Солонгосчууд туршлагаа хуваалцана

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Солонгосчууд туршлагаа хуваалцана

Манай улсын хувьд ажиллах хүчин хангалттай, ажлын байр ч жилээс жилд нэмэгдэж байгаа ч ажилгүйдэл буурахгүй байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан. Хөдөлмөрийн зах зээл дээрх энэхүү гаж үзэгдлийг бууруулах үүднээс хийх ажил их байгаа. Тиймээс хөдөлмөрийн асуудлыг эрхлэн хариуцдаг салбарын яамнаас ирэх сард үндэсний чуулган зохион байгуулахаар болсон. Харин уг чуулганы урьтал болгон зохион байгуулж буй ажлын нэг нь “Хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл мэдээллийн шинэ орчин ба ажил олгогч” сэдэвт семинар юм. Семинарыг байгуулагдаад удаагүй байгаа Хөдөлмөрийн төв биржээс  зохион байгуулна.  Чингис зочид буудалд болох уг семинарт салбарын сайд Т.Ганди  болон Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Д.Баярсайхан, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар нар оролцож үг хэлэх юм байна. Семинарын үеэр Хөдөлмөрийн төв биржийн үйл ажиллагаа болоод удахгүй бий болох хөдөлмөрийн мэдээллийн баазын талаар танилцуулна. Мөн БНСУ-ын төлөөлөгчид уг семинарт оролцож хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн туршлагаасаа хуваалцах юм байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж