Циркийг нураах саналаас татгалзжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Циркийг нураах саналаас татгалзжээ

Цирктэй холбоотой маргаан өнгөрсөн тавдугаар сараас эхлэн нэлээд эрчимтэй яригдаж эхэлсэн. Мөн саяхнаас цирк жүжигчингүй болоод зогсохгүй амьтангүй болж байна гэх яриа ч газар аваад байлаа. Гол нь маргаан ор үндэсгүй биш аж. АСА групп 2007 онд өмчилж авахдаа циркийн оронд спортын том цогцолбор барих төлөвлөгөөтэй байсан ч үүнийгээ нууцалж байжээ. Мөн Монголд огт байгаагүй орон сууцны хороолол барихаар зураг төслүүдийг нь гаргаж амжжээ. Харин хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд үүнд нь татгалзсан хариуг өгсөн байна. Гэхдээ энэ асуудал ингээд зогссонгүй цирктэй холбоотой хэл ам үргэлжилсээр байгаа юм. Тиймээс энэ талаарх бодит мэдээллийг хүргэхээр циркийг зорилоо. Бодит байдал дээр цирк эл хуль болоод өөрчлөгдсөн зүйл алга байлаа. Үүдээр нь ороход мэдээллийн самбар дээр орох гарах хүмүүсийг сайтар шалгаж байх утгатай захирлын тушаал, манежинд бэлдэх хамтлагуудын цагийн хуваарийг тавьжээ. Мөн шинэ тоглолттой холбоотой ханын зургуудыг хадсан байлаа. Түүнчлэн дотогшоо орох нарийн хонгилоор циркийн жүжигчин залуус холхих нь циркийн үргэлж эрч хүч, хөдөлгөөнөөр дүүрэн байдгийг илтгэнэ. Тэрхүү нарийн хонгилоор манежруу явж байтал аваргын ээж Х.Пүрэвбадам таарч бидний асуултад хариулт өгсөн юм.

Монголын Үндэсний цир­кийн гүйцэтгэх захирал Х.Пүрэв­бадам

-Цирк жүжигчингүй, амьтангүй болж байна. Удахгүй хаагдах нь гэх яриа их гарах боллоо?

-Циркийн хүн, хүчний болон хөлс төлөлтийн системд өөрчлөлт орсон. Өөр юу ч өөрчлөгдөөгүй. Өмнө нь циркийн жүжигчин үзүүлбэр тоглосон ч, тоглоогүй ч цалин авдаг байсан. Тэгээд чадалтай улсуудын тоглож олсон жаахан мөнгийг ажил хийхгүй зүгээр цаг бүртгүүлээд явдаг хүмүүс хувааж идээд байдаг муухай тогтолцоо байсан. Үүнд л өөрчлөлт оруулсан юм. Хэрвээ чиний асууж байгаа шиг ийм яриа гарч байгаа бол ийм яриаг гаргаж байгаа хүмүүс өөрсдөө циркт тэнцэхгүй байгаа хүмүүс л байх даа.

-Циркийг нурааж өөр байгуу­ламж барих санааг гаргасан гэ­сэн. Үнэн үү?

-Циркийг анх хувьчилж авч байхад ч бидэнд нураах ч юмуу өөр барилга барих тийм сонирхол үнэхээр байгаагүй. Яахав спортын том цогцолбор барих санаа байсан. Гэхдээ тэгээгүй. Харин ч циркээ өөд нь татах гээд л хөдөлмөрлөж байна. Өнөөдрийг хүртэл засвар, шинэчлэл гээд маш их хөрөнгө зарцуулсан. Нураах байсан бол бид яах гэж энэ их засвар, шинэчлэлийн ажлыг хийх байсан юм бэ. Харин ч энэ хүмүүс хэлж байгаа байх. Циркийн нөхцөл сайжирсан. Өмнө нь амьдралаа бодоод гадаад дотоодод тоглож байсан хүмүүс одоо цирктээ буцаж ирж байгаа. Циркт ажиллаж хөдөлмөрлөх боломжтой болсон байна гээд шүү дээ. Ирээд эндээ чанартай уран бүтээл хийж байна. Ямар ч байсан бид цирк байхгүй болох нь, нураах нь гэх яриаг үгүйсгэж байгаа.

Монголын үндэсний циркийн уран бүтээл хариуцсан захирал О.Булган

-Циркийн энэ маргаантай асуу­далд та ямар хариу хэлэх вэ?

-Үнэхээр гайхаж байгаа. Удах­гүй манай улсын бүхэл бүтэн тог­лолтын баг 10 жилийн дараа  ОХУ руу явахахаар бэлтгэж байна. Одоо манай Үндэсний циркээс дө­чөөд уран бүтээлч гадаадад тог­лож байна. Мөн 120 гаруй уран бүтээлчид цирктэйгээ гэрээтэй ажиллаж байна. Тэгтэл ингээд сай­хан уран бүтээлээ хийгээд явж бай­хад ийм сонин яриа гараад байгаад үнэхээр гайхаж эмзэглэж байгаа. Харин ч АСА групп циркийг хувьчлан авч АСА Цирк нэрийн дор ажиллуулж байгаад циркийн урлагийг хүндэтгэн буцаагаад Монголын Үндэсний цирк болгосон шүү дээ.

-Тэгвэл энэ яриа юунаас болж гарсан байх вэ. Одоо бас танайх амьтангүй болж бүүр эзгүйрч байна гэх юм?

-Би ингэж боддог юм. Хэр­вээ циркийг менежментийн хувьчла­лаар гадны компани авсан бол ха­рамсалтай биз дээ. Магадгүй манай циркийнхэн өөрсдөө хувьчла­лаар аваач гэж хандсан ч юм билүү. Би  мэдэхгүй л дээ. Ер нь ма­найхан аваргыг их хүндэлдэг. Миний бодлоор манайхан өөрсдөө аваргынхаа нэр хүндийг унагаад байдаг юм шиг санагддаг. Одоо зо­дог тайлах гэж байна. Тийм хүндтэй ажлынх нь өмнө битгий ийм байдал гаргаасай гэж хүсмээр байгаа юм. Гэхдээ би аваргатай ямар ч ха­маагүй хүн  хамаатан садан нь биш. Амьтдын асуудал бол өөр юм яригдана. Манай циркийнхэн 25 жил болоод тэтгэвэрт гардаг. Амьтан маллагч нар ч ялгаагүй. Харин манай амьтан сургагч нарт залгамж үе нь гарч ирэхгүй болохоор цөөн хэдэн хүнээр дуусчихаж байгаа юм. Тэгээд сургагч байхгүй байхад бид амьтдаа тоглуулахгүй 4-5 жил болж байсан. Бид тоглуулахгүй байж хий дэмий хооллоод, хориод байж болохгүй. Дээрээс нь Мэргэжлийн хяналтын газраас бидэнд удаа дараалан шаардлага ирүүлсэн. Амьтан, хүн хоёр зэрэг байж болохгүй гэсэн. Эрүүл ахуй, ариун цэврийн үүднээс тэр юм билээ. Тэгээд ч удаан хориод байхаар амьтдын зан авирт ч өөрчлөлт гараад байгаа нь мэдэгдээд байсан. Тиймээс зарим морь болон амьтныг байгальд нь тавьсан. Амьтан хамгаалах нийгэмлэгээс ч бидэнд талархал илэрхийлж байгаа. .

Дасгалжуулагч багш Г.Энх-Амгалан

-Цирк жүжигчингүй болсон гэх ийм яриаг би хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэхээр би циркдээ л ажиллаж байсан. Одоо ч ажиллаж  байна. Миний хүүхдүүд ч энд ажиллаж байна. Циркийн дарга нар нь л өөрчлөгдсөн болохоос жүжигчид нь өөрчлөгдөөгүй шүү дээ. Харин ч одоо нөхцөл байдал сайжирч байна. Цалингийн хувьд бүүр ч сайжирсан. Би сая багаараа найман удаа тоглолт хийгээд л өмнө нь хоёр сард авдаг байсан цалингаа авсан. Хэн их хөдөлмөрлөж манежинд гарч тоглож байна тэр хүн илүү цалин авах болж байна. Ямар ч байсан эл хуль болоод цирк сөнөх гэж байна гэсэн яриатай бол эвлэрэхгүй. Ха­рин зах зээлийн шалгарлаар амьд­рах чадваргүй хамтлагууд устаж үгүй болж байгаатай харин санал нийлнэ.

Нийслэлийн Хот байгуулалт, төлөвлөлтийн газрын Сүх­баатар дүүрэг хариуцсан архи­тектор Т.Хорлоо

-Тавдугаар сард үнэхээр тийм зураг ирсэн. Түүнийг нь бид долдугаар сард техникийн зөвлө­гөөнөөр авч хэлэлцээд татгалзсан хариу өгсөн юм. Бидний хувьд ч ганц байгаа циркээ нураалгах хүсэл алга. Ер нь хэнд ч тийм сонирхол байхгүй шүү дээ. Анх циркийг өм­чилж авахад л зориулалтаар нь ашиглах тухай ярьсан байлгүй. Тэгэхээр циркийн оронд орон сууц барьж болохгүй л дээ.

Ийнхүү циркийн удирдлагууд бо­лон циркийн жүжигчид нь энэ байгууламжийг нураана гэх мэдээ­лэлтай санал нийлэхгүй байна. Ма­гадгүй уран бүтээлч хүмүүсийн гол баялгийг нь хадгалж, хөгжүүлж буй гол ундарга нь болоод ч тэрүү тэд энэ асуудалд үнэхээр эмзэглэж бай­лаа. Мөн мэргэжлийн хүмүүс ч ийм зүйл байж болохгүйг хэлж байна. Ямар ч байсан Монголын Үндэсний цирк үйл ажиллагаагаа хэвийн үргэлж­лүүлж байгаатай танилцлаа. Тиймээс циркийг нураахгүй нь.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж