
Боловсруулсан түлшний үнэ ямар байх вэ?
Боловсруулсан түлшний үнэ ханш ямар байх уу, энгийн зууханд түлж болох уу гэх асуултын хариуг жилийн жилд иргэд нэхдэг. Энэ удаад холбогдох албаны хүмүүс кокссон, үртсэн, шахмал түлш гэсэн гурван төрлийн боловсруулсан түлшийг ердийн зууханд түлэхэд ямар ч асуудалгүй гэж мэдэгдлээ. Үнэ ханшийн хувьд коксон түлшийг бэлтгэхэд зардал өндөртэй учраас түүхий нүүрснээс илүү үнэтэй. Тиймээс коксон түлшийг нэг тонныг нь 70 мянган төгрөгөөр худалдаалах юм байна. Харин үртсэн шахмал түлш нэг тонн нь 120 мянган төгрөг. Албаны хүмүүс дунджаар нэг айл хоёр тонн үртсэн түлшээр өвлийг барна гэх тооцоог гаргажээ. Харин үртсэн түлшийг хэрэглэж үзсэн иргэд илчлэг багатай, дулаанаа удаан хадгалдаггүйн дээр нэг айл дор хаяж 5-6 тонныг хэрэглэнэ гэх тооцоог гаргасан байх юм. Тиймээс ч албаны хүмүүсийн яриад байгаа шиг 240 мянган төгрөгийн бус доод тал нь 600 мянга орчим төгрөг зарцуулж байж шахмал түлшээр өвлийг давахаас илүүтэй 250 мянган төгрөг зарцуулах таван тонн нүүрсээ авах нь ашигтай аж.
Нүүрс түлвэл хөдөлмөрийн хөлсийг 2-3 дахин нэмж торгоно
Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлахад хяналт тавих, хэрхэн хариуцлага тооцох вэ гэдэг асуудал гарч ирнэ. Агаарын чанарын албаныхан Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 25 мянга орчим айлын хаалгыг тогшиж явахгүй нь ойлгомжтой. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль хэлэлцэж байхад гэр хорооллын өрх бүрээс хоёр мянган төгрөгийн төлбөр авах тухай яригдаж байсан ч ядуу иргэдээ “харж үзэн” ийм зүйл заалт оруулаагүй. Харин нүүрс нийлүүлэгчдээс төлбөр авахаар тусгасан аж. Гэхдээ иргэн бүр мултарчихаж байгаа юм биш. Учир нь төлбөр төлөх субьектэд түүхий нүүрс олборлогч, автомашин эзэмшигч, агаар бохирдуулагч эх үүсвэр хэрэглэж байгаа иргэн, аж ахуйн нэгж агаарт ямар хэмжээний хорт утаа ялгаруулж буйгаас хамааран тодорхой хэмжээний төлбөр төлөхөөр хуульд заасан. Хууль зөрчсөн иргэнийг агаар бохирдуулсан бодисын агууламж, хаягдлын хэмжээнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож хариуцлага тооцохоор хуулиндаа тусгажээ. Тэгэхээр одоо сонгогдоод байгаа гурван дүүргийн 25 мянга орчим айл хүссэн ч хүсээгүй ч түүхий нүүрснээс татгалзах хэрэгтэй болох нь.
Шахмал түлшний үйлдвэр барихад таван тэрбум төгрөг төсөвлөжээ
2007 онд УИХ-ын 46 дугаар тогтоол гарч агаарын бохирдлыг бууруулахад жил бүр 50-иас доошгүй тэрбум төгрөг зарцуулбал үр дүн гарна гэж үзсэн байдаг. Гэтэл сүүлийн гурван жилд нийт дүнгээрээ агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр улсаас 8.7 тэрбум төгрөг төсөвлөж 8.2 тэрбум төгрөгийг нь зарцуулсан ч дорвитой үр дүнд хүрсэн зүйл алга. Тэр ч байтугай 2008 онд коксон түлшний үйлдвэрийг дэмжих чиглэлээр 10 тэрбум төгрөг тусгагдсан ч холбогдох байгууллагуудын хариуцлагагүй байдлаас бодит ажил болгож чадалгүй улсын төсөвт хураалгасан талаар УИХ-ын зарим гишүүд ярьж байсан. Энэ онд Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хагас коксжсон, коксжсон түлшний үйлдвэр байгуулахад улсын төсвөөс таван тэрбум төгрөг тусгасан байна. Энэ мөнгийг Эрдэс баялаг эрчим хүчний яам хариуцаж, бодит ажил болгох ёстой аж.
Боловсруулсан түлшийг 12 компани нийлүүлнэ
Энэ өвөлдөө 71 мянга 800 тонн боловсруулсан түлшийг 12 компани албан ёсоор нийлүүлэхээр гэрээ хийж, хороодод түгээх хуваарийг гаргажээ. Тухайлбал, Баянгол дүүрэгт 96, Чингэлтэй дүүрэгт 54, Сүхбаатар дүүрэгт 28 гэрээт борлуулалтын цэг ажиллах аж. Түүнчлэн гурван дүүрэг тус бүр нэгдсэн цэг ажиллуулж гэрээт борлуулагчид дүүргийнхээ цэгээс өдөр тутам боловсруулсан түлшээ авч байхаар зохион байгуулж буй. Энэ чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг цөөхөн компани байдаг. Тухайлбал Шарын голд хоёр, Төв айгийн Баян суманд нэг коксжсон түлшний үйлдвэр, Сэлэнгэ аймгийн Жаргалант, Түнхэл суманд дөрвөн үйлдвэр, Булган аймгийн Хялгант тосгонд 800-10 мянган тонн үртсэн түлш жилдээ үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр гээд нийтдээ 12 үйлдвэр ажиллаж байна. Өмнөх жилүүдэд шахмал түлшний үйлдвэрүүд гэрээгээ биелүүлэхгүй байснаас маргаанд хүрч байсан удаатай. Тиймээс гэрээний үүргийг биелүүлэхгүй бол алданги тооцох зэргээр хатуу арга хэмжээ авахаар гэрээ байгуулжээ.
Гэр хорооллын 180 мянган өрхийн утаа, 2000 гаруй нам даралтын халаалтын зуух, дөрвөн цахилгаан станц, жилээс жилд нэмэгдэж буй автомашин, үйлдвэрүүдийн техник технологийн хоцрогдол, тоосжилт гээд агаарыг бохирдуулах эх үүсвэр даан ч олон. Хотын агаарын бохирдлыг бууруулахаар хийж буй энд тэндээс нь сэглэсэн ажлууд үр дүнгүй гэдэг нь амьдрал дээр нотлогдож эхлэв. Энэ жилийн хэрэгжүүлж буй гэр хорооллын өрхийн түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах ажлын бодит үр дүнг харж л байя.
С.ОТГОНСҮРЭН