Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Есдүгээр сарын 28

Есдүгээр сарын 28-ны баяр

Чехийн ван  Вацлав Пшемысловичийн 929 онд амь үрэгдсэн өдрийн дурсгалд чехууд  улс байгуулагдсан хэмээн энэ баярыг тэмдэглэдэг ажээ.
Прага. Вацлавын талбай
Чехийн ван Вячеслав (Вацлав) Болеслава (өнөөгийн Стара Болеслава) хотод амь үрэгдсэн байна. Дайн ялагдсаны дараа немцийн булаан эзлэгчдэд захирагдах гэлээ хэмээн түүнийг дүү Болеслав нь хөнөөсөн гэх домог байдаг. Домгоор Вячеславын цус гурав хоногийн турш газарт шингээгүй учир түүнийг хувилгаан гэж зөвшөөрөн үзсэн гэдэг. Болеслав нь хийсэн хэрэгтээ гэмшин ахынхаа цогцсыг Прагад авчирчээ. Одоо вангийн шарил хувилгаан Витагийн сүмд нойрсож байгаа ба түүний нэрээр Прага хотын төв талбайг нэрлэсэн ба энэ өдрийг Чехууд үндэсний баяр болгон тэмдэглэдэг ажээ.

Өдрийн ишлэл

"Хэрэв толгой дээр амаа ангайн зогсвол тийшээ чинь шарсан нугас орж иртэл удаан хүлээх болно доо”
(Хятадын гүн ухаантан Кунз МЭӨ 551 оны есдүгээр сарын 28-нд төржээ)
Кун Фузы  гэдэг нэрийн латинжсан нь Конфуций бөгөөд хятадаар “Кун зы”, 孔子 гэж бичигдэх нь их.
Бусад ишлэл: “Төрийг ухаалаг бусаар удирдах цагт баялаг ба хүндэтгэл ичгэвтэр”
“Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг шүтдэг шигээ хүмүүс гэгээрлийг хайрладаг бол ч!”
“Нэртэй хүн бусдын мөрөөр явдаггүй”
“Хүмүүс чамайг мэдэхгүй гэж бүү гутар, харин хүмүүсийг чи мэдэхгүйдээ л гутар”
“Юу хийхийг мэдэж байж түүнийг хийхгүй бол тэр нь хамгийн аймхай хэрэг”
“Мянган бээрийн зам нэгэн жижиг алхамаас эхэлдэг”
“Өндөр суудал эзлээгүй гэж битгий зов. Харин чи өөрийн байрандаа үүргээ биелүүлж чадаж байна уу гэдгээ л бодож үз”
“Өөрийн алдааг засахгүй байх нь хамгийн том алдаа юм”

Үйл явдал

Дэлхийн анхны ломбард Брюссельд нээгджээ

1618 он: Ломбард нь хүн төрөлхтний түүхэнд эртний санхүүгийн институт бөгөөд баян түүхтэй. Түүний тухай анхны мэдээллийг эртний Грек, Ромын эх сурвалжаас үзэж болно. Хятадад ломбардын зарчмаар ажилладаг байгууллага 3000 жилийн өмнө байсан мэдээлэл бий. Зээлдэгчийн хөдлөх хөрөнгөөр барьцаалагдсан зээл олгох тусгай байгууллагыг ломбард гэнэ. Голчлон үнэт металл ба ахуйн хэрэглээний эд хөрөнгийн барьцааг ломбард авдаг. Хөрөнгийн үнэлгээг тохиролцоогоор хийх бөгөөд хөрөнгийн эзэнд гэрээний дагуу зохих мөнгө ба ломбардын баримтыг өгдөг.
Европт ийм байгууллага дундад зуунд үүссэн бөгөөд Англи, Бельги хоёр анхдагч нар нь юм. Тэнд Италийн Ломбарди мужаас гаралтай хүмүүс Ломбарди ордонг байгуулсан байснаас ломбард гэсэн үг үүсчээ. Банкийн систем дорой, эдийн засаг нь хүндрэлтэй байснаас энэ зарчмын санхүү Европ ихээхэн дэлгэрсэн байлаа.
Дэлхийн анхных болох ломбард Бельгийн Брюссель хотод Ломбардийн ордон нэртэйгээр 1618 оны энэ өдөр нээгдсэн нь өнөөг хүртэл ажилласаар байгаа аж.

Анхдугаар интернационал байгуулагдав

1864 он: Ажилчин ангийн анхны олон нийтийн байгууллага Нэгдүгээр интернационал Лондон хотноо байгуулагджээ. XIX зууны дунд үеэр дэлхийн эдийн засгийн хямрал үүсч ажилчин ангийн ажил хаялт, хувьсгалт хөдөлгөөн гарч ирэн бие даасан улс төрийн байгууллага болсон байна. Лондоны Сент-Мартинс-холл-д болсон англи, франц ажилчдын олон улсын цуглаан олон улсын ажилчдын холбоо болох Анхдугаар интернационалыг байгуулсан ажээ. Бараг 2000 хүн оролцсон уг цуглаанд Польш, Итали, Ирланд, Германы ажилчдын төлөөлөгч тэдний тоонд 1848 онд “Орон бүхний пролетари нар нэгдэгтүн! гэсэн алдартай уриаг гаргагч Карл Маркс оролцжээ. Түүнийг удирдах товчооны гишүүнээр сонгосон байлаа. Марксын бэлтгэсэн Зохион байгуулах тунхаг болон Нэгдүгээр интернационалын дүрмийг тэр жилийнхээ арваннэгдүгээр сарын 1-нд баталжээ. Эдгээр хөтөлбөрийн чанартай баримтуудад ажилчин ангийн засгийг байгуулах үндсэн зарчмыг тогтоон капитализмыг халах мөн “ажилчин ангийн чөлөөлөлтийг ажилчин анги өөрөө хийнэ” гэсэн зорилтыг дэвшүүлсэн байв. Хувьсгалч гишүүдээр хүрээлүүлэн Маркс Нэгдүгээр интернационалыг удирдах болсон байна. Удирдлагад нь гарсан хагарлын улмаас тус байгууллага 1876 онд оршин тогтнохоо болжээ.

Ер бусын цэвэр алмаз олборложээ

1991 он: Зөвлөлтийн “Якутзолото” нэгдлийн Айхалийн уулын баяжуулах үйлдвэрт ер бусын цэвэр 241,8 каратын алмаз олборложээ. Саха-Якутын Засгийн газар ГКЧП-ийн (Онцгой байдлын улсын комисс) үймээн дарагдсаны дараа тэр алмазыг “Чөлөөт Орос” гэж нэрлээд Кремлийн Эрднэсийн санд хадгалуулахаар өгчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж