Та сайхан хосын нэг мөн үү?

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Та сайхан хосын нэг мөн үү?

Өөртөө хайртай бай
Өөртөө таалагддаггүй, өөртөө дургүй хүн  өрөөл бусдад яаж  дуртай байх билээ. Хичнээн их ажилтай байсан ч өөртөө ганц цагийг зориулж, эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарал тавьдаг бол та өөрийгөө хайрладаг, өөртөө таалагддаг хүн гэсэн үг. Өөрийгөө хайхардаггүй бол энэ мөчөөс өөртөө анхаарал тавь. Учир нь ирээдүйд бий болох сөрөг үр дагаварын таатай хөрс болж өгдөг. Хайрт чинь ч бас таныг өөртэй  чинь адилаар хайрлах сэтгэлийг төрүүлэх болно.

Бие биедээ цаг гарга
Хэдийгээр та хоёр энэ хорвоогийн хамгийн чухад ажлыг  эрхэлдэг, завгүй нэгэн байлаа ч нэгэндээ заавал цаг гаргаж бай. Гэхдээ цаг гаргана, хамт байна гэдэг бол зөвхөн нэг оронд унтах, сексийн хэрэгцээгээ хангах төдийд гэж өрөөсгөл ойлгож болохгүй. Яаруу сандруу, сонин уншиж, ТВ үзсэн, эсвэл утсаар ярингаа хамт хооллосноо хамт байсанд бас тооцож болохгүй. Хамгийн гол нь хамтдаа хийх дуртай зүйлтэй болж, түүгээрээ дамжуулан, нэгнийгээ танин мэдэх, хайртынхаа санаа бодол,ажил төрөл нь ямар байгаа зэргийг мэдэрч, харилцан ярилцах нь чухал юм.

Мэдрэмжтэй бай
Үргэлж  л анх дурлаж, хайрлалцаж байсан үеийнх шигээ  байхыг хичээгээрэй.. Хайртдаа бэлэг, сюрприз барьж, болзоонд урьж, хааяа лааны гэрэлд оройн хоол идэх зэргээр амьдралаа үргэлж шинэлэг байлга. Хариуд нь та хоёр үүнээс ч илүү их зүйлийг амьдралаас авах болно.

Ярилц  сонс
Илэн далангүй ярилцах нь аливаа асуудал хуримтлагдаж  бэрхшээл үүсэхээс урьдчилан сэргийлдэг, нэгэнт үүссэн асуудлыг ухаалгаар шийдэх боломж олгодог чухал зүйл. Юу хүсэж байгаа, яамаар байгаагаа бие биедээ илэн далангүй хэлж бай. Их энгийн юм шиг атлаа ихэнх нь өөрийн мэдэлгүй  энэ алдааг гаргачихсан байдаг. Мөн хүнийг сонсож чадна гэдэг бол урлаг хэмээн нэгэн ухаантан хэлсэн байдаг. Хайртыгаа хааяа ч гэсэн сонсож дотоод сэтгэлийг нь чагнаж чаддаг бол харилцаанд нэг их асуудал үүсээд байхгүй.

Итгэж бас үнэнч бай
Энэ бол маш чухал зүйл. Бүх зүйл харилцан итгэлцэл дээр, урт хугацааны нөхөрлөл үнэнч байдалд тогтож байдаг гэвэл та эсэргүүцэхгүй биз ээ. Түр зуурын шохоорхолд хөтлөгдөн нэг насны ханиа гомдоож, үл ялих зүйлээс болж хардаж сэрдэх нь гэр бүлийн амьдралд бага багаар сэв суулгаж байдаг.та түүнийг хий хоосон хардсанаараа, мөн түүнд мэдэгдэхгүй гэж хайртыгаа хуурснаараа түүнд зориулан итгэл сэтгэлээ бага багаар л эмтэлж хаяж байгаатай адил.

Тусалж дэмж
Хамтын амьдрал гэдэг хамтын хөдөлмөр юм. Нэг нь ажиллаж, нөгөө нь хэвтээд байвал юуных нь хамтын амьдрал байх билээ. Хэрвээ та түүний төлөө сэтгэл, хүч гаргадаг бол тэр ч гэсэн танд мөн л тийм байдлаар хандах болно. Үргэлж бие биедээ бие болоод сэтгэлийн тус дэм өгч байх нь гэр бүлд дулаан, итгэлтэй харьцааг бий болгодог.

Уйдна гэдгээ хүлээн зөвшөөр
Уйдалт бол бүх амьд амьтанд байдаг байгалийн араншин. Тиймээс хэзээ нэгэн цагт бие биенээсээ уйдна гэдгээ мэдэж, сэтгэл зүйн бэлтгэлтэй бай. Нөгөө сайхан тэмүүлэл, гоо үзэмж нэг л өдөр сонин зүйл байхаа болих нь зөвхөн танайд бус бүх гэр бүлд тохиолддог асуудал. Харин энэ үеийг хэрхэн даван туулахаа бод. Хэсэг хугацаанд тусдаа байж үз. Хааяа идэр залуу насаа дурсаж ярилц. Байдлыг арай өөр, эерэг өнцгөөс нь харах гээд үз.

Хувийн орон зайгаа хадгал
Хэдийгээр эхнэр, нөхөр болно гэдэг нэг л хүн болж байгаа гэсэн үг гэдэг боловч эр, эм хоёр бие биенээ а,б-гүй мэддэг болчихвол амьдрал сонирхолгүй болчихно гэдгийг бас анхаарч байх хэрэгтэй. Бид хоёр эхнэр нөхөр гээд хамаг байдгаа хамж шимж яриад, аав ээж, ах дүүгийнхээ долоон булчирхайг тоочоод байх хэрэггүй. Эхнэр нөхөр хүмүүст ч гэсэн ярих, ярихгүй юм гэж байдаг. Балансыг нь барьж, тааруулж байх хамгаас чухал. Сонирхолтой, учир битүүлэг зүйл үргэлж хүний сэтгэлийг татаж байдаг шүү дээ. Та хоёрын хамтын амьдралд амжилт хүсье!

Mglradio.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж