Их хөршүүдийн эдийн засагжсан уулзалт

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Их хөршүүдийн эдийн засагжсан уулзалт

Манай хойд болон урд хөршийн төрийн тэргүүн нар өчигдөр өглөө уулзаж эдүгээ дэлхийн нөлөө бүхий хоёр их гүрэн болоод байгаа улс орнуудын хоорондхи хамтын ажиллагааны цаашдын төлөвийг ярилцжээ. Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведевийн хэлж байгаагаар бол ноён Ху Жиньтаотай энэ жилийн хувьд тав дахь удаагаа уулзаж байгаа нь энэ аж. Харин түүний Хятад улсад хийж байгаа төрийн дээд хэмжээний хоёрдахь айлчлал юм байна. Хятадын төрийн тэргүүний урилгаар тус улсад ирсэн ноён Дмитрий Медведевийн хийж байгаа энэ айлчлал нь хоёр орны хоорондын харилцааны оргил үйл явдал болж байна гэж БНХАУ-ын дарга Ху Жиньтао уулзалтын үеэр онцолж байлаа.

 Мөн тэрээр Д.Медведевийн айлчлал нь бүх салбар дахь хоёр орны стратегийн харилцан ойлголцол болон бодитой хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болно гэж цохон хэлсэн байна. Энэ удаагийн уулзалт нэлээд ажил хэрэгч болохыг харуулсан арав гаран хэлэлцээрийг энэ үеэр үзэглэж байгаа бөгөөд тэдгээр нь ОХУ-ын ерөнхийлөгч Д. Медведевийн  хэлснээр “Орос Хятадын ойр нягт хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын илэрхийлэл болж чадна” гэж үзэж байгаа аж.

ОХУ-ын Ерөнхийлөгч айлчла­лынхаа үеэр хэд хэдэн чухал асуудал шийдсэний зэрэгцээ зарим чухал хамтын ажиллагааны нээлтэдл бас оролцож амжихаар төлөвлөсөн байлаа. Тэдгээрийн нэг нь ОХУ болон Хятадын нутгаар дамжин Номхон далайн бүс рүү гарах нефть дамжуулах хоолойны нээлтийн ажиллагаа болж байна. БНХАУ-ын дарга Ху Жиньтао болон Дмитрий Медведев нар Зүүн Сибирээс зүүн хойд Хятадын нутгаар дамжин гарч байгаа энэ хоолойн нээлтийн туузыг хамтран хайчилснаар Хятад улс сүүлийн хорин жилийн турш өдөр бүр 300 мянган баррель нефтийг Оросоос авах болж байна.


Ингэснээр Орос улс дэлхийн эдийн засагт хоёрт орж байгаа үйлдвэрлэлийн хүчирхэг гүрнийг нефтээр зонхилон хангагч гурван орны нэг нь болох юм. ( Хятадад Оросоо гадна Саупын Араб болон Ангол улсууд нефть нийлүүлж байна.)  Мөн Ху Жиньтао Медведев нар ирэх оноос Оросын байгалийн хийг Хятадад нийлүүлэх зөвшилцлийн талаар уулзалтын үеэрээ авч хэлэлцэхээр тохирчээ. Үүний зэрэгцээ Хятадпын зүүн нутаг дахь Тяньжинийн нефть боловруулах үйлдвэрийг барьж байгуулах асуудлыг ч хэлэлцэхээр болж байгаа юм . Нийтдээ 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар босох энэ үйлдвэр хамтарсан үйлдвэрийн хэлбэрээр ажиллахаар төлөвлөгдсөн ажээ. Нэг үгээр хэлбэл энэ айлчлал эдийн засагжсан , бүтээлч айлчлалын сайн жишээ болж байна гэж дүгнэгдэж байгаа гэнэ.

БНХАУ-д хийж айлчлалынхаа үеэр Хятадын төвийн хэвлэлүүдийн нэг Жиньминь Жибао сонинд өгсөн ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведевийн ярилцлага гадаадын мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг онцгой татсан байна. Түүний айлчлал болон хоёр орны хамтын ажиллагаа, мөн бүс нутгийн асуудлаар үнэлэлт дүгнэлт өгсөн энэ ярилцлагаас товчлон авсныг та бүхэнд толилуулья.

Жиньминь Жибао:  Ерөнхийлөгч Та хоёр орны харилцааг хэрхэн үнэлж байна вэ?…

Дмитрий Медведев:  БНХАУ-тай тогтоосон харилцаа бол Оросын гадаад харилцаан дахь өндөр ач холбогдол өгч байдаг харилцаануудын нэг юм. Манай хоёр орны стратегийн түншлэл нь 2001 онд байгуулсан найрамдал, хамтын ажиллагаа,сайн хөршийн харилцааны тухай Гэрээгээр бат бэх суурилагдаж цаашид ч хөгжиж байгаа. Энд цохон хэлэхэд, манай хоёр орны харилцаа өмнө нь хэзээ ч одоо байгаа шиг харилцан итгэлцлийн ийм өндөр түвшинг илэрхийлж байсангүй. Олон жилийн турш зохицуулж чадалгүй явсаар ирсэн хэцүү бэрх асуудал болох хил хязгаарын асуудлаар эцсийн шийдвэрийг гаргаж чадсаныг л энд дурдахад хангалттай. ….Би айлчлалаа Дальяанаас эхэлж байгаа. Энд Хятадын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амиа өгсөн зөвлөлтийн цэргүүдийн хөшөө дурсгал байдаг юм. Энэ дурсгал оросын болон хятадын байгууллагуудын хамтын хүчээр сэргээгдэн босож байгаа нь бэлгэшээлтэй зүйл. Энэхүү хөшөөний нээлтийн ёслолд оролцохоор төлөвлөсөн байгаа. Бид 2010 онд Дэлхийн хоёрдугаар дайнд ялалт байгуулсны 65 жилийн ойг тэмдэглэсэн. Энэ үйл явдал холбоотон байж хамтдаа фашизм, милитаризмтай тэмцэж байсан манай хоёр орныг нэгтгэж байдаг юм.

….Эдийн засаг худалдааны харилцаанд хамгийн нухацтайгаар анхаарлаа хандуулах болно. БНХАУ-ын дарга Ху Жиньтао бид хоёр олон ололт амжилтыг хүлээж болохуйц цогц төслүүдийг хэрэгжүүлэх Алс Дорнод болон Зүүн Сибирийн мужуудын хамтын ажиллагааны 2018 он хүртэл хэрэгжүүлэх хөтөлбөрийг өнгөрсөн онд дэмжсэн юм. Жишээ нь энэ дотор Байгаль нуурын усыг савлан нийлүүлэх үйлдвэрийг Эрхүүд барих төсөл, БНХАУ-д эрчим хүч гаргах Ерковецийн дулааны цахилгаан станцыг Амурын мужид сэргээн барих зэрэг төслүүдийг хэлж болно.

ЖЖ:  Та Орост шинэлэг арга барилтай эдийн зас­гийг хөгжүүлэхийн төлөө байдаг. Үүнтэй уялдаж Орос, Хятадын хамтын ажиллагааны ямар боломжууд нээгдэж болох вэ?

Д.М:  Дэлхийн эдийн засгийн хямралын сургамж аль ч улсын хувьд , тэр дундаа манай хоёр оронд ч тэр, шинэтгэл нь (инноваци)  хойшлуулшгүй чухал зүйл болохыг харуулсан. Орос оронд шинэтгэлийг онцгойлон хэрэгжүүлэх таван чиглэлийг бид тодорхойлсон байгаа. Үүнд: компьютерийн орчин, телекоммуникаци болон цөмийн технологи, анагаах ухаан болон сансар судлал,  эрчимтэй-үр бүтээлтэй эдийн засгийг бий болгох гэсэн чиглэлүүд багтаж байна. Би өмнө  нь шинэтгэлийн томоохон төв Орост байгуулж байгааг онцолж хэлж байсан. Энд татварын болон гаалийн гээд бусад хөнгөлөлтүүд үйлчлэх болно. Хятадтай хамтран ажиллахын хувьд гэвэл Оросын эрчим хүч, тээвэр , хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн олон салбар дахь шинэчлэл, хуучирсан тоног төхөөрөмжийг далайцтай шинэчилж солих энэ бүх Оросын эдийн засаг дахь эрэлт хэрэгцээ цаашдаа ч өсөх л болно. Саяхан ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам болон Хятадын үйлдвэрлэлийн яам хамтран машин-техникийн болон инновацийн бүтээгдэхүүний хоёр талын худалдааг эрчимжүүлэх Меморандумыг баталсан байгаа.

ЖЖ: Таны бодлоор Шанхайн хамтын ажиллагааны байгууллага бүс нутаг болон дэлхийн тогтвортой байдалд ямар үүрэг гүйцэтгэх бол…? Энэ байгууллагын хүрээнд Орос Хятад хоёр орны хамтран ажиллах ямар бололцоо, боломжууд байгаа вэ?

ДМ: Орос, Хятад хоёр болон  төв Азийн түнш орнуудын хамтын хүчин чармайлтаар  Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зөвхөн бүс нутгийн төдийгүй илүү даяаршсан хүрээн дэх нэр хүнд бүхий байгууллагуудын тоонд орж чадсан юм. Евразийн орон зай дахь тогтвортой байдал болон хөгжил дэвшлийн ямар ч асуудлыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын оролцоогүйгээр шийдэх тухай төсөөлөх ч боломжгүй гээд хэлчихэд хэтрүүлэг болохгүй гэж бодож байна. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын нөлөө өссөөр байгаа гэдгийг энэ байгууллага янз бүрийн төвшин дэх улс орнуудтай түншийн харилцаагаа улам тэлсээр байгаагаас харж болно. Ажиглагч орнуудын идэвх оролцоо ч өөрчлөгдөлгүй өндөр хэвээрээ байгаа. Тэргүүлэх хэмжээний олон улсын байгуулагууд болох НҮБ, Тусгаар орнуудын хамтын нөхөрлөл,  АСЕАН, Европ Азийн эдийн засгийн холбоо зэрэг байгуулагуудтай тогтоосон яриа хэлэлцээний төвшин дэх хамтын ажиллагаа улам л үр дүнтэй болсоор байна. Жишээ нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллага Афганистаны асуудлаар бүс нутгийн хамтын ажиллагааны талбар болох бүх үндэслэл бий.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж