
МАХН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох Монголын Ардчилсан социалист залуучуудын холбоо хэдхэн хоногийн өмнө ээлжит IV Их хурлаа хийж, Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбоо болж, нэр билэгдлээ өөрчилж, удирдах бүрэлдэхүүнээ шинэчлэн томилсон. Шинэ удирдлагатай болж шинэчлэсэн бүрэлдэхүүнээр ажлаа явуулах болсон Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооныхон энэ сарын 26-наас нийслэлийн бүх дүүрэгт залуусын дунд “3Р” буюу Public Private Partnership нэртэй санал асуулга өрнүүлэхээр болж, ажлаа эхлүүлжээ. Санал асуулгын зорилго нь залуусын дунд тулгамдаж байгаа асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг тодорхойлоход оршиж байгаа аж. Өнгөрсөн амралтын өдрүүдээр “3Р” нээлттэй хэлэлцүүлэг нийслэлийн бүх дүүргүүдэд нээлтээ хийж , нийслэлийн Хан-Уул дүүргийн залуус “Залуусын дуу хоолой” сэдэвт өдөрлөг зохион байгуулсан байна. Тус өдөрлөгт Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ, дэд ерөнхийлөгч Д.Амарбаясгалан, ерөнхий нарийн бичгийн дарга н.Алтансүх нар оролцож, залуусын санал бодлыг сонсож, тулгарч байгаа саад бэрхшээлийг даван туулах, гарах арга замыг ярилцсан юм.
Дашрамд тэмдэглэхэд, санал асуулгыг нийслэл даяар 21 хоногийн турш үргэлжлүүлж, нэгтгэн, Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбоо нь ирэх дөрвөн жилийн ажлын стратеги зорилтоо тодорхойлох аж. Энэ ажлыг 300 орчим залуус гардан хийж байгаа бөгөөд тэд өмнөө тулгамдаад байгаа нийтлэг бэрхшээл, нэн даруй шийдвэрлэх ёстой асуудлуудаар санал боловсруулж холбогдох албанд хүргэж бодит ажил болгон шийдвэрлүүлэхийн төлөө мөн үүнд залуус нэг бүрийг хамруулахын төлөө ажиллаж буй юм байна.
Г.Дарь