Тэднийг Ерөнхийлөгч “учруулжээ”

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Тэднийг Ерөнхийлөгч “учруулжээ”

Нийслэлийн Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ, шинээр сонгогдсон дарга Ш.Түвдэндорж нар нийслэлийн намын даргын сонгууль болсноос  хойш арав хоногийн дараа тамга тэмдгээ хүлээлцэв. Энэ сарын 18-ны өдөр болсон нийслэлийн Ардчилсан намын даргыг сонгох сонгуулиар Ш.Түвдэндорж нь 91 хувийн саналаар Нийслэлийн намын дарга болсон ч С.Эрдэнэ санал хураалтын явуулсаныг эс зөвшөөрч, дүрмийн бус уг сонгуулийн тухай намынхаа Хяналтын ерөнхий хороонд гомдол мэдүүлнэ гэдгээ хэвлэлийн бага хурал дээр зарласан билээ.

Ш.Түвдэндорж нь ч гэсэн өөрийг нь намын даргаар сонгосон уг хурлыг хүчин төгөлдөр гэж үзэж байгаагаа тухайгаа хэвлэлээр байр сууриа илэрхийлсэн. Гэвч өчигдөр хоёр нөхөр гэнэт хэвлэлийн бага хурал зарлаж, хоёр тийш нь хуйлруулаад байсан нөгөө олон хэвлэлийнхнийхээ өмнө тамга тэмдэг, албан тушаалаа авч өгөлцлөө. Үүнийхээ шалтгааныг “Намынхаа эв нэгдлийг бодоод, намын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөснөөр” хэмээн тайлбарласан. Үнэхээр ч Ардчилсан намын генсек тамга тэмдгээ авч өгөлцөж буй хоёрын ард алгаа хавсарчихсан зогсч харагдсан. Харин тамга тэмдэг хүлээлцсэний дараа хуучин шинэ дарга нарын хэлсэн үг бас л зөрүүтэй хэвээр харагдана лээ. Мөн тэднийг ингэж учруулсан хүн нь Ардчилсан намын дарга ч бус, генсек Д.Эрдэнэбат ч бус, харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэнэ.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Ерөнхийлөгч заргалдагч хоёрыг хамтад нь өрөөндөө дуудаж уулзжээ. Ерөнхийлөгч ч гэсэн тэдний адил МоАХ-оос угшилтай. Тэгэхээр Ардчилсан намын нэр хүнд биш юмаа гэхэд МоАХ гэдэг фракцийн бүрэн бүтэн байдлыг бодолцон тэднийг эвлэрүүлсэн хэрэг. Эсвэл “Улсын ерөнхий прокурор дээр Дорлигжав байгаа шүү, нөхөд минь. Жаахан даруулгатай байгаарай” гэдэг сануулгыг зарим нэг хүнд өгсөн байхыг ч үгүйсгэхгүй.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж