Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ

Үндэсний шинэ намынхан нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхэд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хүчингүй болгож өгөхийг хүсэн нэхэмжлэл гаргасан байна.  
Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу майнз монголиа инк” компанийн хооронд байгуулсан энэхүү хөрөнгө оруулалтын гэрээг чухам ямар үндэслэлээр хүчингүй болгож өгөхийг хүсч буйгаа дараах үндэслэлээр тодорхойлжээ. Нэхэмжлэлд Монгол Улсын Засгийн газар,  “Айвенхоу майнз Монголия инк” ХХК-ны хооронд   байгуулсан гэрээний зарим зүйл, заалт нь Иргэний хууль,  Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн гэж үзсэн байна. Тухайлбал, нэгдүгээрт
гэрээний  Засгийн газартай гэрээлэгч талд хэд хэдэн хуулийн этгээд оролцож байгаа нь гэрээний үүрэг, хариуцлагыг  бүрхэгдүүлж, улмаар Монголын талын эрх ашигт хохирол учруулахуйц болсон, санхүүгийн эх үүсвэр хамтран хайх үүрэг хүлээсэн Айвенхоу Майнз Монголиа Инк ХХК-г хөрөнгө оруулагч байдлаар тусгасан нь хууль зүйн болоод, эдийн засгийн чадамж бүхий бус этгээдтэй байгуулсан хэрэгжих үндэслэл багатай,
    Хоёрт, гэрээний 1.8 дахь заалт Улсын Их Хурлын 2009 оны долдугаар сарын 16-ны өдрийн 57 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх мэт дөрвөн зүйл үндэслэлийг дуньджээ.
Мөн энэхүү гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, Улсын Их хурал,  ард түмнийг хууран мэхэлсэн үйл ажиллагаа болсон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 –т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох дүр үзүүлэн хийсэн гэрээ болжээ гэж үзэж Монгол улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8, 56.1.10, 56.4, 56.5, 56.6 дахь хэсгүүд, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсгүүдэд заасныг үндэслэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-дэх хэсэг, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгүүдийн дагуу Монгол Улсын Засгийн газар, Айвенхоу майнз Монголия ХХК-ний хооронд 2009 оны аравдугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчин төгөлдөр буст тооцуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
         
Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж