Баруунбаян-Улаан сум нутгаа сурталчилав

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Баруунбаян-Улаан сум нутгаа сурталчилав

Өвөрхангай аймаг үүсч байгуулагдсаны 80 жилийн ой ирэх 2011 онд тохионо. Ойн баяраа угтсан үйл ажиллагаанууд шат дараалан хийгдэж байгаагийн нэг хэлбэр нь “Миний нутаг сайхан” сум сурталчилах өдөрлөгийн арга хэмжээ юм.

Энэ томоохон үйл ажиллагааны “салхийг хагалж” Баруунбаян-Улаан сумын сум сурталчилах өдөрлөг боллоо.

Аймгийн төв Арвайхээр хотоос 185 км-ийн зайд орших Баруунбаян-Улаан сумын уугуул овог удмын үүсэл нь Чингис хааны алтан ураг буюу түүний бага Тулуйн удамынхан юм хэмээн түүх, номонд бичигдсэн байдаг. Чингис хаанаас нааших 16 дахь үеийн ач хүү Гэрсэнзийн удам угсаа болоод ноёлож асан засаг хошуунд эдүгээгийн Баруунбаян-Улаан сум хамаардаг бөгөөд он цагийн уртад хөгжиж явсаар 1931 онд Баянулаан, Хөхбүрд гэсэн хоёр сумыг нэгтгэн Баруунбаян-Улаан хэмээх нэгэн сумын үүсгэсэн түүхтэй юм.

Тус сумаас өдөрлөгийн арга хэмжээнд 70 орчим хүн ирж оролцсон ба сумын нийгэм, эдийн засаг, онцлог, ард иргэдийн амьдрал, үзэсгэлэн төгөлдөр тал хээр бүхий нутгаа сурталчилсан үзэсгэлэн, “Миний нутаг сайхан” тоглолтыг зохион байгууллаа.

Мөн Арвайхээр хотод оршин суугаа нутгийн уугуул 150 орчим иргэдийг хамруулсан “Чин сэтгэлийн ярилцлага” арга хэмжээг зохион байгуулж энэ үеэр Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдээ шинээр сонгосон байна.

Тус сумын талаар цөөн үгээр дурьдахад,
– Сумын суурин хүн амын тоо 2009 оны жилийн эцсийн байдлаар 2560 болж, нийт хүн амын 55.6 хувь нь залуу болон идэр насныхан, 39.1 хувь нь 16 хүртлэх насны  хүүхдүүд, 5.3 хувь нь 60-аас дээш насны хөгшид байна. Өрх 690 болж , 82 % нь хөдөөд, 18 хувь нь, сумын төвд  суурьшсан байна.

-Баруунбаян-Улаан сумын нутаг дэвсгэр 3941.1 км2, говь, тал хээрийн амьсгал голлосон говийн мужлалд багтдаг, дэлхийн зүүн уртрагийн 101-102, хойт өргөрөгийн 45, далайн түвшнээс дээш 1512 метрт оршдог.

-Сумын хамгийн өндөр цэг Зүүн Богдын тэргүүн 3590 м, нам цэг Таацын Цагаан нуур 1234 метр юм.

-Хойд талаараа Нарийнтээл, Хайрхандулаан, зүүн талаараа Гучин-Ус, урд талаараа Богд, Өмнөговь аймгийн Сэврэй, Баянхонгор аймгийн Баянлэг, баруун талаараа, баруун талаараа Баянхонгор аймгийн Богд, Өлзийт сумтай тус тус хиллэдэг.

Б.Батчимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж