“Женерал Электрик” Монголыг онилжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

“Женерал Электрик” Монголыг онилжээ

Дэлхийд
өөрийн хөрөнгийн хэмжээгээр 2010 оны байдлаар хоёрдугаарт бичигдээд
байгаа  “Женерал Электрик” компани Монголын зах зээлд орж ирэх бэлтгэлээ
бодитой хийж эхэллээ.
Тус
компанийн Хятад болон зэргэлдээх орнуудыг хариуцсан Ерөнхийлөгч бөгөөд
Гүйцэтгэх Захирал Марк Норбом хэлэхдээ “Бид дэд бүтэц болон санхүүгийн
үйлчилгээний салбарт хуримтлуулсан арвин туршлага, мэдлэг, технологио
Монголд авчрах болно” гэжээ. Тэрбээр энэ үгийг Нью-Йорк хотноо Монгол
Улсын Ерөнхий сайд С.Батболдын АНУ-д хийж буй айлчлалын үеэр болсон
санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаан дээр хэлсэн байна.
Дээр хэлснээс үзвэл “Женерал Электрик” уул уурхай, түүнийг дагасан дэд
бүтцэд хөрөнгө оруулалт хийхээр “ерөнхий архитектур” гаргасан бололтой.

Уг
нь “Женерал Электрик” буюу “GE” компани цахилгаан эрчим хүч, нисэх
онгоцны хөдөлгүүр, эрүүл мэндийн тоног төхөөрөмж, санхүүгийн
үйлчилгээний салбарт тэргүүлэх байр суурь эзэлж байгаа төдийгүй
Холливудын “Юниверсал Пикчерз”, АНУ-ын телевизийн гол компани NBC-г өөрт
багтаасан хувьцаат компани юм. Энд дурдагдсан үйл ажиллагааны
чиглэлүүдээс заавал дэд бүтэц, санхүүгийн үйлчилгээний технолиогоо
Монголд авчрахаар онцолсон нь санамсаргүй зүйл биш биз ээ.

Гэрлийн
чийдэнгийн “эцэг” гэгддэг Америкийн алдарт зохион бүтээгч Томас Эдисон
1890 онд үүсгэн байгуулахдаа өгсөн “Женерал Электрик” нэрээ зуу гаруй
жил хадгалж байгаа тус компани бол дэлхийд танигдсан брэнд. Энэ брэндийн
нэр 50 тэрбум ам.доллараар үнэлэгддэг аж. Компанийн нийт хөрөнгө 2009
оны байдлаар 781тэрбум ам.доллар, нийт зах зээлийн үнэлгээ нь 169 тэрбум
ам.доллар, нийт борлуулалт нь $157 тэрбум ам.доллар байжээ. Тэд яагаад
Монголыг яагаад онцлов?

“GE”-ийнхэнд байгаа тооцоогоор ирэх 10
жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өнөөгийнхөөсөө зургаа дахин
өснө. Мөн Монгол үсрэнгүй хөгжилтэй, байгалийн баялгийн эрэлт хэрэгцээ
нь улам бүр өсч буй улс орнуудтай зэргэлдээ орших стратегийн чухал
байршилтай. Эрчим хүч, уул уурхайн нөөц баялагтай. Энд дэлхийд зэс,
нүүрсний хамгийн томд тооцогдох ордууд байдгаас гадна салхины арвин их
нөөц бий. Харин байхгүй зүйл нь гэвэл өнөөхөндөө мөнгө, бас үйлдвэрлэл.
Энэ орон зайд хөрөнгө оруулалт хийх, үйлдвэрлэл явуулах ирээдүйг тэд
харж байгаа хэрэг.

Монголын талаас “Ньюком” группийг түншээр
сонгоод буй бөгөөд тэд эрчим хүч, иргэний агаарын тээвэр, эрүүл мэнд,
төмөр зам, усан хангамж, уул уурхай, гэрэл цахилгаан болон санхүүгийн
үйлчилгээ гээд нэлээдгүй олон салбарт урт хугацааны түншлэлийн харилцаа 
байгуулах үндсэн чиг болоод зарчмыг харилцан тохиролцсон байна. Дэлхийн
зуу гаруй оронд 300 мянга гаруй ажилтантай, хөрөнгийн хэмжээгээр
дэлхийд дээгүүрт нэр дурдагддаг компани Монголд хөл тавих нь тодорхой
боллоо.

Монголын эдийн засаг сэргэж, өсөлт нь эрчимжинэ гэсэн
тооцоо бол манай улстөрчдийн сонгуулийн барин тавим амлалт биш гэдгийг
илтгэх үйл явдал, дохионууд ирэх жилүүдэд энэчлэн шил шилээ дараалах
болно. Харин үүнд иргэд итгэл муутай байна. Мөнгө Монгол руу орж ирэхдээ
хаана хэний хэтэвч рүү орж, хэний амьдрал сайжрах вэ гэдэг жагсаалтад
иргэн Дорж өөрийнхөө нэрийг бичих итгэлгүй байна. Хөрөнгө оруулагч олох,
санхүүжүүлэгч гуйх гэдэг гачлангаас сугарч гарсан монголчуудад цаашид
баялгаа хэрхэн зарцуулах, иргэдэд хэрхэн өгөөжийг нь хүртээх вэ гэдэг
асуудал л зовлон болох бололтой. Уг нь үндэсний нийт бүтээгдэхүүний
хэмжээ ирэх 10 жилд зургаа дахин өснө гэдэг нь энгийнээр иргэн танд
ногдох ашиг зургаа дахин өснө гэсэн үг. Үүнийг хүртэхийн тулд та бид
хэтэвчээ тэр хэмжээгээр томруулах биш засаглалыг зургаа дахин сайжруулах
ёстой болно. Тэр цагт л дэлхийд тэргүүлэгч компаниудын тооцоолж буй
Монголын эдийн засгийн өсөлт монгол хүн бүрийн идэх талханд шингэх
болно.

З.БОРГИЛМАА 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж