С.Эрдэнэ, Ш.Түвдэндорж нар “хуримлав”

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ, Ш.Түвдэндорж нар “хуримлав”

Нийслэлийн Ардчилсан намын X хурлаас хойш тамгаа өвөртөлж зугтсан С.Эрдэнэ, даргын сэн­тийд залрахаар мөчөөрхсөн Ш.Түвдэн­дорж нар хэвлэлээр нэ­гийгээ ирүүлд дуудсан. Харин на­мынх нь Ерөнхий нарийн бич­гийн дарга ажилдаа орж С.Эр­дэнэ, Ш.Түвдэндорж нарыг эв­лэ­рүүлж өчигдөр “хурим”-ын за­рыг сэтгүүлчдэд тараасан юм. Хэв­лэлийн бага хурал нэртэй “ху­рим”-д сэтгүүлчдээс гадна АН-ын гишүүд ирсэн байлаа. Тэд байдал эв­гүйдвэл хүргэн, бэрийн талаас босч нанчилддаг хүмүүс шиг аж. Зарим нь Ш.Түвдэндоржид ”Эрдэнийг дэмж­дэг хүмүүс бий шүү. Чамайг ч бас мэднэ шүү. Араа мэдээрэй” гэх мэт хатуу үг арын суудлаас чулуудан гал өдөөж байсан юм.

АН-ын генсек Д.Эрдэнэбат “Ард­чилсан нам эв нэгдлээ хадгалах ёстой. Намд шүүмжлэх, хэрэлдэх асуу­дал гардаг ч эв нэгдэл хамгийн чухал. Ардчилсан нам байхгүй бол ард­чиллын баталгаа байхгүй. Нийс­лэлийн ардчилсан намын дар­гын асуудал нэг талдаа гарлаа” гээд C.Эрдэнэд, бас Ш.Түв­дэн­доржид баяр хүргэсэн юм.  Үүний дараа С.Эрдэнэ олон хоног нуу­сан АН-ын тамгыг хадаг дээр тавьж Ш.Түвдэндоржид гардуулав. Хариуд нь Нийслэлийн АН-ын ши­нэхэн дарга мөнгөн аяга бэлэглэж эвлэрснээ зарлав. Тэдний энэ үйл­дэлд намын гишүүд нь алга ташин баяр хүргэсэн нь “хурим”-ын бэлэг байлаа. Харин сэтгүүлчдэд гэнэт товлосон “хурим” нэг л үнэмшилгүй байгааг хоорондоо ярилцаж байсан. Яг л сэтгэлгүй хоёрыг хүчээр хурим­луулж байгаа мэт үйл явдал өрнөж өнгөрөв. Үүнийг ч С.Эрдэнэ, Ш.Түвдэндорж нар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа харууллаа.

С.Эрдэнэ: Дүрмийн бус алдааг би засЧихлаа

-Та нийслэлийн АН-ын хурлыг дүрмийн бус гэж мэдэгдсэн. Тэгэхээр нийслэлийн АН дүрмийн бус даргатай болов уу?

-Дүрмийн зөрчлийг арилгаж Нийслэлийн намын эв нэгдлийг хангах үүднээс улс төрийн хариуцлага хүлээж явдаг хүний хувьд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргалаа. Ингэснээр дүрмийн бус алдааг зассан. Тийм учраас Ш.Түвдэндорж дүрэм ёсоор дарга боллоо гэсэн үг.

-Та тамгаа хүлээлгэж өгсөн нь ямар дүрмийн дагуу шийдэгдэж байгаа үйлдэл вэ?

-Би хүсэлтээ өргөн барьснаар чөлөөлөгдөж байна гэсэн үг. Шинэ дарга намын хурал дээр гарсан дүрмийн бус үйлдлийг засах байх гэдэгт итгэж байна.

-Та албан тушаалаа өгөх тохиролцоо хийсэн юм биш үү?

-Намын эв нэгдэлд тохиролцоо байхгүй. АН-ыг хагаралтай байлгах зорилго байгааг үгүйсгэхгүй. Тиймээс хэсэг бүлэг хүний сонирхлыг хангах эрх бидэнд байхгүй.

-Намын удирдлагуудын зүгээс танд ямар нэг дарамт учруулсан юм биш үү?

-Надад дарамт учруулж чадах хүн байхгүй.
Ш.ТҮвдэндорж: ДҮрмийн бус журмын алдаа гарсан

-Та ажлаа юунаас эхлэх вэ?

-Дүүргүүдийн намын хороон дээр гарсан зөрчилтэй асуудлыг хамгийн түрүүнд цэгцэлнэ.

-С.Эрдэнэ дарга та хоёр хэвлэлээр багагүй маргалдсан. Ямар учраас гэнэт эвлэрэх болов?

-Би ерөөсөө маргалдаагүй. Хурал дүрмийн дагуу болсон л гэж хэлсэн. Манай намын дүрмийг иргэд, сэтгүүлчид судлах ёсгүй. Харин гишүүд маань хурлаа дүрмийн дагуу болсон гэдгийг мэдэж байгаа. Нийслэлийн нам гэдэг АН-ын томоохон байгууллага. Тиймээс дээрээс нь зохицуулах шаардлагын дагуу Ерөнхий нарийн бичгийн дарга ирж зохицууллаа.

-С.Эрдэнэ хурал дүрмийн алдаатай шийдвэр гаргасан гэсэн. Нийслэлийн намын даргыг ҮЗХ-ны хурлаар шийддэг юм биш үү?

-Дүрмийн бус журмын алдаа гарсныг үгүйсгэхгүй. Дүрмийн алдаа ерөөсөө байхгүй.

-Тамга солилцох үед С.Эрдэнэ танд “Дүрмийн алдаагаа зас” гэхэд нь яагаад зөвшөөрсөн юм бэ?

-Үгэн дээр алдаа гарсан байх.

-Нийслэлийн АН-ын хурал болсноос хойш та С.Эрдэнэтэй уулзсан уу?

-Утсаар ярьсан.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж