А.Е.Новожиловын учруулсан хохирлыг төр барагдуулна

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

А.Е.Новожиловын учруулсан хохирлыг төр барагдуулна

“Транс” банкныхан ийм хариу хэлчихээд монголчуудын өмнө пээдгэр сууна. Тус банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Е.Новожилов монголчуудын хадгалуулсан мөнгийг нутаг нэгтнүүддээ барьцаагүй зээлдүүлж, дур мэдэн үрэн таран хийсэн хэргээр хуулийн байгууллагад шалгуулж байсан билээ. Тэрбээр шүүхийн шатнаас оргон зайлаад нэлээд хугацааг өнгөрөөж байгаа. Өнгөрсөн хугацаанд түүнийг хилээр гарсан гэх баримт олдоогүй аж. Тиймээс хуулийнхан эх орондоо эрэн сурвалжилж байгаа талаар эх сурвалж мэдээлсэн.

А.Е.Новожилов “Транс” банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Төлөөлөн удирдах зөвлөлийнхөө зөвшөөрөлгүйгээр Орос, Монголын хамтарсан “Говь-Урал” компанид 1.2 тэрбум төгрөгийн зээл олгосныг аудитын болон Монголбанкныхны шалгалтаар өнгөрсөн онд ил болсон билээ. Тэрбээр банкнаасаа тийм хэмжээний зээлийг гаргасан шалтгаанаа нутагт нэгт найз К.Д.Романовскийтай холбосон аж. Түүний найз “Говь-Урал” компанийн 25 хувийг эзэмшдэг. Харин “Тавантолгой транс” компани 50 хувийг эзэмшдэг байжээ. Иймээс К.Д.Романовскийн хувьцааг барьцаалах төдийхнөөр зээл олгожээ. Гэтэл зээлийг эргэн төлөх хугацаа болоход найз нь хувьцаагаа компанидаа зарчихаад нутаг буцсан байжээ. Ингээд л 2006 онд байгуулагдсан “Говь-Урал” гэгч уул уурхайн компани чанаргүй зээлдэгч болжээ. Мөн “Транс” банкны гүйцэтгэх захирал асан А.Е.Новожилов хадгаламж эзэмшигчдийнхээ өмнө хариуцлага хүлээхээр гэмт хэргийн сэжигтэн болсон. Энэ бол өнгөрсөн явдал. Харин өдгөө эрхэм банкир А.Е.Новожилов  Улсын мөрдөн байцаах газрыг шүүхтэй нь таягдан хаячихаад зугтаж одсон. Тиймээс тус банкинд мөнгөө хадгалуулсан монголчуудын хохирлыг хэн барагдуулах вэ гэдэг асуултын хариу чухал байгаа.

А.Е.Новожиловт холбогдох хавтаст хэрэгт хохирогчоор тогтоогдсон “Транс” банкны хуулийн зөвлөх Б.Цогнямаас зарим зүйлийг тодрууллаа.

-Танай банкны гүйцэтгэх захирал шүүхээс оргон зайлсан. Тэгэхээр танай банк алдсан мөнгөө олох найдваргүй болж байгаа гэсэн үг үү?

-Түүнд холбогдох хэргийг хуулийнхан шалгаж байгаа. А.Е.Новожиловт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар сураг л сонссон. Бидэнд хуулийн байгууллагаас албан ёсны ямар ч бичиг ирээгүй. Тийм учраас тодорхой мэдээлэл алга.

-А.Е.Новожиловыг банкны тухай хууль тогтоомж зөрчсөн, иргэдийг залилсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн хоёр зүйл ангиар ялласан. Барьцаагүй зээл олгосноос гадна мөнгө залилсан юм уу?

-Энэ бол цуу яриа. А.Е.Новожилов  залилан хийгээгүй. Харин барьцаа хөрөнгө багатайгаар их хэмжээний зээл өгсөн. Зээл авсан байгууллага нь мөнгөө төлөөгүйгээс л асуудал үүссэн хэрэг. Гэхдээ “Говь-Урал” компани зээлээ төлж байгаа.

-Хэдий хэмжээний мөнгө эргүүлэн төлсөн бэ?

-Сүүлийн үед сайн төлж байгаа. Эдийн засгийн хохирлыг А.Е.Новожилов учруулаагүй шүү дээ. Энэ бол жирийн л нэг зээл олголт. 

-А.Е.Новожилов 1.2 тэрбум төгрөг дур мэдэн гаргаснаас болж танай банкны үйл ажиллагаа доголдож байгаа гэж үнэн үү?

-Хувь хүний цалинг дараа сард өгье гэж бүгдийг нь зээлчихээд өгөхгүй бол хэцүүднэ биз дээ. Түүнтэй л адил.

-Тэгвэл танай банк хаалгаа барихад хүрсэн гэсэн үг үү?

-Хуулийн зүгээс хэлэхэд үйл ажиллагаа хэвийн байгаа.

-А.Е.Новожилов ажлаа өгснөөс хойш танай банкныхантай холбоотой байсан уу?

-Ямар ч холбоогүй байсан.

-Танай байгууллага хохирогч болсны хувьд алдсан мөнгөө эргүүлэн авахын төлөө хөөцөлдөж болдоггүй юм уу?

-Шүүхийн тогтоол гарч байж тэр хүний буруутай эсэхийг тогтооно. Шүүхээс хохирлын хэмжээг тогтоовол манай банк мөнгөө авахаа л бодно шүү дээ.

-А.Е.Новожилов мон­гол­чуудын хадгалуулсан мөнгийг бусдад алдсан. Тэгэхээр хад­галамж эзэмшигчдийн хохирлыг хэн барагдуулах вэ?

-Бүх банкны хадгаламжид эрсдэл гарвал төр даана гэж хуульд заасан байдаг.

-Тэгвэл “Транс” банк хариуцлага хүлээхгүй бол А.Е.Новожилов шүүхээс оргох, хариуцлага хүлээх эсэх нь танайд хамаагүй юу?

-Аль ч банк хаагдана уу, дампуурна уу хамаагүй. Иргэд л лав хохирохгүй.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж