Афганы эрх баригчид Зөвлөлтийн булаан эзлэлтийн нөхөн төлбөрийг Оросоос нэхнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Афганы эрх баригчид Зөвлөлтийн булаан эзлэлтийн нөхөн төлбөрийг Оросоос нэхнэ

Афганистаны парламентын гишүүд Оросуудаас дайн өдөөж, иргэний дайныг үүсгэсэн гэх нөхвөрийг шаардаж эхлэв. Зургийг www.airsoftgun.ru

Афганы парламент Зөвлөлтийн цэрэг олон жил тус орныг эзэлж байсны нөхөн төлбөрийг Оросоос шаардахаар зэхэж байна. Тэдний хүсч  байгаа нөхөн төлбөрийн хэмжээ нь арай тодроогүй байна. Харин Оросын Төрийн дум  Кабулын энэ санаачилгад ёс зүйн ба хууль эрхийн үндэс байхгүй гэж үзэж байгаа ажээ. Мөн тэд энэ санаачилгыг америкчууд Хамид Карзайгаар дамжуулан түлхэж байна гэжээ.

Кабулын албан ёсны төлөөлөгчид парламентын гишүүдийн гаргасан асуулгыг тус орны хууль тогтоох байгууллагын Доод танхимд хэлэлцүүлэхээр өгсөн гэж The Daily Telegraph сонинд батлан хэлжээ. Нөхвөрийн хэмжээ ба агуулгын талаар одоогоор мэдэгдсэн зүйлгүй. Мөн энэ санаачилгыг хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байгаа юм.

Улс орноо эзлүүлж байсны нөхвөрийг шаардсан энэ шаардлага нь анхных биш. Ийм  уриалга тус орны засаг захиргааны төвшинд үргэлж дарагдаж ирсэн ба тэд хойд хөрштэйгээ  харьцаагаа муутгахыг хүсээгүй билээ. Нөхөн төлбөр авах хүсэлтэй талынхан ч юуны төлөө тухайлбал ерөнхий хохирол эсвэл Зөвлөлтийн армийн зарим ажиллагаанд мөнгө нэхэх үү гэдгээ ч тогтоож чадаагүй юм.

Түрэмгийлэгч орон төлбөр төлөх ёстой

Британийн сонинд тэмдэглэснээр уг санаачлагыг олон хүн гаргасан ч парламентын гишүүдийн дотор уг асуудлаар санаа бодлыг зөрөлдөөнтөй байгаа ажээ. “Зөвлөлтийн цөмрөлтийн үеэр тус оронтой учирсан үйлдлийн төлөө Афганистаны оршин суугчид нөхөн төлбөр авахыг хүсч байна гэж мэдэгдсэн олон тооны гишүүд уг санааг гаргасан юм” гэж Афганы парламентын Доод танхимын нарийн бичгийн дарга Мохаммед Салех Салюки мэдэгджээ.  “Түрэмгийлэгч орон бүр түүний түрэмгийлэлд хэлмэгдсэн талд нөхөн төлбөр төлөх ёстой. Тэр цагаас хойш олон жил өнгөрсөн ч одоо Афганистан олон улсын  өндөр төвшинд  харилцахыг хүснэ” гэж парламентын нэгэн гишүүн Амануллах Пайман хэлснийг сонин иш татсан байв.

Афганистанд нэвтэрсэн нь

Зөвлөлтийн цэрэг Афганистанд 1979-1989 онуудад байлаа. Зөвлөлт холбоот улсын удирдлага тэдэнд найдвартай биш санагдсан Ерөнхийлөгч Хафизулла Аминыг зайлуулахаар Афганистанд цэргээ оруулсан юм. Зөвлөлтөд таагүй Ерөнхийлөгчийг зайлуулсан ч Афганд өнөөг хүртэл үргэлжилж байгаа иргэний дайн эхэлсэн билээ. Зөвлөлтийн цэргийг 1989 оны хоёрдугаар сарын 15 гэхэд бүрэн эргүүлэн татсан байлаа. Ойролцоо тооцоогоор Зөвлөлтийн цэрэг нэвтэрсний улмаас 1,5 сая афганчууд үрэгдэн хэдэн зуун мянган нутгийн иргэд хэлмэгджээ.

Тус орны парламентын Доод танхим ямар шийдвэр гаргах нь одоогоор ойлгомжтой биш байгаа юм. Харин Афганы бие даасан комисс Зөвлөлтийн цэргийн тус оронд үйлдсэн гэмт хэргийн жагсаалтыг гаргаад эхэлсэн аж. Гэхдээ комиссийн нэг гишүүн энд амжилт олно гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна. Надер Надрийн хэлснээр ямар ч нөхөн төлбөр шаардсан нь цэргийн гэмт хэрэг үйлдсэн хэрэгтнүүдийг цагаатгах хууль гаргасны дараа хүчингүй болох ажээ. Афганистан нөхөн төлбөр авахад бас нэг саад гарч ирсэн нь энэ сарын 17-нд Орос улс зээлдүүлэгч нарын Парисийн клубт нэгдэн орохдоо Афганистаны олон тэрбум ам.долларын өрийг цайруулсан билээ.

Нөхөн төлбөрт дарагдав

Афганистан Оросоос нөхөн төлбөр нэхэх гэж байгаа яриа 2005 онд анх сонсогдсон юм. Тэр үед Афганы Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга сэтгүүлчидтай уулзахдаа тийм санааг үгүйсгээгүй ба Орос Афганыг сүйтгэж сая гаруй иргэнийг нь хөнөөснийхөө төлөө мөнгө өгөх л ёстой гэсэн юм.  Тэмдэглэхэд ганцхан Афган ч Орост ийм шаардлага тавьж байгаа биш. 2008 оны нэгдүгээр сард Литвагийн Ерөнхийлөгч Валдас Адамкус мэдэгдэхдээ Зөвлөлтийн булаан эзлэлтийн нөхөн төлбөр болгон Орос 28 тэрбум ам.доллар төлөх хэрэгтэй гэсэн билээ. Мөн ийм нөхөн төлбөрийг дэлхийн  2-р дайны үеэр Иранд цэргээ байрлуулсан Их Британи, Орос хоёроос нэхнэ гэж Ираны Ерөнхийлөгч Ахмадинежад хэлж байв.  Иранд учруулсан хохиролыг тооцох тусгай комисс байгуулна гэдгээ тэр хэлсэн юм.

Кабулд нөхвөр нэхэх ёс зүйн ба хууль эрхийн үндэс байхгүй

Афганы ахмад дайчдын холбооны лидер, Төрийн думын гишүүн, Нэгдсэн Орос намын Франц Клинцевич Афганы  парламентын гишүүдийн санаачлагыг буруутгав.”Депутатын хувьд би Зөвлөлтийн үйл ажиллагааны хариуцлагыг Орост тохож байгаатай санал нийлэхгүй. Хохирлын нөхөн төлбөрийг нэхэх санаачлагыг одоо Афганд зоогдоод байгаа АНУ Хамид Карзайгаар дамжуулан зүтгүүлж байна гэдэгт би итгэлтэй байна” хэмээн тэр мэдэгдлээ. Ийм зүйл шаардах ёс зүйн ба хууль эрхийн үндэслэл Кабулд байхгүй гэж тэр хэлжээ.

Афганистанд 1986-1988 онуудад байлдаж, Улаан таван хошуу одонгоор шагнагдсан, десантын цэгрэг байсан депутат одоо Барууны эвсэл Зөвлөлтийн цэргийн Афганы туршлагыг  судлалгүйгээр орон нутгийн оршин суугчдын онцлогыг харгалгүй ихээхэн алдаа гаргаж байна гэж хэлэв. Тухайлбал, тэд Афганы хар тамхины үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийг гаргасан гэж тэр үзэж байна. “Жишээ татахад, 1980-аад онд Афганистанд героин эмнэлэгийн зориуулалтаар үйлдвэрлэх гуравхан үйлдвэр байлаа. Харин одоо бол бүтэн хагас мянган үйлдвэр ажиллаж байна” хэмээн тэр өгүүлэв.

Ердийн афганчууд өөрийн төлөөлөгч нарын гаргасан нөхөн төлбөр авах санаачлагыг тэр болгон дэмжжгүй гэдэгт Клинцович итгэлтэй байна. Зөвлөлтийн цэрэг 1989 онд Афганистаныг орхин гарснаас хойш хүмүүсийн оросуудад хандах хандлага зөөлөрснийг тэр онцолж байлаа. “2008 оны аравдугаар сард би Ташкентаас Кабул хүртэл хөлсний тэргээр явсан. Энд тэндгүй сайн хүлээн авч байлаа. Миний туслах хамт яван кино зураг авсан ба бид тэр үед эсрэг тулалдаж байсан дайчдын нэгэн лидертэй уулзсан юм. Афганчууд ширээ засан хуучин дайснаа  хүндэт зочин шиг хүлээн авсан… Дайны цагаар ч бидэнд хандах хандлага өөр өөр байлаа. Афганистан бидний тоолдог хэдээр л амьдарч байсан юм. Манай баазуудын дэргэд нутгийн иргэд худалдаа наймаагаа хийдэг байсан” гэж Клинцович  ярьж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж