Хотын төвдөө сайхан мөрөнтэй болохсон

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Хотын төвдөө сайхан мөрөнтэй болохсон


Ажиглаад, сонсоод байх нь дэлхийн том том хотууд төвдөө алдартай өргөн талбайтай байхаас гадна том гол, мөрөнтэй байдаг юм билээ. Наад захын жишээ гэхэд л Оросын нийслэл Москва хотын төвөөр Волга гэдэг том мөрөн урсдаг биз дээ. Америкийн Шинэ Орлеан хотын төвөөр Миссисипи мөрөн урсдаг. Лондонд гэхэд Темза, Парист Сена мөрөн урсч байх жишээний. Зүгээр ч нэг жижиг гол биш дандаа л том мөрөнтэй байгаа биз дээ. Хот дундуур гол, мөрөн урсч байх нь агаарын чийгшлээс эхлээд их олон зүйлд сайн байдаг юм гэнэ билээ. Тэгээд л  том мөрөнтэй газар хотоо байгуулж байхгүй юу цаадуул чинь. Гэтэл манай нийслэлд л мөрөн битгийн хэл гол ч алга. Алга гэждээ уг нь байгаа л даа. Хотын урдуур “Туул” гол урсч байна. Арай хойгуур нь Дунд гол урсах  шахаж байгаа. Харин хотын төвд  Сэлбэ гол урсч байсан гэсэн ор мөр бий. Манай өвөг дээдэс тэр гадаадуудаас дутахгүй ухаантай хүмүүс байсан болохоор хотоо гурван ч гол урсдаг газар байгуулсан байх. Гэтэл одоо бол зөвхөн ором нь л байна. Ганц том гол болох Туул маань удахгүй ширгэхдээ тулаад байдаг. Хотын төвдөө голгүйгээ болж тоосжилт, утаандаа дарлуулсаар л. Хэрвээ нэг том мөрөнтэй байсан бол агаарын чийгшэл нь арай л өөр байх байсан биз. Харин ойрноос Туул  голоо аврах талаар овоо ажил өрнөөд байгаа. Түүнээс гадна хотын дарга Г.Мөнхбаяр саяхнаас  хүмүүсийн хайхрамжгүй үйл ажиллагаанаас болж хатаж ширгэхэд хүрээд байгаа хот доторхи голуудыг сэргээхэд анхаарч, байгаль эхийг сэргээх энэ ажлыг нэг  номерт тавихаа мэдэгдсэн. Тэр бүү хэл нийслэлийн төсвийн 15 хувийг энэ ажилд зарцуулж байх санаачилга гарган, ирэх жилийн төсөвт суулгуулахаар хөөцөлдөж эхэлсэн гэж байгаа. Мөн  холбогдох албатууддаа үүрэг болгож, Сэлбэ голыг сэргээх  судалгааны ажлыг эхлүүлсэн. Бүр Сөүл явж, даргатай нь уулзаад Сэлбэ голийг сэргээх ажилд мэргэжлийн хүмүүсийн дэмжлэг өгөөч  гэж гуйсан ч сураг байгаа. Үнэхээр хэрэгжвэл сайхан л байна. Хэрвээ үнэхээр Сэлбэ гол сэргээд, цэлэлзтэл урсвал Г.Мөнхбаяр даргад зориулж нийслэлийн захиргааны өмнө хөшөөг нь босгосон ч яах вэ дээ. Бүр өглөө бүр хотын захиргааны зүг цацлаа өргөж бай гэж хөгшчүүлдээ захисан ч багадана. Гэхдээ нэг гашуун түүх бий. 2006 онд “Улаан хацарт”-ыг нийслэлийн Засаг дарга байхад Солонгос нөхдүүд ирээд, Хан мөрнөө бохирдоод ширгэдэгийн даваан дээр аварсан тухайгаа танилцуулсан гэж байгаа.  Тэд Хан мөрнийхөө доторх хайргыг нь аваад барилгын компанид зарж, хуримталсан хөрөнгөөр голынхоо бохирдлыг бүрэн цэвэрлэхэд зориулсан юм билээ. Тер технологийн дагуу голуудаа цэвэрлэх төсөл хэрэгжүүлээ ч гэхэд нь манай “Улаан хацарт” дарга зөвшөөрөөгүй гэж байгаа. Магадгүй өөрт нь ашиггүй төсөл байсан болохоор түмний эрх ашгийг орхисон биз. Үүн шиг л юм болж, баахан санаачлага гаргачихаад орхичихгүй бол Г.Мөнхбаяр даргын энэ санаачлага энэ зуунд гарч буй хамгийн зөв санал ч байж болох юм. Хэн хүнгүй л цэвэр агаар амьсгалж, голын хоржигноон сонсмоор байна шүү дээ. Хотын төвийн голууд урсаад эхэлвэл ч…. 

Зохиогчийн эрх: “Монголын мэдээ” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж