Алдарт реппер, продюсер Жей-Зи Английн хөлбөмбөгийн Премьер лигийн “Арсенал” клубт хөрөнгө оруулах бодолтой байгаагаа илэрхийлжээ. Дуучин Бейонсегийн нөхөр, реп суперстар гэгддэг Жей-Зи өдгөө NBA-ын “Нью Жерси Нэтс” багийн хувьцаанаас эзэмшдэг бөгөөд өөрийн хөрөнгөөс 500 сая фунт стерлингтэй тэнцэхүйц хэмжээний мөнгийг “Эмират” цэнгэлдэхэд хөрөнгө оруулах бололтой. Тэрбээр “Арсенал” клубын улаан фен болсоор таван жилийг ардаа үдсэн гэнэ. Жей-Зи “Би хөлбөмбөгийн бизнесийн талаар мэдлэг маруухан хүн. Гэхдээ ирээдүйд ямар сайхан завшаан олдохыг хэн ч мэдэхгүй. Би бол бизнесмен хүн, сайхан боломжийг алдахгүй шүү” хэмээн ярьжээ. Мөн тэр “Тьерри Анриг Арсеналд тоглож байх үед би түүнийг авьяаслаг хөлбөмбөгч гэж боддог байлаа. Тэр үеэс эхлээд би Арсеналын үнэнч хөгжөөн дэмжигч нь болсон. Одоогийн Арсеналын бүрэлдэхүүнд Жей-Зигийн фен байгаа эсэхийг мэдэхгүй юм. Хэрэв байгаа бол намайг Лондонд очиж тоглох үеэр тэд намайг үзэхээр ирэх байх. Тэд ганц тоглолт үзээд зогсохгүй миний хэрхэн яаж ажилладгийг харах болно шүү дээ” гэжээ.
С.Цэлмэг