Монгол сонгуулийн түүх

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Монгол сонгуулийн түүх

Монголын анхны чөлөөт ардчилсан бүх нийтийн сонгууль 1990 оны 7-р сарын 22-нд болж билээ. Сонгуульд нийтдээ зургаан улс төрийн нам оролцсон. Сонгогчид аль нэг намыг дэмжиж дугуйлах ёстой байлаа. Байнгын ажиллагаатай Улсын бага хурал нийт 50 суудалтай байсан, эндээс МАХН 60 хувийн санал, МоАН, МСДН, МҮДН гэсэн гурван нам 40 хувийн санал авчээ. Шашны ба ногоон намууд суудал авч чадсангүй. Ингээд Монголын анхны парламентад МАХН 30 суудал, МоАН 14 суудал МСДН 3 суудал, МҮДН 3 суудал авсан юм. Сум хороо болгоноос нэг хүн сонгогдохоор бодож Ардын их хурлыг нийт 430 депутаттай нэрээр сонгосон нь байнгын бус ажиллагаатай Дээд танхим юм. Ингээд 9-р сард АИХ-ын анхдугаар чуулган хуралдлаа. Эндээс Монгол улсын анхны Ерөнхийлөгч ба дэд Ерөнхийлөгчийг сонгов. Дэд Ерөнхийлөгч нь УБХ-ын даргыг давхар гүйцэтгэх учир Гончигдорж УБХ-ын 51 дэхь гишүүн боллоо. Намууд өөрийн авсан суудал дээр суулгах хүмүүсээ нэр дэвшүүлэн АИХ-аар сонгуулуулав. Мөн чуулган Монголын Засгийн газрыг томиллоо.
    АИХ-ын депутатууд орон нутгийг төлөөлнө, харин байнгын ажиллагаатай УБХ хууль батлах үүрэгтэй, хуулийг хэрэгжүүлэх байгууллага Засгийн газар нь парламентаасаа тусдаа учир УБХ-ын өмнө тайлагнаж хариуцлага хүлээнэ. 1990 оны 5-р сард хийгдсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ийнхүү шинэ Монголын анхны ардчилсан төрийн бүтэц байгууламж ийм хэлбэртэй байжээ.
    1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаж үүнд захирагдсан сонгуулийн шинэ тогтолцоо бодож олох шаардлага гарав. Олон газар явж янз бүрийн сонгуулийн системтэй танилцаж ирсний дараа гишүүд олон хоног маргасан юм. Мажоритор системээр бол хэн бусдаасаа илүү санал авсан нь бүгдийг нь авдаг, хувь тэнцүүлэх системээр бол хэдэн хувь авсандаа таарч суудал ноогддог гэсэн ойлголттой болоод авлаа. авсан хувийн үлдэгдлийг нь нийлүүлж бүр нарийн хувь тэнцүүлэх саналыг Гончигдорж, Ламжав нар оруулжээ. Энэ нь нэлээд орооцолдсон, дүнг томъёогоор бодож гаргаж ирэх систем аж. Гэхдээ маш шудрага, санал бүрийг тооцсон эд. Харин ихэнх гишүүд томъёонд нь дургүйцэж, “энэ математикчид тоогоор зальдах гэж байна” гэцгээн хардаж хүлээж авсангүй. Ингээд олон мандаттай мажоритар системийг сонголоо. Энэ нь Монгол орныг 26 тойрогт хуваагаад тойрог бүрд 2-4 гишүүн сонгогдохоор тооцов. Сонгуулийн дүнд МАХН 76 суудлын 71-ийг нь авчээ. Мандатын тоо тэнцүү биш учраас нийлбэрээрээ бусад намууд ард түмнээс хэдэн санал авсаныг тооцоолох бололцоогүй. Юутай ч пропорциональ утгаар бодож үзвэл ардчилсан хүчин 40-өөс доош хувь авсан байх учиргүй. Гэвч сонгуулийн гажигаас болж нийт суудлын ердөө 7 хувийг эзэлсэн юм.
    1996 онд парламетад үнэмлэхүй суудал авсан МАХН сонгуулийн шинэ систем санал болгон баталлаа. Энэ нь Монгол улсыг 76 тойрогт хуваагаад нэг тойргоос нэг хүн гарах тооцоогоор хийсэн тогтолцоо. Бусдаасаа нэг ч хамаагүй саналаар илүү гарсан нь ноогдол суудлаа тэр чигээр нь авна. Ухаан нь нэг нь 25 хувийн санал аваад, бусад олон нэр дэвшигчид нийлээд 75 хувь авлаа ч гэсэн тус бүрдээ түрүүлэгчийг гүйцэхгүй бол энэхүү олонхийн санал огт тооцогдохгүй болж байгаа юм. Сонгуулийн дүнд МАХН ард түмнээс 46 хувийн санал авсан боловч 25 суудал буюу гуравны нэг суудлыг нь авч ялагдлаа. Абсолют мажоритар гэгддэг энэ тоогтолцоо дэлхийд тавхан оронд байдгийн дөрөв нь АНУ, Англи, Канад, Шинэ Зеланд гэсэн англо саксоны орнууд аж. Дэлхийн анхны сонгуулиуд энд болж байсан тул ард түмэн ч дассан байжээ. Гэвч энэ системийн асар болхи, шудрага бус байдал илт ажиглагдсан тул өөр орнууд аваагүй.

Үргэлжлэлийг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж