
Занаду Арт галерейд өнөөдөр “Сэтгэгдэлд төрсөн байгаль IV” нэртэй зураачдын хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийж байна. Дөрөвдэх жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэн ирэх сарын 12-ныг хүртэл үргэлжилнэ.
Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгсссөн долоон залуу уран бүтээлчид эх орныхоо үзэсгэлэнт байгалийг магтан дуулсан 30 шахам бүтээлээ дэлгэн харуулах аж. Тэд уран бүтээлээрээ нэгэнт олны танил болсон билээ. Тодруулбал, зураач А.Ууганбаяр “Хяргасын өглөө”, Э.Гансүх “Зочид”, Б.Эрдэнэбат “Үүлсийн чөлөөнд”, А.Анхбаатар “Уулын горхи”, Г.Амгаланбаатар “Судалбар”, Д.Халиун “Өглөөний нар” зэрэг сонирхолтой бүтээлүүд энэ удаагийн үзэсгэлэнд тавигдсан байна. Та эх орныхоо үзэсгэлэнт байгалийг нэг бүрчлэн хараахан үзэж амжаагүй байгаа бол уг үзэсгэлэнд ирснээр эх орноо өнгө будгийн гайхалтай зохицлоор хэрхэн дүрслэх урлагийн бүтээлд мөнхрөн үлдсэнийг харж болно. Хамгийн гол нь байгалийн сайхныг жинхэнэ мэргэжлийн уран бүтээлчид хэрхэн амилуулсныг таашаан үзэж, нүд сэтгэлээ баясгаарай.