
-Та өөрийгөө болон энэ халтар арвайнхаа тухай танилцуулахгүй юу?
– Баруунбаян-Улаан сумын харъяат, 1-р багийн малчин С.Батбаатар гэж хүн байна. Би Таацын халтар арвай гэдгээрээ алдартай энэ арвайг тариалаад 5 жил болж байна. Өвөг дээдсээсээ уламжлан ирсэн аргаар буюу гар чулуун тээрмээр тээрэмдэж арвайн гурил гаргадаг. Аймгийн “Түншлэл-2009”-өөс арвайгаараа брэнд бүтээгдэхүүний шагнал авсан. Энэ удаа “Миний нутаг сайхан” өдөрлөгт зөвхөн үзүүлэн маягаар авчирсан ч хүмүүс нэлээн авч байна. Таацын голын арвай, Тахь нугын тэмээ, Арц Богдын ямаа гээд брэнд олонтой шүү манайх,
– Арвайгаа ямар үнээр зарж байна вэ?
– 1-р гурил нь 5000, 2-р гурил нь 4000 төгрөгийн үнэтэй. Жижиглэнгээр нь 200-300 төгрөгөөр зардаг. Арвайн гурил нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулах, ходоод дотор эрхтэнд сайн байдаг. Хүмүүс 2-р гурил буюу нэг тээрэмдсэн бүдүүн ширхэгтэй гурилнаа нь их авч байна.
-Арвайн гурил хийж байгаа аргачлалаасаа хэлвэл…?
– Арвайг тариалж тээрэмдэх ажиллагаа их хүн шүү дээ. Тариагаа хураагаад ишийг нь нүдэж бутладаг. Дараа нь буталсан ишээ салхинд замарч цэвэрлээд цогноно. Нэг цогноход иймэргүү бүдүүвтэр болдог юм. Цайг их сайхан амт оруулна даа.
-Цогноно гэж юу гэсэн үг вэ?
– Хуурна гэсэн үг. Ширмэн тогоонд хуурдаг Бид ингэж 1,2-р арвайн гурил гаргахаас гадна ишээр нь малын хивэг боловсруулж байгаа.
-Борлуулалт хэр вэ?
– Борлуулалт өндөр. Захиалгаар л дуусчихдаг юм. Манай сумынхан хийж дуусаагүй байхад л өөрсдөө ирээд авчихдаг. Дэлгүүрээр тавих шаардлагагүй
-Жилд хэр хэмжээний арвай авч байна?
– Манай 1-рб агаас хэдэн хүн нийлж “Баян дөхөм” хоршоо байгуулаад хамтарч ажиллаж байгаа. Жилд 1 тонн гаруй тариа хурааж хуваадаг. Миний хувь 200 орчим кг тариа авдаг. Миний чадал л тэр. Хүн хүчтэй бол илүү авах боломжтой. Бид үүнийхээ хажуугар малаа бодож овъёос тарина.
-Хүндрэл бэрхшээлтэй зүйл гарна биз?
– Эдийн засаг хэцүү. Мөн хамгийн их тулгамддаг бэрхшээл бол ус юм. Бид гар сувгаар усалж тарьдаг юм. Таацын гол 8 сар гээд л ширгэчихнэ. Тэрнээс өмнө тариж ургуулах шаардлагатай байдаг. Ид л ургаж байтал гол тасарчихна. Ер нь бол гүн өрмийн худаг их хэрэгтэй байна.