Н.Энхбаяр “босохгүй” бол хөгжихгүй

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр “босохгүй” бол хөгжихгүй

Намбарын Энхбаяр МАХН-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн албыг  хашиж явсан хүний хувьд намынхаа 400 гаруй гишүүнийг цуглуулаад хэлэлцүүлэг хийчихэж. Намын гишүүд, дэмжигчидтэйгээ “уушги нээе” гэж бодож л дээ. Түүнийх нь төлөө манай сониныхон хөөрхийг “барьж идэх” шахсан нь хачин санагдчихлаа. Яг л хэн нэг нь “Ингэж баалаарай” гээд заагаад өгчихсөн юм шиг нэгэн зэрэг үгийн муугаар булцгаах нь сэжигтэй. Үл үзэгдэх удирдаачийн заавраар дохиур аяндаа хөдөлж, түүгээр нь муу ёрын аялгуу урсах мэт эвгүй гэдэг нь.

Уг нь хэлэлцүүлэг зохион байгуулснаараа Н.Энхбаяр  ямар гэм хийчихсэнийг баталж нотолсон юм алга. Тэгсэн мөртлөө л “Аан, чи С.Батболдын эзгүйд яана гэнэ ээ” хэмээн сэлэм эргүүлээд байхаар сэжигтэй санагдахаас яах вэ. Н.Энхбаяр өнөөдөр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч гэдгээс өөр хэн ч биш. Мэдээж МАХН-ын гишүүн, бас бус ТББ-ын гуншин байдаг л байх. Гэхдээ МАХН-ын 400 гишүүнийг ийм байр суурин дээрээс цуглуулчихаж дөнгөнө гэдэг сонин юм шүү. Бүгд л Н.Энхбаяр муу гээд л зугтах нь холгүй байсан нь яалаа. МАХН-ын удахгүй болох Их хурлаар 801 гишүүн цуглах учиртай. Бага хурал нь одоогоор 240-өөд гишүүнтэй. Гэтэл Н.Энхбаяр дангаараа Их хурлын гишүүдийн тэн хагасаас илүүг “дуудчихаж” дөнгөжээ.  Том байгаа биз дээ. МАХН-ынхан Бага хурлаараа 240 хүрэхгүй гишүүний ирц бүрдүүлчихээд “хуран чууллаа” гээд л сүржигнэдэг.  Тэд арай 400-г 240-өөс бага гэхгүй байлгүй дээ. Тооны хувьд ийм байна.

Цар хүрээ, хэлэлцүүлгийн үр дүн ямар байсныг харцгаая. Н.Энхбаярын цуглуулсан 400 хүнээс хэн нь ч Н.Энхбаярыг, МАХН-ыг магтан дуулсангүй, саймширсангүй. Тэнд халуун алга ташилт ч нижигнэсэнгүй. Зөвхөн МАХН буруу замаар явах вий гэсэн эмзэглэл, Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны алдааны талаарх эмгэнэлийг гунигтайяа өгүүлж байлаа. Н.Энхбаярын 400-гийн хэлэлцүүлэг “Ухрах уу, урагшлах уу” сэдэвтэй байсан. Ерөөсөө энэ л чухал болохоос С.Батболд, У.Хүрэлсүх гэж нэр цохон муулж, төнхсөн хэрэг биш. Тиймээс үүнийг улс төрийн үймээн самуун гэхээсээ илүү нам гэгч амьд организм дотор байх ёстой дотоод ардчиллын үйл явц гэдгээр тайлбарлавал зөвдөх биз ээ. Санал шүүмжлэл хэлсэн хүмүүс ч голыг нь олж, тэгэхдээ бүр С.Батболдтой, С.Баяртай хурлуудад хэлээ­гүйгээ хэлсэн байна билээ.

МАХН-ын үзэл баримтлал өөрчлөгдөнө гэдэг нь Монгол орны ирээдүйн зам мөртэй хүссэн, хүсээгүй заавал холбоотой юм. Зааглаж, заазлахыг оролдож байгаа ч гэсэн одоохондоо холбоотой байхаас аргагүй байгааг улс төр хийдэг, хийдэггүй хэн бүхэн мэдэж байгаа.  Тэр ч байтугай МАХН-ын Их, Бага хурлууд хоёр хөршийн улстөрчдийн, төрийн эрх баригчдын анхаарлын төвд байдаг. Учир нь төрийн бодлого, улс орны хөгжлийн чиг хандлагаараа холбоотой болохоор тэр. Түүнээс биш Н.Энхбаяр С.Батболдын “араар тавьсан” эсэх нь тэдэнд сонин биш л дээ.

Ямартай ч Н.Энхбаяр намынхандаа хаягдаагүйгээ харууллаа. Одоо хувьсгал хийсэн ч, эс хийсэн ч танд нөхөд байгааг мэдэрсэн биз дээ. Ойлгож байна л даа, Ерөнхийлөгч байсан хүний дотор байтугай эрэгтэй хүүхдийн дотор хүртэл “Эмээл хазаартай морь эзэнтэйгээ багтдаг” юм гэнэ билээ.  Н.Энхбаярын дотор одоо намын даргын суудлыг эзэлчихвэл цаг хугацааны машинд суусан мэт өнгөрсөн үеэ эргүүлж авч ирж болмоор санагдаж байгаа байх. Гэхдээ 2000-аад оны улс төр, 2010 оны улс төрийн хооронд айхавтар том ялгаа байна шүү гэдгийг болгоох биз. Магадгүй, зам дээр гараа өргөөд зогсч байтал цагийн салхи эргэж бүх юм санаснаар нь болж ч мэднэ. Учир нь түүнийг эсрэг чиглэсэн энэ том дайсагналын хар пиарт пологтсон олон нийт зөрүүдэлж хоёр гараа өргөн сонгочих ч юм бил үү. Амьдралд санаандгүй зүйл зөндөө л байдаг шүү дээ. Хийморь лүндаа нь  хаячихаагүй байна. Н.Энхбаярын толгой, түүний хүмүүс сайн ажиллаж байна гэхээс өөр юу хэлэх вэ. 

Н.Энхбаярын тухай нэгэн богинохон анекдот байдаг шүү дээ. Н.Энхбаяр гар утсаараа хэн нэгэн рүү залгасан чинь “Уучлаарай, шугам чөлөөгүй байна. Та түр хүлээгээд дахин залгана уу” гэсэн хариу өгч. Тэрбээр уурсан “Би Ерөнхийлөгч Н.Энхбаяр байна” гэсэн гэж. Хөөрхий тэрбээр өндөр суудлаас буусны дараах өдрүүдэд яг л ингэж хашгирмаар байсан байх. Гэвч ухаант хүний хувиар хэсэгхэн бодоод “Ямар нэг зүйл хийхгүй бол би хэзээ ч хуучин байр суурин дээрээ очихгүй” гээд хөдөлж эхэлсэн нь энэ биз ээ. Үнэн. Өндөг ч гэсэн тоншихгүй  бол хагардаггүй шүү дээ. Дээрх хэлэлцүүлгийг зохион байгуулаагүй бол Н.Энхбаярыг хэн ч яах ч үгүй. Юм хийж байгаа л бол шүүмжлүүлдэг. Шүүмжлүүлж байгаа бол амьд байна гэсэн үг. Н.Энхбаяр амьд байгаа цагтаа дуугүй суухгүй биз ээ.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж