Эрүүл мэндийн зөвлөлгөө өгөв

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн зөвлөлгөө өгөв

Аймгийн хүүхдийн төлөө хэлтсээс “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн нэрэмжит сарын ажлыг  “Хүүхэд, залуучуудын эрүүл мэнд” сэдвээр зохион байгуулав. Энэ хугацаанд хийх ажлын талаар аймгийн төвийн албан газрын удирдах ажилтны шуурхай цуглаанаар танилцуулсны дээр хүүхдийн парламентын болон скаутын байгууллагын идэвхтэн, сонгуультны оролцоотойгоор эрүүл мэндийн хэвийн ажиллагаанд нэн шаардлагатай зарим дасгал хөдөлгөөнийг өдөр тутмын хэвшил болгохыг санал болгож хамтран хийж үзүүлэв. Хүүхэд, залуучууд, ер нь иргэдийн эрүүл мэндийн дадал заншилд хэвшүүлэх зүйлийн талаар зөвлөмж бэлтгэн олон нийтэд хүргэсний дээр “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын  “Булган хангай нутгийн хөгжлийн хөтөлбөр”-тэй  хамтран хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж  Бүрэгхангай,  Дашинчилэн, Гурванбулаг, Рашаант, Булган сумын 30 шахам хүүхэд хамруулсны зэрэгцээ хүүхдүүдийн дунд  спортын уралдаан тэмцээн явуулсан байна. Хүүхдийн төлөө хэлтсийн мэргэжилтэн, “Жайко“ байгууллагын  сайн дурын гишүүн, хүүхдийн парламентын төлөөлөгчид Дашчойнойнхирлон хийдэд ажиллаж энд шавилан суудаг  хүүхдүүдийг гараа хэрхэн угаадаг талаар өөрсдөөр нь  үзүүлээд дараа нь зөв  угаах аргыг биечлэн  харуулж, аргачлалыг  үзүүлсэн зурагт мэдээлэл олгожээ.  Мөн хүүхдийн төлөө хэлтсийн ажилтнууд болон хүүхдийн байгууллагын төлөөллийнхөн худалдаа үйлчилгээний  газруудад очиж такси, жимс ногоо, барааны үйлчилгээ эрхэлдэг иргэдтэй уулзан эрүүл мэндийн сурталчилгаа хийсний дээр эцэг эхчүүдийн дунд энэ арга хэмжээг зохион байгуулсан байна. Хүүхдийн эрүүл мэндийн асуудлаар насанд хүрэгч 100 иргэн, мөн 100 хүүхдээс  санал асуулга авч нэгтгэлээ. Сарын ажлаас дүгнэлт хийж “Эрүүл мэндэд хүүхдийн оролцоо” загварыг аймгийн төвийн нэгдүгээр дунд сургуулийг түшиглэн загвар сургалт  зохион байгуулахаар төлөвлөж  байна.

Ж.Мөнх-Очир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж