Ираны эсрэг авах шинээр боловсруулагдаж байгаа хориг нь зүгээр нэг нэмэлт арга хэмжээ бишээр барахгүй “араа шүдтэй” байх гэнэ. Америк-израилийн нийгмийн хорооны (AIPAC) бага хурал дээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны өмнө тараасан хэлэх үгээс иш татан энэ тухай Associated Press мэдээлсэн байна. Ираны удирдлага нь өөрийн ард түмнээс гадна бүс нутгийнханд аюул занал учруулж байна гэж Хиллари Клинтон мэдэгджээ. Хэрэв Иран цөмийн зэвсэгтэй болбол тэр нь бүс нутгийн байдлыг тогтворгүйжүүлж, олон улсын террористуудыг хөхүүлэн хөөрөгдсөн нөхцөлийг үүсгэнэ гэж Төрийн нарийн бичгийн дарга тэмдэглэсэн байна. Ираныг цөмийн зэвсэгтэй болгохгүйн төлөө АНУ шийдэмгий зогсож буйг тэр сануулав. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дэх хамтран зүтгэгчдийнхээ хамт АНУ шинэ хориг арга хэмжээний төслийг боловсруулж байна. Тэр нь өөрийн цөмийн хөтөлбөрийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй нууцалж байгаа Тегеранд “бодит үр дагаврыг” үзүүлнэ гэдгийг Клинтон онцоллоо. Иран ураны 20 хувийн баяжуулалтын эхний хэсгийг үйлдвэрлэсэн гэж мэдэгдсэний дараа тус орны цөмийн хөтөлбөрийг тойрсон сөргөлдөөн улам хурцадсан юм. Энэ сарын эхээр Францад айлчлах үеэрээ Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Орос Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээнд нэгдэх талдаа байгаа, гэхдээ хориг нь “ухаалаг” байх ёстой гэсэн билээ. Ираны гадаад худалдааны гол түнш Хятад асуудлыг дипломат аргаар шийдэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа юм.