
АНУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд Жонатан Эдлтон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгч Чак Хаувел, Сангийн сайд С.Баярцогт нар өнөөдөр 9.467090 ам.долларын буцалтгүй тусламж олгох хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Түүгээр эдийн засгийн бодлогын шинэчлэл, байгаль орчин, ардчилал болон засаглалыг дээшлүүлэх төслийг дэмжихэд зарцуулах аж. Ингэхдээ эдийн засгийг хөгжүүлэх хоёр талын хэлэлцээрийн хүрээнд найман сая гаруй ам.долларыг зарцуулах бол үлдсэнийг байгаль орчин, засаглалыг дээшлүүлэх төслийг дэмжихэд зарцуулах ажээ. Дашрамд сануулахад АНУ-ын Хөгжлийн агентлагаас Монгол Улсыг дэлхийн санхүүгийн хямралаас гаргахад дэмжлэг болгон 13 гаруй сая ам.долларын тусламжийг төсвийн алдагдал, төлбөрийн баланс нөхөх, банкны салбарын техникийн туслалцаа болон зээлийн баталгаа гаргах арга хэмжээнд зориулан олгосон бөгөөд энэ чиглэлээр нэмэлт санхүүжилтийг Сангийн яаманд техникийн туслалцаа үзүүлэх болон хямралд өртсөн нийгмийн эмзэг бүлгийг дэмжих төсөл, арга хэмжээг үргэлжлүүлэхэд олгох юм байна.
Г.Дарь