Кавалиерсийн хамгийн хайртай тоглогч эргэн ирнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Кавалиерсийн хамгийн хайртай тоглогч эргэн ирнэ

Кливлэнд хотынхон Лэброн Жэймсээс гадна бас нэг тоглогчид илүү хайртай гэвэл та итгэх үү? Тийм ээ, тэр бол Том Зи хочтой Зидрунас Илгаускас. Энэ өвөл солилцооны цонх хаагдах мөчид түүнийг багийн удирдлагууд “Вашинтон Уизардс” руу илгээж, оронд нь Бүх оддын тоглогч Антуан Жемсоныг авсан юм. Харин удалгүй Уизардс түүний гэрээг худалдан авч, чөлөөт агент болгосон явдал Том Зи эргээд Кливлэнд хотдоо эргэн ирнэ гэсэн цуу ярианы эхлэлийг тависан.
 
Тэгвэл өнөөдөр NBA-гийн солилцооны дүрмийн дагуу (солигдсон тоглогч эргээд хуучин багтайгаа 30 хоногийн дараа гэрээ хийж болно) Илгаускас Кавалиерстэй шинэ гэрээг байгуулж болох юм. Түүнийг солигдоход дургүй байсан тоглогчдын нэг бол Лэброн Жэймс бөгөөд тэрбээр сэтгүүлчдэд, “Тэр бол миний сайн найзуудын нэг, гайхалтай багийн анд” гэж хэлжээ. “Хэрэв тэр үнэхээр эргэж ирвэл, би л лав баярлана” гэж нэмсэн байна.
Кливлэнд хот дахь сагсан бөмбөгийн уналтын мөр Лэброны шуурганд арилсан ч 2003 оноос өмнөх Кавалиерст авах юм ганц байсан нь төвийн тоглогч Илгаускас юм. Бэртлийн улмаас өнжсөн тоглолтын тоо нь тоглосон тооноосоо их боловч Том Зигийн жаргал, зовлонг хайртай хотых нь фэнүүд хэзээ ч мартдаггүй нь сэтгэл хөдөлгөмөөр. 2009 оны 12-р сарын 3-нд “Кливлэнд Финикс Санс”-тай хийсэн тоглолтонд Илгаускас талбайд гарснаар 724 дахь тоглолтоо хийж, Кавалиерсийн бүх цаг үеийн рекордын эзэн болсон юм. Нэгдүгээр үе дуусахад 3 минут 50 сэкунд үлдээд байхад Том Зи халаалтын хувцсаа тайлан, шүүгчийн ширээ рүү алхахад ордонд цугласан 20 мянга гаруй үзэгч бүгд нэгэн дуугаар “Зииии” гэж орилохыг сонссон хэн ч тэр хайрыг мэдэрнэ.

NBA-гийн гараагаа эхэлсэн багтаа дуусга гээд Илгаускасыг зүгээр нэг авчирч байгаа явдал энэ биш юм. Кавалиерсийн үндсэн төвийн тоглогч Шакил О’Нил эрхий хуруугаа хугалж, Плэйоффын эхний тойрог хүртэл тоглох боломжгүй болсон нь шууд холбоотой. Одоогийн байдлаар Кавалиерсийн төвийн байрлалыг Жэй Жэй Хиксон, Андэрсон Варэжао нар ээлжлэн манаж байгаа ч, Плэйоффт энэ нь хангалтгүй. Орландогийн Дуайт Ховардыг хаалгана гээд Шакийг авчирсан ч Ховардыг сэлгэдэг Марчин Гортатыг хэн хаах вэ? Шакийн бэртэл сэдэрвэл яах вэ? Шак Ховардыг барахгүй бол яана? Илгаускасын хэрэг их бий шүү.
Хэрэв өнөөдөр хоёр талын хэлэлцээр амжилттай явагдвал Том Зи гэрээгээ тэр дор нь хийж, пүрэв гаригт Нью Орлеан хотыг багтайгаа хамт зорьж, харин хайртай фэнүүдийхээ өмнө ээлжит тоглолтоо даваа гарагт Сакрамэнтогийн эсрэг хийж болох юм.
Г.Идэр-Ууган /Score studio/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж