Монгол Улс даргалсан хурал өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Монгол Улс даргалсан хурал өндөрлөв

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий бага хурлын ээлжит 54 дүгээр чуулган энэ сарын 20-24-нд Вена дахь НҮБ-ын төв байранд болж өндөрлөв. Хурлыг Монгол Улсаас ОУАЭА-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Ж.Энхсайхан даргалав. Тэрбээр хурлын даргаар сонгогдохдоо хэлсэн үгэндээ тус Агентлаг нь олон улсын цөмийн шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглээд хорт хавдартай тэмцэхэд тусгайлан анхаарч байгаад нь Ерөнхий захирал Ю.Аманод талархал илэрхийлэв. Түүнчлэн, тус Агентлагийг цаашид хүнсний баталгаат байдал, мал аж ахуй, хөрс, ундны усны зохицуулалтад илүү анхаарч ажиллах, энэ чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх, хүн сургахад зориулсан тус Агентлагийн лабораторийг шинэчилж, орчин үеийн шаардлагын түвшинд гарах хэрэгтэй байгааг тэмдэглэжээ.

Хурлын дарга Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг Нью Йорк хотноо эдгээр өдрүүдэд хэлэлцэж байгааг харгалзан хорт хавдар болон халдварт бус бусад өвчинд тусгайлан анхаарал тавихыг уриалсан мэдэгдэл хийж бага хурлын нэрээр НҮБ-ын Ерөнхий ассамблейн даргад явуулахыг санал болгосныг хуралд оролцогсод бүрэн дэмжсэн байна. 

Ерөнхий бага хурлаар 2009 онд ОУАУА-аас хийсэн ажлын тайланг хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгч, цаашидын ажлын талаар зөвлөмж шийдвэр гаргахаас гадна өрнөдийн болон арабын орнууд хоорондоо нэлээд маргаантай байдаг Израилийн цөмийн чадавхи болон Ойрхи-Дорнодод Агентлагийн цөмийн баталгааг хэрэгжүүлэх зэрэг эгзэгтэй асуудлыг мөн тус тус хэлэлцжээ. Хурлын ерөнхий санал шүүмжлэлд 119 улс орны төлөөлөгчид оролцож үг хэлсний дотор Монгол Улсын Цөмийн энергийн газрын дарга С. Энхбат үг хэлж хэлэлцэж буй зарим асуудлаар Засгийн газрынхаа байр суурийг илэрхийлжээ.

Бага хурлын хүрээнд зохион байгуулагдсан Хөгжиж буй орнууд дахь хорт хавдрын байдлын асуудлаар болсон Эрдэм шинжилгээний форумд Монгол улсын тэргүүн хатагтай, “Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний сангийн тэргүүн Х. Болормаа оролцож үг хэлж, Агентлагийн Хорт хавдрын эмчилгээний хөтөлбөрийн удирдлага, мөн АНУ-ын Хорт хавдрын нийгэмлэгийн албаны дарга, Үндэсний хорт хавдрын хүрээлэнгийн төлөөлөгчтэы тус тус уулзсан байна.

Бараг 1300 төлөөлөгчид оролцсон тус бага хурлаар хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан 20 гаруй тогтоол шийдвэр гаргасны дотор хорт хавдартай цаашид улам эрчимтэй тэмцэхийг гишүүн орууд, олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан бие даасан тогтоол анх удаа батладсан байна.

Бага хурлыг даргалах хугацаандаа Байнгын төлөөлөгч Ж. Энхсайхан Ерөнхий хороог хоёр удаа хуралдуулсны дээр хурлын ажиллагааны явц, хурлаас гаргах шийдвэрүүдийн агуулгатай холбогдсон зарим асуудлыг хэлэлцэж зохицуулахын тулд 40 орчим төлөөлөгчид, газар зүйн болон улс төрийн бүлгийн дарга нартай уулзаж ярилцсан байна. Мөн БНАСАУ-аас цөмийн баталгааны асуудлаар тус Агентлагтай байгуулсан хэлэлцээрийн биелэлт, Ойрхи Дорнод Агентлагийн цөмийн баталгааг хэрэгжүүлэх болон Израилийн цөмийн чадавхийн  талаарх улс төрийн нэлээд маргаантай асуудлуудаар гаргах тогтоолын төслүүдийн талаар Ерөнхий захирал Ю. Амано, Өрнөдийн болон арабын улсуудын төлөөлөгчдийн тэргүүдтэй хурлын өдрүүдэд нэг бус удаа уулзаж ярилцсан байна. Эхний хоёр асуудлаар гарсан тогтоолыг нэг ч улс эсэргүүцэлгүй батласан байна. Харин Израилийн чадавхийн асуудалтай холбогдуулж Израилийг нэр заан шүүмжилсэн арабын орнуудын тогтоолын төслөөр санал хурааж 46-51-23-аар тогтоол батлагдаагүй байна.

Бага хурал хэлэлцэх хэргийн төлөвлөгөөндөө тусгагдсан байсан бүх асуудлаар тогтоол шийдвэр гаргаж өндөрлөжээ хэмээн Гадаад харилцааны яамнаас дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж