Гоё харагдуулах нь Монголбанкны үүрэг үү?

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Гоё харагдуулах нь Монголбанкны үүрэг үү?

Монголбанкны Захир­луу­дын зөвлөл өнгөрсөн пү­рэв гарагт хуралдаж, бод­логын хүүгээ бууруулах эсэх талаар ярилцсан. Энэ оны эхний хагаст эрчимтэй нэ­мэг­дэж байсан инфляцийн өсөлт түр саарч сүүлийн хоёр сард тогтворжсон нь тэд­нийг энэхүү эмзэг сэдвээр орол­доход хүргэсэн байна. Инфляци хоёр оронтой тоо­ноос давсан буюу мэргэж­лийн хэллэгээр цогиж бай­гаа энэ үед бодлогын хүүг буу­руулах талаар хөндсөн нь хачирхалтай. Үндэсний ста­тистикийн хорооны мэдээгээр өдгөө улсын хэмжээнд инф­ляци 11.2 хувьтай байгаа. Үүнтэй зэрэгцээд төрийн ал­бан хаагчдын цалин, тэт­гэвэр тэтгэмжийн хэмжээг ирэх сарын 1-ээс эхлэн 30 хувиар нэмэх шийдвэрийг Зас­гийн газар гаргаад байна. Мөн иргэдэд бэлэн мөнгө та­раах ажил ч үргэлжилж буй. Тө­сөв ийнхүү тэлж байгаа нь инф­ляци буурахгүй гэсэн үг. Үүнийг тогтоон барих ганц арга нь бодлогын хүүг чанга байлгах. Гэтэл бодит нөхцөл байд­лыг мэдсээр байж Мон­гол­банкныхан бодлогын хүү­гээ бууруулах тухай ярьж бай­гаа нь анхаарал татаж бай­на. Хэдийгээр энэ удаад 11 хувиа хэвээр хадгалах шийд­вэр гаргасан ч оны эцэст нэг хувиар бууруулна гэд­гээ албан ёсоор мэдэгд­лээ. Ингэж яах нь вэ. Инф­ля­ци өндөр байх нь Монгол­банк­ныханд ашиггүй л байл­тай. Төсвийн бодлогын ал­дааг мөнгөний бодлогоор зо­хи­цуулахаас өөр аргагүй гэдгийг Олон улсын валютын сан, Дэлхийн банкныхан сүү­лийн хэдэн жил ой тойнд нь шингэтэл хэлж байгаа. Өн­гөрсөн хугацаанд  тэд УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Мон­голбанкны ерөнхийлөгч нарт хямрал дахих эрсдэл ойр­хон байгааг удаа дараа са­нуулсан. Ингээд зогсохгүй УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан, Тэр­гүүн шадар сайд, АН-ын дар­га Н.Алтанхуяг нартай хүртэл биечлэн уулзаж, инфляцийг хөөрөгдөх гол шалтгаан болж буй халамжийн хөтөл­бө­­рүүдээ эргэн харахыг зөв­лөсөн нь саяхан. Намууд ч яах вэ. Ам алдсан бол барьж бол­доггүйн үлгэрээр иргэдэд тараах мөнгөө жижиглэж, бутар­гаж, зүсийг нь хувирган янз бүрээр л аргалахыг орол­дож байна. Харин Монголбанкныхан яагаад тэд­нээс зөрж давхих болов гэдэг нь сонин байна.

“Банкны тухай хуулийн ши­нэчилсэн найруулгаар Төв банк Засгийн газраас ха­­раат бус боллоо. Одоо бид жинхэнэ бие даасан бод­­лого хэрэгжүүлнэ” гээд л хөөрцөглөж байсан биш би­­лүү. Гэтэл одоо Засгийн газ­­рын “инфляци хөөрөгдөх” бод­­логыг дэмжээд бүр бод­логын хүүгээ бууруулж, дэмж­лэг үзүүлэх нь тодорхой бол­­лоо. “Цалин нэмснээр инф­ляци өсдөггүй. Гагцхүү ху­ваа­рилалтыг зөв хийх нь чухал” гэж цэцэрхэх хүн олон. Ялангуяа үйлдвэрчний эв­лэлийнхэн цалин нэмүү­лэхийн тулд дээрх үгийг мянган­таа давтаж байв. Уг нь Засгийн газар цалин нэмэх­гүй гар татаж байх үедээ инфляци юунаас болж өсдгийг мэддэг байсан гэ­хэд болно. Өөрөөр хэлбэл, тэд “Инфляци өснө” гэсэн хоёрхон үгээр л ам таглан мөнгө гаргахаас татгалздаг бай­сан шүү дээ. Харин одоо нэгэнт цалин, тэтгэвэр нэ­мэх шийдвэр гаргачихсан боло­хоор өөрсдийнхөө алхмыг зөв болгон харагдуулах ёстой болсон нь лавтай. Энэ Засгийн газрыг хамгийн буян­тай байгууллага бол­гож харагдуулахын тулд Мон­гол­банк ч “хувь нэмрээ” оруулаад эхэллээ. Өнгөрсөн пүрэв гарагт болсон хурлын үеэр Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан, Мөнгөний бодлого, судал­гааны газрын захирал Д.Болд­баатар нар “Цалингийн нэмэг­дэл инфляцид нөлөөлж бол­­зош­гүй. Үнэ өсөх хүлээлт, өс­гөх эрмэлзэл нэмэгдэнэ” гэдгийг хүлээн зөвшөөрч бай­сан. Гэсэн ч “Оны эцэст бод­логын хүүгээ нэг хувиар буу­руулна” гээд байгаа нь учиртай. Зарим хүн бод­логын хүүг ганц функтээр дээш, доош хөдөлгөхөд инф­ляцид сүртэй нөлөө үзүү­лэх­гүй гэж үзэж магадгүй. Тэг­вэл өнгөрсөн тавдугаар сард ид гаарч байсан инф­ляцийг тогтоон барихад бод­логын хүүг нэг функтээр нэ­мэгдүүлсэн нь чухал үүрэг гүй­цэтгэснийг бүгд л мэдэж бай­гаа. Ярьж ч байгаа. Харин өдгөө инфляцийн өсөлт түр зогссон болохоос буураагүй шүү дээ. Тэгэхээр ийм нөх­цөлд хүүгээ бууруулах нь оновч­той шийдвэр мөн гэж үү. Донор байгууллагуудын хувьд зөвшөөрөхгүй нь лав. Засгийн газар бүгдийг мэдэж байгаа болохоор тэдний зөв­шөөрөх эсэх ч хамаагүй байх. Тэгээд ч өдгөө “Бид өөрс­дийн гэсэн бодлоготой. Бус­дын зааварласан болго­ныг биелүүлэх албагүй” гэх хүн энэ төрд олон бол­сон. Уг нь зөв замаар явж байвал ингэж томрох тийм ч муу зүйл биш л дээ. Гэхдээ дэлхий нийтэд хү­лээн зөвшөөрөгдсөн онол, туршлага гэж бий. Мөн зайлшгүй дагахаас өөр замгүй хувилбар ч бий. Тодорхой хэлбэл, инф­ляци хоёр оронтой тооноос буураагүй, цаашид өсөх эрсдэл өндөр байгаа нөхцөлд ямар ч улс бодлогын хүүгээ бууруулдаггүй. Донор байгууллагуудын зөвлөгөөнд эгдүүцмээр зүйл байдаг ч гарцаагүй үнэн ч бий. Тэд би­­дэнд хангалттай зөвлөгөө өгдөг. Харин бид тэр болгонд авах гээхийн ухаанаар хандах учиртай.

Олон улсын валютын сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч асан Бьюнг Ген Жанг:

-Засгийн газрын нийт зарлага 2007 онд өмнөх оныхоос 60 хувиар нэмэгджээ. Харин 2008 онд гурав дахин нэмэгдээд байна. Нийгмийн халамжийн зардал хурдацтай өсч байгаа нь үнийн хөөрөгдлийг дагуулж байна. Мөн халамжийн мөнгө шаардлагатай хэсэгт чиглэж чадахгүй байна. Тиймээс энэ төрлийн зардлыг багасгах, мөнгөний хатуу бодлого барих шаардлагатай. 2008.03.11  

Олон улсын валютын сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Пармешвар Рамлоган:

-Энэ оны төсвийн тодотгол нь Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн дагуу хүлээсэн үүргээ зөрчихөд хүргэж байна. Үүнээс үүдэн бид хөтөлбөрөө цаашид хэрэгжүүлэхэд хүндрэл үүсч мэдэх юм. 2010.05.17 

Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч асан Аршад Саиед:

-Одоогийн байдлаар Монгол Улсын эдийн засаг тогтвортой байгаа. Гэхдээ халамжийн нэрээр инфляцийг хөөрөгдсөн хэвээр байна. Ганцхан сонгуулийн амлалтыг биелүүлэхийн тулд гурван жилийн татвараа үрэх болно. Үүний оронд тэр мөнгөөр үйлдвэрлэл, дэд бүтцээ өргөжүүлэх, эрүүл мэнд, боловсролын салбараа дэмжвэл илүү үр өгөөжтэй. 2010.07.22

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан:

-Инфляцийн тогтвортой байдал хойшид ч хэвээр байх боломжтой. Бид сүүлийн дөрвөн сарын турш цалингийн өсөлт инфляцид нөлөөлөхгүй байх арга хэмжээ авсан. Тиймээс бодлогын хүүгээ ирэх оны эхэнд нэг хувиар бууруулах болно. 2010.09.24

Ч.ДАШДЭЛЭГ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж