
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны байрлах Шилэн дэлгүүрийн орчим энэ сарын 25-ны 14:20 цагийн үед оршин суух тодорхой хаяггүй БНХАУ-ын иргэн 29 настай, эрэгтэй Пай Гоүд Го бусадтай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны иргэн 27 настай, эрэгтэй Ө-г зодож гэмтээсэн байна. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Автобусанд хүн хутгалжээ
Автобусанд суудал тавьж өгсөнгүй гэсэн шалтгаанаар хүн хутгалсан хэрэг гарчээ. Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо, Хүнсний 4-р дэлгүүрийн орчим Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн 24 настай, эрэгтэй О-г автобусаар зорчин явж байх үеэр оршин суух тодорхой хаяг, эрхэлсэн ажилгүй 51 настай эрэгтэй А гэгч суудал тавьж өгсөнгүй гэсэн шалтгаанаар хэвлий тус газар нь хоёр удаа хутгалжээ. Хэргийг дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Цагдаад халджээ
Үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийн биед халдаж танхайрсан хэрэг энэ сарын 25-ны 22.30 цагийн орчим гарчээ. Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг 32-ын тойргийн зам дээр ЗЦГ-ын шөнийн эргүүлийн тасгийн зохицуулагч цагдаа, 28 настай Т-г албан үүргээ гүйцэтгэж байхад нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн 26 настай Д гэгч УБЧ 17-81 дугаартай Хонда Грейс маркын машинаар зохицуулагчийн дохиог зөрчин зугтсан байна. Иргэн Д нь тухайн үед жолооны үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодож явсан аж.
Амралтын өдрүүдэд 319 хүн эрүүлжүүлэгджээ
Нийслэлийн хэмжээнд бямба гарагт иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай 864 мэдээлэл хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй 48, харин ням гарагт 590 мэдээлэл хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй 34 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Амралтын хоёр хоногт нийслэлд хулгай долоо, танхай 19, бусдын биед гэмтэл учруулсан гурав, золгүй байдлаар нас барсан найм хүн нас барсныг цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байна. Түүнчлэн бямба гарагт нийслэлийн хэмжээнд 186, ням гарагт 133 хүн эрүүлжүүлэгджээ. Амралтын өдрүүдэд нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн эрүүлжүүлэх бусад дүүргээс илүү ачаалалтай хоносон аж.