Н.Энхбаяр, Сү.Батболд хоёрын хэнд нь бооцоо тавих вэ

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр, Сү.Батболд хоёрын хэнд нь бооцоо тавих вэ

Тайзан дээр Н.Энхбаяр, Сү.Батболд хоёр гарлаа. Сү.Батболд  нь МАХН-ын албан ёсны дарга, Монгол  Улсын Ерөнхий сайд. Нөгөөх нь одоогоор  жирийн иргэн болохоос биш Сү.Батболдын хашиж буй албан тушаалыг нэгэн цагт хийж л явсан эрхэм. Нэр төр, улс төрийн карьерын хувьд адилхан шахуу. Гэхдээ тэр хоёрт  нөхөд явсан  он цаг бас бий. Сү.Батболдыг улс төрд тэр тусмаа өдгөө намын дарга, Ерөнхий сайд болтлоо жигүүр ургуулсан МАХН-д нь хөтөлж авчирсан хүн бол яах аргагүй Н.Энхбаяр. Хамтдаа нэг газарт хөрөнгө оруулж, хувь эзэмшиж улс төр, бизнесийн үйл ажиллагаагаа хоёулханаа сууж байгаад зөвлөж явсан  өдөр бий.  Н.Энхбаяр түүнийг МАХН-ын Удирдах зөвлөлд “бэлэглэж” харин Гадаад хэргийн дэд сайдын албыг түүнд “бэлэглэж” байлаа. Н.Энхбаярын гарт  хөтлөгдөж ирсэн  хэн ч танихгүй залуу 10-хан жилийн дараа Ерөнхий сайд болтлоо өснө гэж хэн таалаа. Н.Энхбаяр ч өөрөө тэгнэ чинээ зүүдлээгүй хэрэг. Гэхдээ амьдрал  санаанд оромгүй үйл явдал,  учралуудаар дүүрэн байдаг.  Сү.Батболд  МАХН-ын дарга улмаар Ерөнхий сайд болов. Түүний өмнө намын даргын алба хашиж байсан С.Баяр Н.Энхбаярыг ёстой л дан цагаан цамцтай нь дажгүй хөөгөөд  явуулчихсан юм.  Ингээд танилын нүүр халуун гэдэг шиг эрт урьдын учралаа бодон  намын дарга Сү.Батболдын зүгээс  зөөлөн дулаан уур амьсгал хүлээж байсан ч байж мэдэх юм.   Гэвч байдал дээрдээгүй. Н.Энхбаярыг хаалгаараа хөөж гаргачихаад хатавч, тооноороо ороод ирэх вий гэсэн  айдас МАХН-д уламж­лал болов.  Намын дарга нь ч тэр айдсыг өвлөн аваад сайтар хэрэгжүүлэв. Нэг л их Н.Энхбаяраас айсан, түүнээс болгоомжилсон хүмүүс. Уг нь Сү.Батболд түүнийг өрөөндөө урьж уулзаад Монгол төрийн бүхий л албан тушаалыг ээлж дараалан  хашиж явсан хүнийх нь хувьд хүндэтгэл үзүүлж болох байсан. Гэвч тэгээгүй. Тэгэх ч үгүй нь ойлгомжтой. Энэ бол зүгээр л сэтгүүлчийн уран сэтгэмж. Улс төр гэдэг уран сэтгэмж биш,  хүн чанар биш.  Нөхөрлөл бүр ч биш.  Тийм болохоор Н.Энхбаярт гомдох эрх байхгүй. Сү.Батболдод ч гэсэн  ач санах шаардлага байхгүй. Ийм л хүйтэн хатуу тоглоомоор эрчүүд л тоглож чаддаг тулдаа улс төрд тэсч үлддэг.  Энэ чадварыг аль аль нь өөртөө агуулж чадсан учраас  МАХН хэмээх тайзан дээр ийнхүү  шөвгөрчээ. Одоо харин хэн нь ялах бол. Бооцоогоо хэнд нь тавибал ашигтай вэ.  Энэ намын хандивлагчид, гишүүд ийм л зүйл бодож суугаа. Тэдэнд туслахыг хичээе.

СҮ-Д БООЦОО ТАВИХЫН ӨМНӨ ҮҮНИЙГ МЭД 

Эрх мэдэл, албан тушаалыг яг одоо атгаж байгаагаар нь Сү.Батболдод бооцоо тавихыг хүсэгчид эхлээд үүнийг мэдэх хэрэгтэй.  Тэр бол дипломатч хүн. Хэзээ ч,  хэнд ч муухай загнадаггүй. “Дипломатч гэж хэнийг хэлдэг вэ” гэсэн асуултад “Өөр лүүгээ хуцаж байгаа нохой руу шидэх чулууг хайх зуураа “Яасан хөөрхөн гөлөг вэ, эвий эвий”гэж чадах хүнийг хэлнэ” гэж хариулсан байдаг юм.  

Үнэн ч бай, худал ч бай тэр их зөөлөн хүн. Гэхдээ түүнээс хэзээ ч гарахааргүй гэнэтийн огцом шийдвэр гарч мэднэ. Гайхах хэрэггүй. Ямар ч нанчилдаан дундаас зүв зүгээр инээмсэглээд гараад явчих чадвар бий. Нэгэнт улсын Ерөнхий сайд учраас  хэн нэгнийг албан тушаалд томилох эрх бас түүнд бий.  Төрсөн өдрийн эзэн бялуугаа хувааж байгаа мэт. Гэхдээ одоогоор түүний хийсэн томилгоонд түшиж буй фракцынхаа л хүмүүсийг энд тэнд байршуулаад байгаа болохоос өөрийн хүмүүсээ өөд татчихсан юм алга. Хаана л бол хаана У.Хүрэлсүхийн хүмүүс тавигдаж байгааг бүгд мэднэ. Харин Сү.Бат­бол­дын хүн хэзээ хаана та­вигдсаныг санахгүй бай­на.  Өөрийгөө “Ерөнхий сай­дын хүн” гэж цоллож бай­хыг хэвлэлийнхнээс гуйж ярилц­лага өгсөн эрүүл бус яриатай “Хас”-ын Ган­хуягийг эс тооцвол шүү дээ.  У.Хүрэлсүхийг урвана гэж бо­дохгүй байна. Гэхдээ л хүний хүн бол хүний л хүн.

Сү.Батболд  хэн нэгнээс ав­лига авахгүй нь тодорхой. Тэр одоо мөнгөөр яах юм бэ мөн үү. Түүнд бүх юм бий.  Албан тушаалаараа далимдуулан бизнесээ босгох ч хэрэг байхгүй. Тэртээ тэргүй бизнес нь амжилттай яваа. Харин ирээдүйгээ хэрхэн төсөөлж байгаа бол. Энэ л сонин. Цаг зуурт  намын дарга, Ерөнхий сайд хийгээд зайгаа тавьж өгөх үү эсвэл Н.Энхбаяр шиг болтлоо зууралдах уу. Магадгүй түүний ирээдүй одоо өөртэй нь тэрсэлдэх гэж  буй  Н.Энхбаяр ч байж мэднэ.  Өөрийнхөө ирээдүйг харъя гэвэл Н.Энхбаярыг нэг харчих гэвэл хатуудах байх. Гэхдээ л чин үнэн үг билээ.

Сү.Батболдын хувьд хүчтэй холбоотнууд бий. Хэвлэл мэдээллийнхэн ч түүний төлөө үйлчлэхэд бэлэн. Гэхдээ энэ цаг зуурын нөхөд түүнийг энэ мэт өндөр албан тушаалд гарсаны дараа л ирж шадарласан гэдгийг мэддэг бол тун сайн.  М.Энхболд, У.Хүрэлсүх. Гарцаагүй одоо л тэднийг  түших,  хүчийг нь авч, өөртөө зүтгүүлэх холбоотнууд мөн.

Н.ЭНХБАЯРТ БООЦОО ТАВИХЫН ТУЛД…

Н.Энхбаяр бол Н.Энхбаяр. Энд тоочиж барахааргүй баялаг намтартай хүн. Алдаа оноо нь ч мөн адил. Гэхдээ өдгөө масс түүний талд байх шиг санагдана.    МАХН-ын нэрийг солиулахгүйгээр даргаа огцруулаад өөрөө оронд нь болж чаддаггүй юм гэхэд энэ намыг хага татчих чадал бол байна. Одоо намын нэр үзэл баримтлалын тухай хэлэлцүүлгүүдийг ээлж дараалан зохион байгуулах нь. Энэ бол энгийн атлаа хамгийн үр дүнтэй арга барил. Инээмсэглээд л нэг их жирийн гишүүдээ сонсож чаддаг хүн оргиод  алхаад байна гэсэн үг шүү дээ. Түүнийг дэмжигч  олон байх  төлөвтэй. Мэдээж Н.Энхбаярыг дагаж давхидаг байсан нөхөд цугаараа дэмжинэ. Яагаав Т.Ганди тэргүүлээд  Д.Арвин удаалаад  М.Энхболдыг огцруулдаг хэд байдгаараа л байгаа.  Дээрээс нь Ардчилсан нам дотор ч “Элсний 13” бүрэлдэн бий болсон. Тэр урьд өмнө Ардчилсан нам доторх Алтангадастай учраа олчихдог байсан бол цагийн эрхшээлээр Алтангадас ч С.Баяр, Сү.Батболд нарыг даган одсон. Тиймээс түүнд шинэ хамтрагч  хэрэгтэй. Энэ бол Ардчилсан хүчний холбоо. Ардчилсан  намын даргыг  огцруулан Засгийн газраас гарах санаархал Ардчилсан хүчний холбоогоор дамжин хэрэгжих ёстой. Үүний хариуд хамтарсан Засгийн газар огцрох болно.  МАХН талаасаа бүтэхгүй тул Ардчилсан нам талаас нь мэрвэл илүү хялбар.  Н.Энхбаяр үүнийг жилийн өмнө бодож олсон.  Нэгэнт Ерөнхий сайдаасаа огцорч дархлаа нь суларсан үед Сү.Батболдтой юу ч ярьж болно. “Морьтой хүнтэй ярьсанаас явган хүнтэй ярьвал илүү амар” гэдэг үг бий.  Нөгөө талаас МАХН доторх  С.Баярын нөлөө аажмаар суларч байгааг   Сү.Батболд, У.Хүрэлсүх нарын ирийг  мохоох боломж  гэж ч харж болох юм. Хэрвээ ингэж харж чадсан бол даруй  ашиглах нь зүй. Ийм тохиолдолд тэрбээр ганцхан хамсаатантай байхад л санасан бүхнээ гүйцэлдүүлж чадна. Иймээс Н.Энхбаярт бооцоо тавих хүмүүс үүнийг  сайтар бодолцож үзэх хэрэгтэй юм.  

Энэ бүхний дараа Н.Энхбаяр, Сү.Батболд хоё­рын хэнд нь бооцоо тавихаа шийдээрэй. Тэд нэгэнт тайзан дээр гарсан байна. Нууж хаах зүйл одоохондоо алга. Нээлттэй хаалганы өдөр шиг л юм болж байгаа гэсэн шүү.

Л.МӨНХБАЯСГАЛАН

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж