
Дугаар авахаар зогсож буй иргэдийг харьцангуй журамтай хэмээн тодорхойлж болохоор. Харин дотор танхимд үнэхээр эмх замбараагүй. УБЕГ-ын ажилтнуудыг ажлаа хийж чаддаггүй, удаан, ааштайгаар нь дуудан зандрах хүмүүсийн чимээ чих дөжрүүлж байлаа. Биднийг тэнд байх үед 30 орчим насны, биеийн тамирын хувцастай нэгэн эрэгтэй ухаан алдан унасан. Бүртгэл иймэрхүү янзтай үргэлжилж байна. Тус газрын ажилтнууд “Лавлагаа өгөх хугацааг сунгасан. Ажилтнууд маань гэр орондоо харих завгүй ажиллаж байна. Үүнээс болж гэр бүл салах сарнихдаа хүртэл тулсан. Үүнийг иргэд ойлгохгүй торгууль, Хүний хөгжил сангийн мөнгөний сургаар ийм асуудал үүсгэж байна. Хэрвээ торгууль авна гэсэн яриа гаргаагүй, Хүний хөгжил сангийн мөнгийг шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хүмүүст өгнө гээгүй бол бүртгэл улам л удаашрах байсан” хэмээсэн юм.
“Хүмүүс хонох нь хоноод өглөө эрт ирэх нь ирээд дугаарладаг. Хоносон хүмүүс өглөө лавлагаагаа авч байх шиг байна. Хөдөөнөөс, алслагдсан дүүргээс ирсэн хүмүүс их бий. Энд ингээд ажлаа алдаад зогсоод байх хэцүү. Ирэх сараас эхлээд бүртгэлдээ хамрагдаагүй иргэдийн торгоно гээд байгаа юм билээ. Тэгэхээр мөнгө төлж бүртгүүлснээс энэ нь арай дээр юм. Дугаар зарж байгаа хүмүүс байгаа гэсэн. Гэхдээ лавлагаа авах хуудсан дээр байгаа үнэмлэх, регистрийн дугаар нь зөрөөд мөнгө ч үгүй лавлагаа ч үгүй гарч ирж байгаа хүмүүс байна лээ” хэмээн иргэд ярьж байна.
Шинэчилсэн бүртгэл улс орон даяар энэ оны долдугаар сарын 5-нд албан ёсоор эхэлсэн. Одоогийн байдлаар Монгол Улсын 16-аас дээш насны нийт иргэдийн нэг сая 500 мянга орчим нь шинэчилсэн бүртгэлд бүртгүүлээд байгаа юм байна. Энэ нь бүртгэл 61 орчим хувьтай явж байгаа гэсэн үг юм. Харин сарын хугацаанд үлдсэн иргэд бүртгүүлж амжих эсэх нь эргэлзээтэй байгаа. УБЕГ-аас бүртгүүлээгүй үлдсэн хүмүүсийн ихэнхийг гадаадад буй хүмүүс эзэлж байгаа хэмээх хариултыг өгч байна. Дээрээс нь бичиг баримтын зөрчил ч үүнийг нэг шалтгаан болж байна.
УБЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Нямцэцэгээс энэ талаар тодруулсан юм.
-Иргэдийн дунд шинэчилсэн бүртгэлдээ энэ сарын дотор бүртгүүлэхгүй бол цаашид торгууль авах гэнэ гэсэн яриа байна. Энэ үнэн үү?
-Хүмүүсийн дунд ийм яриа байгаа юм билээ. Гэхдээ энэ бол үндэслэлгүй мэдээлэл. Ямар нэгэн торгууль байхгүй. Мөн одоогоор бүртгүүлээгүй байгаа иргэдэд аль нэг төрийн байгууллага үйлчлэхгүй гэсэн асуудал ч байхгүй. Бүртгүүлээгүй иргэд төрийн байгууллагын үйлчилгээг хэвийн авч болно.
-Бүртгэлийн хугацаа хэзээ дуусах вэ. Шинэчилсэн бүртгэлийн хугацаа дуусах дөхөж байхад 60 гаруй хувьтай яваа юм байна?
-Бүртгэл ирэх сарыг дуустал үргэлжилнэ. Энэ хугацаанд үлдсэн хүмүүсийн хэдэн хувь нь бүртгүүлэх вэ гэдгийг харж байж хугацааг сунгах эсэхийг ярилцах байх.
-Бүртгэлийн хугацаа дуусах гэж байгаа, иргэд лавлагаа авахаар дугаарлаж буйг далимдуулан дарааллын дугаар дамлаж байх шиг байна?
-Өдөрт ойролцоогоор 1400-1600 хүн лавлагаа авч байгаа. Бүртгэл эхэлснээс хойш 68 мянга гаруй хүн авсан. Энэ нь бичиг баримтын зөрчил маш их байгааг харуулж байна. Замбараагүй байдал үүсгэхгүй, ажлыг хөнгөвчлөх үүднээс өдөрт 900 орчим дугаар тараадаг. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн дугаар дамладаг хүмүүс гарч ирсэн. Цагдаа нар үүн дээр хяналт тавин ажиллаж байгаа. Дамлаж байгаа хүмүүст дор бүрт нь арга хэмжээ авсан.
Т.УРАНГЭРЭЛ
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин