
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Ц.Хурц Англид авлигын хэргээр баривчлагдсан талаар хэвлэлүүдэд мэдээлэл гараад байна. Түүнийг хэдэн жилийн өмнө иргэн Дамирангийн Энхбатыг Европын хэд хэдэн орноор дамжуулан манай хүчний байгууллагынхан хулгайлж авчирсан хэрэгт холбоотой хүний нэг гэсэн мэдээлэл гарчээ. Уг мэдээллийн талаар тодруулахаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанд хандсан боловч үүдээрээ ч нэвтрүүлсэнгүй.
Хамгаалалтын ажилтан хоёр ч удаа сэтгүүлч асууж тодруулах ажлаар нэвтрэх зөвшөөрөл хүсч байна хэмээн ажлын албаныханд хэлсэн боловч тухай бүр “Боломжгүй” гэсэн хариултыг станцаар өгч байлаа. Энэ талаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболдоос тодруулах гэсэн ч тэрбээр хөдөө ажлаар яваад Төрийн ордонд ирээгүй байв. News.mn сайт дараагийн удаа энэ талаар эх сурвалжаас тодруулсан мэдээ хүргэх болно.
Д.ОЮУН