Хүний хөгжил сангийн мөнгө иргэдийг идэвхжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Хүний хөгжил сангийн мөнгө иргэдийг идэвхжүүлжээ

Сүүлийн үед олон хүний цаг зав тэр ч бүү хэл нойр хоолоо хасан үүдийг нь сахих болсон Улсын бүртгэлийн ерөнхий газрыг зорин очсон юм. Тус газрын иргэдэд үйлчилдэг байрны үүдэнд хүмүүс урт дараалал үүсгэсэн байх аж. Үүдийг нь тойруулан татсан хөх олсыг тойрон жагссан хүмүүс дор дороо “Өнөөдөр дахиж дугаар өгөх болов уу?”, “Өглөө эрт ирсэн болохоор нэг мөсөн лавлагаагаа авчихаад явах юмсан” хэмээн ярилцаж байв. Гэхдээ энэ юу ч биш. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр УБЕГ-ын үүдэнд иргэд лавлагаа авах дугаар авахаар хонон өнжин зогсож байгаа талаар мэдээлж байсан билээ. Лавлагаа авахаар дугаарлаж буй иргэдээс гадна халамцуу согтуу, орон гэргүй иргэд ч УБЕГ-ын үүдийг сахих болсон гэнэ. Иргэний шинэчилсэн бүртгэлийн албан ёсны товлосон хугацаа дуусах дөхөж байгаа. Харин албаны хүмүүсийн тодорхойлсноор ямар нэгэн зүйлийг заавал хугацаанд нь тулгаж хийдэг зуршилтай иргэдийн ийн өдөр шөнөгүй дугаарлах болсон шалтгаан нь “торгуультай болно гэнэ” гэх яриа аж. Хороодын албан хаагчид “Ирэх сарын 1-нээс эхлэн бүртгэл албан ёсоор дуусна. Харин дараа нь тодорхой хэмжээний төлбөр, торгууль төлж байж бүртгүүлнэ. Мөн төрийн байгууллага та нарт үйлчлэхгүй” гэх утгатай юм хэлсэн хэмээн хүмүүс ярьж байв. Тиймээс торгууль төлж байхаар хоноод ч болтугай бүртгүүлье хэмээн дугаарлах болсон гэнэ. Энэ байдлыг далимдуулан нэгэн бизнес хүчээ авч буй нь үнэгүй тараадаг лавлагаа авах дугаарыг таван мянга төгрөгөөр худалдах наймаа юм. Дугаар зарж байгаа хүмүүсийг олох санаатай сурагласан боловч тааралдсангүй. Харин “Тэр хүмүүс нь хаана байна. Дугаарыг нь худалдаад ч болов авъя” гэсэн хүн олон байх юм. Хүмүүсийн хэлж буйгаар 20 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зараад явж байсан байна. Эрэлт ихтэй бизнест амташсан тэдгээр хүмүүс дугаар тараасны дараа гарч ирж наймаагаа хийчихээд явчихдаг бололтой юм билээ. Тэндхийн цагдаа нар энэ тал дээр ажиллаж байгаа ч дугаар дамлах явдал байсаар л байгаа аж. Бүр УБЕГ-ын дэргэд байдаг эмнэлгийн өвчтөнүүд шөнө дугаарлаад дараалал эзэлсэн байраа хүртэл  худалддаг болсон гэнэ.

Дугаар авахаар зогсож буй ир­гэ­дийг  харьцангуй журамтай хэ­мээн тодорхойлж болохоор. Ха­рин дотор танхимд үнэхээр эмх замбараагүй. УБЕГ-ын ажилтнуудыг ажлаа хийж чад­даггүй, удаан, ааштайгаар нь дуу­дан зандрах хүмүүсийн чимээ чих дөжрүүлж байлаа. Биднийг тэнд байх үед 30 орчим насны, биеийн тамирын хувцастай нэгэн эрэгтэй ухаан алдан унасан. Бүртгэл иймэр­хүү янзтай үргэлжилж байна. Тус газ­рын ажилтнууд “Лавлагаа өгөх хуга­цааг сунгасан. Ажилтнууд маань гэр орондоо харих завгүй ажиллаж байна. Үүнээс болж гэр бүл салах сарнихдаа хүртэл тулсан. Үүнийг иргэд ойлгохгүй торгууль, Хүний хөгжил сангийн мөнгөний сургаар ийм асуудал үүсгэж байна. Хэрвээ торгууль авна гэсэн яриа гаргаагүй, Хүний хөгжил сангийн мөнгийг шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хүмүүст өгнө гээгүй бол бүртгэл улам л удаашрах байсан” хэмээсэн юм.

“Хүмүүс хонох нь хоноод өглөө эрт ирэх нь ирээд дугаарладаг. Хоносон хүмүүс өглөө лавлагаагаа авч байх шиг байна. Хөдөөнөөс, алслагдсан дүүргээс ирсэн хүмүүс их бий. Энд ингээд ажлаа алдаад зогсоод байх хэцүү. Ирэх сараас эхлээд бүртгэлдээ хамрагдаагүй иргэдийн торгоно гээд байгаа юм билээ. Тэгэхээр мөнгө төлж бүртгүүлснээс энэ нь арай дээр юм. Дугаар зарж байгаа хүмүүс байгаа гэсэн. Гэхдээ лавлагаа авах хуудсан дээр байгаа үнэмлэх, регистрийн дугаар нь зөрөөд мөнгө ч үгүй лавлагаа ч үгүй гарч ирж байгаа хүмүүс байна лээ” хэмээн иргэд ярьж байна.

Шинэчилсэн бүртгэл улс орон даяар энэ оны долдугаар сарын 5-нд албан ёсоор эхэлсэн. Одоогийн байдлаар Монгол Улсын 16-аас дээш насны нийт иргэдийн нэг сая 500 мянга орчим нь шинэчилсэн бүртгэлд бүртгүүлээд байгаа юм байна. Энэ нь бүртгэл 61 орчим хувьтай явж байгаа гэсэн үг юм. Харин сарын хугацаанд үлдсэн иргэд бүртгүүлж амжих эсэх нь эргэлзээтэй байгаа. УБЕГ-аас бүртгүүлээгүй үлдсэн хүмүүсийн ихэнхийг гадаадад буй хүмүүс эзэлж байгаа хэмээх хариултыг өгч байна. Дээрээс нь бичиг баримтын зөрчил ч үүнийг нэг шалтгаан болж байна.  

Ч.НЯМЦЭЦЭГ: МАНАЙ УЛСЫН ИРГЭДИЙН ИХЭНХ НЬ БИЧИГ БАРИМТЫН ЗӨРЧИЛТЭЙ БАЙНА

УБЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Нямцэцэгээс энэ талаар тодруулсан юм.
 
-Иргэдийн дунд шинэчилсэн бүрт­гэлдээ энэ сарын дотор бүрт­гүүлэхгүй бол цаашид торгууль авах гэнэ гэсэн яриа байна. Энэ үнэн үү?

-Хүмүүсийн дунд ийм яриа байгаа юм билээ. Гэхдээ энэ бол үндэслэлгүй мэдээлэл. Ямар нэгэн тор­гууль байхгүй. Мөн одоогоор бүрт­гүүлээгүй байгаа иргэдэд аль нэг төрийн байгууллага үйлчлэх­гүй гэсэн асуудал ч байхгүй. Бүртгүү­лээгүй иргэд төрийн байгууллагын үйлчилгээг хэвийн авч болно.

-Бүртгэлийн хугацаа хэ­зээ дуусах вэ. Шинэчилсэн бүрт­гэ­лийн хугацаа дуусах дөхөж бай­хад 60 гаруй хувьтай яваа юм бай­на?

-Бүртгэл ирэх сарыг дуустал үргэлжилнэ. Энэ хугацаанд үлдсэн хүмүүсийн хэдэн хувь нь бүртгүүлэх вэ гэдгийг харж байж хугацааг сун­гах эсэхийг ярилцах байх.

-Бүртгэлийн хугацаа дуусах гэж байгаа, иргэд лавлагаа ава­хаар дугаарлаж буйг далимдуулан дарааллын дугаар дамлаж байх шиг байна?

-Өдөрт ойролцоогоор 1400-1600 хүн лавлагаа авч байгаа. Бүртгэл эхэлснээс хойш 68 мянга гаруй хүн авсан. Энэ нь бичиг баримтын зөрчил маш их байгааг харуулж байна. Замбараагүй байдал үүсгэхгүй, ажлыг хөнгөвчлөх үүднээс өдөрт 900 орчим дугаар тараадаг. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн дугаар дамладаг хүмүүс гарч ирсэн. Цагдаа нар үүн дээр хяналт тавин ажиллаж байгаа. Дамлаж байгаа хүмүүст дор бүрт нь арга хэмжээ авсан.

Т.УРАНГЭРЭЛ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж