“Мөнхийн залуу хайр” хэв маягийг эвдсэн

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

“Мөнхийн залуу хайр” хэв маягийг эвдсэн

“Мөнхийн залуу хайр”, “Нутаг”, “Санахын айзам”, “Ухаарлын уянга”,
“Хувьтай айлын бэр” зэрэг дуугаараа олны танил болсон дуучин
Д.Бямбажавтай ярилцлаа.

-Дуучин Бямбажав сүүлийн үед яагаад чимээгүй болчихов оо. Таныг тун
удахгүй цомгоо гаргаж, тоглолт хийх гэж байгаа гэж сонссон. Хүмүүс
танаас “Мөнхийн залуу хайр”, “Нутаг” шиг сайхан уран бүтээл хүлээж
байгаа нь лавтай?

-Би цаг үедээ тохирсон, цаг хугацааны шалгуурт тэнцсэн бүтээл л хийхсэн
гэж боддог. Түүнээс биш тооны хойноос хөөцөлддөггүй. Нэг бодлын хувь
хүний маань зан характер ч үүнд нөлөөлдөг байх.

-Дуучин Бямбажав ер нь ямар зан характертай хүн бэ?
-Миний хувьд гүндүүгүй, хэнэггүй талдаа хүн шиг байгаа юм. Буриадаар
бол “За болох юм ааб даа, яахам дээ болно биз дээ” л гээд явж байдаг,
нэг тийм аанай алгуур хүн. Анчин гэж бодвол энэ жил нас бие гүйцсэн
гахай буудчихлаа, ойрын хоёр гурван жилдээ дахиж агнахгүй дээ гээд сууж
байх жишээтэй. Хувь хүний характераас уран бүтээл их шалтгаалдаг юм шиг
санагддаг.

-Тэгвэл та өөрийгөө хэт алгуурлалаа, уран бүтээл ид хийх хоёр, гурван жилээ алдлаа гэж боддоггүй юу?  

-Үгүй дээ. Тэгж харамсах юм огт алга. Би бусад уран бүтээлчдээс өөр.
Бямбажав гэдэг хүнд эцэг, эхээс заяасан өөрийн гэсэн хоолой, царай
төрх, зан характер бий. Энэ бүхэн маань хэнтэй ч адилгүй. Миний хувьд
сүүлийн гурван жил уран бүтээл хийгээгүй. Ар гэрийн амьдралаа
төвхнүүлэх, урлагаас өөр салбарт үйл ажиллагаа эрхэлж, залуу хүний
хувьд юу чаддагаа үзье, хийж бүтээе гэж бодсон. Энэ зорилгодоо хүрэхийн
төлөө чармайж зүтгэсэн. Гурван жил гэдэг урт хугацаа мэт боловч маш
хурдан өнгөрчээ.

-Гэхдээ өнгөрсөн хугацаанд уран бүтээлээ бүр хаяагүй биз дээ. Дуучин
хүний хувьд хоолойгоо байнгын бэлтгэлтэй байлгахаас эхлээд хувийн
дэглэм хэрэгтэй биз?

-Надад эцэг, эхээс өвөрмөц сайхан хоолой заяасан. Хэзээ ч дуулсан
бэлэн. Төрөлхийн, байгалийн гэмээр нэг юм байдаг юм. Түүнээс биш нэг их
гамм уншаад байдаггүй. Өнгөрсөн хугацаанд уран бүтээлээ орхиогүй ээ.
Хүмүүс чөлөөт уран бүтээлчээ хийж байна уу гэдэг. Би чөлөөт уран
бүтээлч гэж хэлүүлэх дургүй. Албан ёсоор аль нэг чуулга, театрт
харьяалагдана уу, хувиараа уран бүтээлээ хийнэ үү, эцэстээ чанар нь
адилхан. Аль нэг байгууллагад харьяалагддаг нь эрх чөлөөгүй, хувиараа
туурвиж байгаа нь чөлөөтэй уран бүтээл хийнэ гэвэл өрөөсгөл. Тиймээс
уран бүтээл өндөр үү гэж асуувал илүү сайхан санагддаг. 

-Тэгвэл танаас уран бүтээл өндөр үү гэж асууя. Өнгөрсөн гурван жилийн гол уран бүтээл юу байна вэ?
-“Санахын айзам”, “Асгал хайр” гэж дуунууд байна. 1937 оны
хэлмэгдүүлэлтийн тухай “Реквием” гэж дуу дуулсан. Мөн Дорнодод өсч
өндийсөн хүний хувьд “Мэнд амар”, “Зүүдний Дорнод” зэрэг дууг дуулсан.
“Хангайн дуу” зэрэг дээр үеийн сайхан дуунуудаас дуулах санаа байгаа.
Бямбажав гэдэг хүн хэдийгээр урлаг, соёлын тайзнаасаа түр хөндийрсөн ч
аав, ээжээс заяасан хоолой байгаа учраас уран бүтээлээ хийнэ, тоглолтоо
тавина. Найз нөхөд ч тэр, жирийн ард түмэн ч тэр миний хэдэн дууг
мартахгүй дуулж, сэтгэлдээ тээж явдагт баярладаг. Тэд “Хөөе, та яагаад
алга болчихов. Уран бүтээлээ хийгээч” гэдэг. Олон нийтийн дунд ийм
хүлээлт байна. Энэ нь надад хамгийн сайхан санагдаж, урам өгч байгаа. 

-Урмын ташуураар ороолгуулсан хүн бүтээлийн ганзага хоосонгүй байгаа байх. Одоо ямар уран бүтээл хийж байна вэ?
-“Алаг нүдэн хань”, “Богд Дүнжингарав” зэрэг дууг дуулаад байна. Мөн
буриад зоны сайхан дуунуудыг дуулна. “Янаг дураа гамнаарай”, “Тоонот
нутаг”, “Дангийна” гээд буриад дуунуудыг уран бүтээлийн сандаа оруулна
гэж бодож бэлтгэж байна. Энэ бүх шинэ уран бүтээлээрээ “Мэнд амар”
гэдэг нэртэй цомог гаргана. Мөн тоглолтоо хийж ард түмэндээ уран
бүтээлийнхээ тайланг тавина даа. Хүмүүсийн ярьдагаар амьд тоглолт
хийнэ. Уг нь амьд тоглолт гэж ярих нь оновчгүй санагддаг. Өөрийнхөө
хоолойгоор, бодит байдлаар дуулна гэмээр юм уу даа.

-Зохиолын дуучид борооны дараахь мөөг шиг олноор төрөн гарч байна.
Өнөөдөр дуулсан дуугаа маргааш гэхэд хит болгоод л. Нөгөөдөр нь тэр
дуучин өөрөө од болж гялалзах мөрөөдөлтэй байдаг бололтой. Ямар ч
байсан уран бүтээлчид их хурдтай, өрсөлдөөнтэй болж. Хурд, өрсөлдөөн
гэдэг сайн уран бүтээл туурвих хөшүүрэг мөн үү?  

-Хүн хүний бодол өөр. Хүн бүр өөр өөрийн давтагдашгүй гарын хээтэй,
түүн шиг өөрийн гэсэн үзэл бодолтой. Миний хувьд бол бурханаас заяасан
заяа төөргөөрөө л явна даа гэж боддог. Заавал хэн нэгэнтэй өрсөлдөх
шаардлагагүй. Тэд хийж бүтээж байна, цаг хугацаа явж байна. Мэдээж
бусад уран бүтээлч хийж бүтээж л байна. Хүн өөрөө эрүүл мэндээ
хамгаалъя гэвэл чанартай бүтээгдэхүүн  худалдан авах нь зөв. Үүн шиг
уран бүтээлч хүн бусдад хэрэгтэй, чанартай зүйл л үлдээх хэрэгтэй. Би
байхгүй болсон ч, хэчнээн цаг хугацаа улирсан ч миний бүтээлүүдийг хүн
сонсч байвал боллоо. Тиймээс би бусадтай өрсөлдөж, уралдаад л, тэднээс
илүү гарах гэж хүчтэй тэсрэлт хийгээд байя гэж хичээдэггүй. Хэт өндрөө
авсан болжмор буухдаа хөлөө гэмтээдэг гэдэг үг бий. Би тэгж л боддог.
Гэхдээ өнөөдөр урлаг, соёлын салбарт хийж бүтээж байгаа хүмүүсийг
муулахыг хүсэхгүй.

-Хамгийн сүүлд гурван жилийн өмнө бие даасан тоглолтоо хийсэн билүү?
-Тийм. 2007 онд Соёлын төв өргөөнд “Монголын сайхан орон” нэртэй
тоглолтоо толилуулсан. Анхны тоглолтоо 2005 оны аравдугаар сарын 1-нд
тавьж байсан. “Мөнхийн залуу хайр” гэж нэртэйгээр. Түүнээс хойш хоёр
жилийн дотор долоон удаа бие даасан тайлан тоглолт хийсэн.

-Жилд хоёроос гурван тоглолт хийж байсан байх нь ээ?
-Тэгж таарч байна. ҮДБЭЧ-д байхдаа үндэсний найрал хөгжмийн оркестртой
хамт дөрвөн тоглолт хийсэн. “Баавай Чингис”, “Гаадаа мээрэн”,
“Хоожиймаа” зэрэг ардын дуу, Ж.Саруулбуянгийн шүлэг, П.Насанбуянгийн
хөгжим “Хоёр загал” дууг дуулж байлаа. Мөн “Учиртай гурван толгой”-н
Юндэн, худалдаачин зэрэг дүрд дуулж байсан. Ингээд бодохоор өөрийгөө
цөөхөн уран бүтээл хийлээ, нас явлаа гэж харамсдаггүй. 2001 онд би анх
“Мөнхийн залуу хайр” дуугаа дуулж байсан. Түүнээс хойш дөрөв, таван жил
өнгөрсөн юм шиг санагдаж байна, миний хувьд. Гэтэл хуруу даран тоолбол
есөн жил өнгөрчихөж. Уран бүтээл маань хөгшрөхгүй байхад, хүмүүс
дуулсаар байхад би хөгширнө гэж байхгүй ээ.

-“Дэндүү дээ, дэндүү даанч дэндүү дээ
Мөнхийн залуу миний хайр аа” гээд л нэг үе хөгшид хүүхэдгүй л аялдаг
байлаа. Анхны уран бүтээлээрээ олонд танигдана гэдэг азтай хэрэг шүү?

-“Мөнхийн залуу хайр” дууны маань 10 жилийн ой ирэх жил болно. Энэ
дууныхаа ойг найз нөхдийн хүрээнд ч юмуу, ямар нэг байдлаар тэмдэглэнэ
гэж бодож байгаа. Монголын ард түмэн энэ сайхан дуунд дуртай. Энэ дууны
шүлгийг “Үнэн” сонинд сэтгүүлчээр ажиллаж байсан яруу найрагч
Д.Хүрэлбаатар гэдэг хүн зохиосон. Түүнийг яруу найрагч Ү.Хүрэлбаатар
гуайтай хүмүүс андуурдаг юм билээ. Хөгжмийг нь урлагийн гавьяат
зүтгэлтэн Б.Бямбабаяр бичсэн юм шүү дээ. Энэ дуу миний анхны бүтээл.
Тухайн үедээ нийтийн дууны хэв маягийг эвдсэн гэж боддог. Клип нь ч
гэсэн өвөрмөц. Нийтийн дууныхан нэг моринд янгирцаг эмээл тохож унаад,
хятад бүрх малгай хазгай тавьчихаад л голын эргээр яваад дуулаад байдаг
байсан. Тэр үед би ийм өөр юм хийчихлээ, тэсрэлт боллоо гээд байгаагүй.
Миний характер ч юмуу, тэгж яриад яваагүй. Түүнээс биш зарим урлаг
судлаач миний “Мөнхийн залуу хайр” дууг, мөн клипийг нь ч үнэлж, байр
сууриа хэлдэг.

-Клипээ ямар студид хийлгэсэн юм бэ?
-Тухайн үед эстрадынхан, рок попынхны дууны клипийг хийдэг байсан
“Zaya’sh” студиэр клипээ хийлгэсэн. Клип гэдэг хөгжмийн зохиолч, яруу
найрагч, дуучнаас гадна зураглаач, хөгжмийн найруулагч гээд таван хүний
хамтарсан цогц бүтээл. Клипийг нэлээд өөр өнцгөөр, өвөрмөц зохиомжтой
хийсэн. Тэр үеийн клипүүдийг “Мөнхийн залуу хайр” дууныхтай
харьцуулахад эрс ялгаатай. Зэрэгцүүлээд харвал тэс ондоо. Тэр клип олон
нийтэд сайн хүрсэн. Дараа нь “Санахын айзам”, “Ухаарлын уянга” зэрэг
дуунуудаа клипжүүлсэн. “Үйлсийн сайхан Улаанбаатар” дууг Туул голын
хөвөөнд үндэсний хөгжмийн оркестртой дуулж клипжүүлж байлаа.

-“Мөнхийн залуу хайр” дууг дуулаагүй бол гэж бодох үе байдаг уу. Энэ дууг яаж өөрийн болгосон бэ?

-Би хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, С.Мөнхбат нартай ойр дотно байдаг.
Уран бүтээлч хүмүүс хойно биднийг хааяа ганц нэг лонх юманд  явууна.
Сайн уран бүтээлчдийн дууг авахын тулд тэднийг “хормойдоод” л гүйдэг
байлаа. Тэгээд арга эвийг нь олж байгаад Б.Бямбабаяр ахад “Би энэ дууг
чинь дуулъя” гэсэн юм. Ингээд хөгжмийн зохиолч маань зөвшөөрсөн. Тэр
үед би Дархан хотын чуулгад байлаа. Хөдөөгийн чуулга, театрын дуучдын
дунд зарласан уралдаан түрүүлж хотод ирээд байсан юм. Тэгээд л
Б.Бямбабаяр ахаас гурван дууг 150 мянган төгрөгөөр худалдан авч байсан.
Дараа нь Б.Сундуйн шүлэг, төрийн шагналт Ц.Чинзоригийн хөгжим “Нутаг”
дуугаа дуулсан. “Нутаг” дууг буриад, халх гэлтгүй хүн бүр дуулдаг.
“Мөнхийн залуу хайр” бол үнэхээр нийтлэг, үнэн үгтэй, сайхан аялгуутай.
Хүн хайргүй амьдрахгүй. Бүгд л мөнхийн залуу хайраар амьсгалж яваа.

-Та Дарханы театрт ажиллаж байсан юм уу. СУИС-ийн нэг ангиас төрөн гарсан олон дуучдын нэг байх аа?

-1999 онд СУИС-ийг төгссөн. Манай ангид Зууны манлай эстрадын дуучин,
гавьяат жүжигчин Б.Сарантуяа, дуучин Ж.Алтанцэцэг, Б.Мягмарсүрэн гээд
олон сайн дуучин байлаа. Би СУИС-д элсэхээсээ өмнө Төмөр замын
коллежийг төгссөн хүн. Тэнд сурч байхдаа засварчин, слесарь гээд гарын
дүйтэй хүн хийх юу байна бүгдийг хийдэг байсан.

-Төмөр замд мэргэжлээрээ ажилласан уу?
-Үгүй ээ. Төмөр замын коллежийг төгсөнгүүтээ СУИС-д элссэн. Энэ миний мөрөөдөл байсан.

-Шууд СУИС-д орох боломж байгаагүй юм уу. Яагаад Төмөр замын коллежид суралцах болсон юм бэ?
-Аав маань намайг дуучин болгох дургүй байсан. Тиймээс гарын дүйтэй хүн
болгоно гээд Төмөр замын коллежид оруулсан. Нэг ёсондоо аав намайг
хүчээр тийшээ оруулсан л даа. Дургүй ламд дарж байж сахил хүртээнэ
гэдэг шиг л юм болсон доо. Би тухайн үедээ дургүй л байсан. Гэхдээ
аавын үг хууль юм чинь, дагахаас өөр зам байгаагүй.

-Тэгээд дараа нь коллежоо төгсчихөөд мэргэжлээрээ ажиллалгүй СУИС-д элслээ гэхэд аав тань юу гэсэн бэ?
-СУИС-д элсэх сонголтыг өөрийнхөөрөө хийсэн. Аав ч миний хүү нас биед
хүрсэн том эр болсон юм чинь өөрөө мэдэж байгаа байлгүй гээд намайг
загнаагүй. Нэг талаар хүү нь зорилготой явж байгаа юм гэдгийг ойлгосон
биз. Тэгээд ч аавын оруулж өгсөн Төмөр замын коллежоо хаялгүй төгсөөд,
мэргэжлийн дипломыг нь авчихсан тул эцэг хүний хувьд баярласан байх л
даа.

-Аав тань таныг яагаад заавал гарын дүйтэй хүн болгоно гэж зүтгэсэн юм бол оо?

-Тэр нь буруу байгаагүй ээ. Манай аавын аав их нарийн дархан хүн
байсан. Би түүнийг нь өвөлж чадаагүй. Манайд мөнгөний дарханы багаж,
байван, дэнс зэрэг нь байдаг байсан. Харин би мужаан хийнэ, дүнз
цавчина, байшин барина, жаахан гарын дүйтэй. Бух өтлөхөөрөө заазанд
очдог, буриад хүн өтлөхөөрөө мужаан болдог гэдэг дээ. Буриадууд хүүгээ
тусдаа гарахад нь цахиур буу, сүх хоёр өгдөг. Тэр нь буугаараа ан ав
хийж ходоодоо тэжээ,  сүхээрээ дүнз цавчин орон байраа барь, гар хөдөлж
байж амьдрал дэгжиж дээшилнэ гэсэн санаа. Тийм гоё, ухаалаг ард түмэн.
Би багадаа аавыгаа мотоцикл засахад нь эрэг шургийг нь барьж өгөх
зэргээр тусалдаг байлаа. Хааяа тэгшхэн барь гээд толгой руу няслах
жишээтэй. Аавдаа загнуулсны ач буянд би өдий зэрэгтэй яваа гэж боддог.

-Дуучин болох гараагаа аль театраас эхэлсэн юм бэ?

-СУИС-ийг онц дүнтэй төгссөн ч тухайн үед урлагийн том байгууллагад орж
ажиллаж чадаагүй. Ар өврийн хаалга байгаагүй байх л даа. Би ч өөрөө
заавал солист болно гэж ханхалзаад. Залуу хүний ааг омог байж л дээ.
Тэгээд “Хан Хэнтий” чуулгад найман сар ажилласан. “Хан Хэнтий” чуулга
надад үнэхээр ээлтэй. Үе үеийн ардын болон гавьяат жүжигчид төрсөн
чуулга даа. Ер нь Хан Хэнтий уул минь намайг түшиж явдаг гэж боддог.
Ээж минь одоо Хэнтийдээ амьдарч байгаа. Энэ дашрамд танай сониноор
дамжуулан ээждээ аз жаргал, сайн сайхныг хүсье.

-Ингэхэд та аль нутгийн хүн юм бэ. “Нутаг” дууг дуулсан болохоор тань
лав л буриад байх гэж боддог. Мөн Хэнтийнх ч юм шиг, Дорнодынх ч юм шиг
л яриад байх юм?

-Миний аав Дорнод аймгийн Дашбалбар сумын хүн. Ээж маань Хэнтий аймгийн
Дадал сумынх. Тиймээс нутаг гэвэл би Сэцэн хааных гэж хэлнэ. Би Дорнод
аймгийн найман жилийн хоёрдугаар дунд сургуулийг төгссөн. Амьдралын
шалтаг, шалтгаанаар аав, ээж хоёр маань хоёр тусдаа амьдардаг байсан.
Ээж Хэнтий аймгийн төвд “Өндөрхаан” сангийн аж ахуйд боловсон хүчин
хийдэг байв. Би Дорнод аймгийн Дашбалбар суманд байдаг аавынхаа ээж
дээр байнга очдог байлаа. Тэнд очиж зөөхий, талх идэж өссөн. Дорнодын
төвд аав дээрээ ирнэ. Тухайн үед Дорнодод орос ах нар олон байсан.
Оросуудын шунгинадаг цагаан онгоц их ниснэ. Хааяа орос анх нар хүүхдүүд
бидэнд чихэр өгнө. Зуны амралтаараа Хэнтийд ээж дээрээ ирдэг байсан.
Ээж минь буянтай сайхан хүн бий. Сая би ээжийнхээ нутаг, Эзэн богд
Чингисийн өлгий Дадал нутгаар яваад ирлээ. Дадалд зуншлага сайхан
байсан, одоо сайхан налгар намар болж байна. Эртний тахилгат Баянхан
ууландаа мөргөж эрч хүч аваад ирлээ.

-“Нутаг” дууг Хэнтий аймгийн Дадал сумынхан сүлд дуу болгосон байдаг юм
билээ. Энэ дууг дуулах болсон нь ээжтэй тэнь холбоотой байх нь ээ?

-Тийм ээ. “Нутаг” дууг дуулъя гэж зорьж байж дуулсан. Клипийг нь мөн л
“Zaya’sh” студиэр хийлгэсэн. “Zaya’sh” студийн Ш.Даваахай бид хоёр
Булганы Тэшигт очиж клипний зураг авсан. Ямар нэг жүжиглэлгүйгээр
хүмүүсийг амьдрал дээр бодит байгаагаар нь л хальсанд буулгасан. Жишээ
нь өвс хадаж дуусаад хадуураа дэргэдээ тавиад сууж байхад нь л зургийг
нь авсан. Анчин өвгөн ангаа буудаад буугаа урдаа тавин замгаа арчаад
сууж байхад нь авсан. Нэг эмгэнийг сүүгээ машиндаж байхад нь л зураг
авсан. Торгон дээл өмсчихөөд үнээ саагаад байлгүй хиймэл зохиомол гял
цал биш энгийн амьдралын зургуудыг клипэндээ оруулсан. Энгийн юм их
сайхан байдаг, хүнд сайн хүрдэг гэж боддог. Би өөрөө ч энгийн байх
дуртай. Гэхдээ энгийн байна гээд, өв тэгш хүн болох гэж хичээгээд л огт
уурлахгүй, уцаарлахгүй байна гэж үгүй. Олны танил гээд ноомой,
томоотой, номын харагдахыг ч хүсдэггүй.  Эр хүн л юм чинь тавилцвал
тавилцана. Өөрөөр хэлбэл хүн байгаагаараа л байх сайхан.

Г.Сонинбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж