстэй хийсэн ярилцлагын монгол ба англи хувилбарыг The Mongolian Mining Journal сэтгүүлийн №024 дугаараас уншаарай.

    Зохиогчийн эрх:
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж