Хогонд зориулсан 163 сая төгрөг салхинд хийсчээ

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Хогонд зориулсан 163 сая төгрөг салхинд хийсчээ

Өвөрхангай аймгийн засаг захиргаа, Арвайхээр хотын захирагчийн албанаас 2007-2008 онд хоймроо залсан хогийн цэгээ устгахаар шийдэж, хог хаягдлын талаар цогц бодлого боловсруулан ажиллахаар болж байсан билээ. Энэ ажлын хүрээнд  зүүн урдаа орон нутгийн төсөв болох 28 сая төгрөгөөр “Нам толгой” хэмээх шинэ хогийн цэг ”тохижуулж”, үүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилахын зэрэгцээ жилийн хийж хэрэгжүүлсэн гэх ажилдаа тод томруунаар тусгаж байсан.

Тухайн үед  “Нам толгой”-н төвлөрсөн хогийн цэгийг  25 га талбайд байгуулсан ба 1.7 м өндөртэй өргөст төмөр торон хашаагаар хүрээлэгдсэн 0.3-0.5 м зузаантай хөрс хуулсан хог хүлээн авах нэг байр, сахиулын байр тус тус барьж байсан юм.
Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Өвөрхангай аймгийн Засаг дарга нарын хооронд байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу улсын төсвийн 135 сая төгрөгийн хөрөнгийн оруулалт орж, үүнээс 100 сая төгрөгөөр нь тусгай зориулалтын техник худалдан авахаар тендер зарласаны дагуу “Стоун жайнт” компани нь хог зөөвөрлөх хоёр ширхэг, түрэх ачих зориулалтын нэг, буулгах нэг, нийт дөрвөн техник нийлүүлжээ. Гэвч эдгээр техникүүд нь Хотын захирагчийн албаны “Нээлттэй хаалга”-ны өдрөөр үзэсгэлэнд тавигдахаас өөр “хийсэн ажилгүй” байна.

Арван сая төгрөгөөр нь  “Нам толгой”-н хогийн цэгийг  ландфилл буюу “Хог хаягдал булах, устгах зориулалтын байгууламж, төвлөрсөн цэгийн төрөл, тэдгээрт тавигдах шаардлага, хог хаягдал булах, устгах үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны журам”-ын дагуу стандартад нийцүүлэн байгуулахад зарцуулахаар болсон байна. Гэтэл өндөр хүчин чадлын бульдозер дутагдалтайн  улмаас уг цэг ландфилл хийх хэмжээнд хүрч чадаагүй бөгөөд 10 сая төгрөг хаачсан нь бүү мэд.

Үлдсэн мөнгөөр нь хойд хогийн цэгийг дарж булахад зарцуулна гэж байсан ч өнгөрсөн оны зургадугаар сард хийсэн тус үйл ажиллагаанд 6 сая төгрөг зарцуулсан хэмээн холбогдох албанаас мэдээлсэн.

Өнөөдрийн байдлаар “Нам толгой”-н хогийн цэг ашиглалтанд орох байтугай хойд, баруун талын хэсгийн блокон болон модон шонгууд, хогийн цэг рүү нэвтрэх цэгт баригдсан барилгын дээвэр, хаалга цонх нь хамгаалтгүйгээс алдагдсан байна.  Сүр дуулиан болж, Арвайхээрийн ихэнхи хүн амыг дайчилж, оролцоогүй иргэдийг торгон байж  хумьж цэвэрлэсэн Түгийн овооны хогийн цэг өнөө л бахь байдгаараа “тарчихаж”.

Энэ байдалд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас үзлэг шалгалт явуулаад тодорхой албан шаардлага, дүгнэлтийг Арвайхээр хотын ахирагчийн албанд хүргүүлж байсан ч ор төдий зүйл байсан бололтой, дахиж хөндөгдсөнгүй.

Уг нь 2008 онд Түгийн овооны хогийн цэгийг дарж булах, тохижуулах ажлыг бүрэн хийж, Нам толгойн хогийн цэгийн ландфиллыг хийх явцад гарах шороог машинаар зөөвөрлөн дээгүүр нь тараан асгаж улмаар олон настын үр цацаж биологийн нөхөн сэргээлт хийнэ гэсэн маш “гоё” зорилтыг тавиж байсан билээ. Эдүгээ 2010 оны төгсгөл.

Үүний дээр 2007 оны зургадугаар сард Арвайхээр суманд Герман улсын техник хамтын ажиллагааны нийгэмлэгийн тусламжаар гялгар уут, хуванцар боловсруулах үйлдвэрийг ашиглалтанд оруулж, Дархан хотын гялгар уут хуванцар савны үйлдвэрт 2 хүнийг сурган дадлагажуулж, үйлдвэрийн түүхий эдийн бэлтгэлийн ажилд ажилгүй 30 хүнийг хамруулан ажиллаж байна хэмээн аймаг, сумын удирдлагууд хурал зөвлөгөөн дээр бахархалтай зарладаг байсан авч, өдгөө энэ ажлын үр дүн ямар төвшинд яваа талаар ганц үг ганхийхээ байжээ.

Замбараагүй хаясан хог хаягдлаасаа болоод өвчин томуу тусч, хот өнгө төрхөө алдаж байгааг “манайхан” хэдийн ухамсарласан ч хийж буй ажил нь иймэрхүү л байна даа.

Б.Батчимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж