
Уг нь гишүүд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхэд шаардлагаа гардуулах гэсэн боловч тэрбээр гарч ирээгүй аж. Шуурхай зөвлөлгөөний танхимд ч гишүүдийг нэвтрүүлээгүй байна. Харин Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын гишүүдтэй МАХН-ын нарийн бичгийн дарга У.Барсболд, Хяналтын ерөнхий хорооны дарга Л.Дондог, Ёс зүйн хорооны дарга Г.Цагаанхүү нар уулзаж, үгийг нь сонсчээ. Сонгинохайрхан дүүргийн удирдлагуудын хооронд бий болсон зөрчилдөөн, хариуцлагагүй явдлаас болж төрийн ажил цалгардаж, төрөөс иргэдэд үйлчлэх үйлчилгээ доголдож байгааг цаг алдалгүй таслан зогсоох шаардлагатай хэмээн үзэж Ч.Сайханбаяр, С.Баярт нарын МАХН-ын дүрмийн дөрөвдүгээр зүйлийн 2.5, 2.8, 2.9 дэх заалтуудыг зөрчсөн үйлдэл, арга хэлбэр нь МАХН-ын эсрэг сурталчилгаа болж байгааг харгалзан тэдэнд МАХН-ын дүрмийн 4.4, 6.5 дахь заалтуудын дагуу хариуцлага тооцсон гэдгийг тэд гишүүдэд тайлбарлажээ. Мөн удирдах ажилтны болон ажлын байрны шаардлагад нийцэж ажиллаж чадаагүй Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын хорооны дарга нарт Удирдах зөвлөл, Хяналтын ерөнхий хороо, Ёс зүйн хорооны хамтарсан хуралдааны шийдвэрээр хатуухан арга хэмжээ авсан гэдгийг ч хэлж. МАХН-ын удирдлагууд МАХН-ын дүрмийн 6.5 дахь заалтыг үндэслэн гишүүнээс гаргасан Г.Бямбасүрэн жирийн гишүүд дэмжигчдийн итгэл үнэмшил дээр тоглолт хийж байна. Тэр нь дээрх тайлбараар няцаагдав гэсэн мэдээллийг МАХН-ын дарга нар хэлжээ.
Сонгинохайрхан дүргийн МАХН-ын хорооны дэд дарга асан Г.Бямбасүрэн МАХН-ын төв байранд, жигүүрийнхний өрөөнд суудаг аж.
Түүнтэй утсаар холбогдоход тэрбээр “ Би энэ үйл явдлын талаар тэр хүмүүсийг МАХН-ын төв байранд очсон хойно мэдсэн. Тэр хүмүүс намайг өмөөрч очоогүй. Гол нь ерөөсөө энэ нам дотроосооо ялзарсан байна гэдгийг хэлэх гэж, намын удирдлагуудтай уулзах гэж очсон байсан. Харин Л.Дондог дарга худлаа зүйл зохиож ярьж, түүгээр ч үл барам гишүүдийг доромжилсон байсан. “Та нар Г.Бямбасүрэнгийн өмнөөс, түүнийг өмөөрч яваа” гэсэн утгатай зүйл хэлж Хяналтын хорооны дарга тавьтиргүй аашилжээ. МАХН жирийн гишүүдээ зөвхөн сонгуулийн үеэр ашиглаад бусад цагт доромжилдог байж таарахгүй. Миний удирддаг үүрийг хамгийн муу үүр гэсэн байна лээ. Тэгвэл өмнө нь сайн үүр гэж өргөмжилдөг байсан юм. Ингэж хэлснээрээ дарга нар өөрсдөө эвгүй байдалд орсон. Ийм байвал МАХН оршин тогтнож чадахгүй” гэж байлаа.
Доторх эх сурвалжийн мэдээгээр МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх энэ үйл явдлын дараа жигүүрийн өрөөнд явж орж агсарчээ. Тэрбээр “Эцсийн эцэст энэ үйл явдлыг танай жигүүр зохион байгуулсан шүү. Г.Бямбасүрэн үүнийг гардан зохион байгуулсныг би мэдэж байна” хэмээн дүрэмджээ.
Ийнхүү МАХН дотор дарга, жирийн гишүүдийн хооронд “мөргөлдөөн” гарсан байна.МАХН-ын бага хурал дөхөж байгаа энэ үед нам дотроо ингэж мэрэлцэх болсон нь сайны ёр биш гэж жирийн гишүүд нь хэлж байна.
Д.ОЮУН