Банк бол чөлөөтэй орхиж болдог хувийн хэвшил биш

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Банк бол чөлөөтэй орхиж болдог хувийн хэвшил биш

АНУ-ын Ерөнхийлөгч асан Роналд Рейганы засаг захиргаанд төсвийн асуудал хариуцан ажиллаж байсан, эдийн засагч Дэвид Стокмэний “Bloomberg” телевизэд өгсөн ярилцлагыг сонирхуулъя. Тэрбээр Барак Обамагийн хэрэгжүүлж буй бодлогын талаар ярьжээ.

-“Нью-Йорк Таймс” сонинд гарсан таны өгүүлэл нэлээд шуугиан тарьсан. Та тэнд Аме­рикийн эдийн засагт гарч буй гажуудал, доголдлын талаар он­цолсон байсан. Түүнчлэн Барак Обамагийн засаг захиргаанаас хэрэгжүүлж байгаа бодлого зөв байгаа учраас санхүүгийн хям­рал дахин бий болохоос сэргийлж чадна гэж үзсэн. Та энэ дүгнэлтдээ итгэлтэй байна уу?

-Тийм. Миний бодлоор бид яг зөв чигт явж байна. Банкуудын өөрийн хөрөнгө хангалтгүй байснаас сан­хүүгийн тогтолцоо бүхэлдээ хямарч, уналтад орсон. Тиймээс одоо аюулгүй байдлыг нь бодож, гол хөшүүргийг нь хөдөлгөх хэрэгтэй болж байна. АНУ-ын Засгийн газар санхүүгийн тогтолцоогоо сэргээхийн тулд урт хугацааны зээл, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх болсон. Гэтэл дэлхийн санхүүгийн байдал тогтворгүйжээд эхэлбэл ингэх нь эрсдэлтэй юм. Тиймээс бид олон улсад банкны шинэ дүрэм, журам тогтоох зайлшгүй шаардлагатай болж байна. Тийм ч учраас дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн санхүүгийн зөвлөх, төв банкны тэргүүн нар “Басел III” төлөвлөгөөг баталж байгаа. Германчууд үүнд оролцох эсэхийг би хэлж мэдэхгүй. Гэхдээ банкны өөрийн хөрөнгийг нэмэх шийдвэр гаргасан явдал яах аргагүй зөв алхам гэдгийг л хэлэх байна. Банкны өөрийн хөрөнгийг  нэмснээр бид татвар төлөгчдийн мөнгөөр банкны алдагдлыг барагдуулах явдлыг эцэслэж чадна. Эрсдэлээс бүрэн утгаараа сэргийлж чадна. Энэ сайн шүү.

-Роналд Рейганы засаг захиргааны хэрэгжүүлж байсан бодлого өнөөдрийнхтэй төстэй байсан. Р.Рейган төрийн хатуу гарыг санал болгож байсан. Таны бодлоор санхүүгийн хям­рал бий болсон шалтгаан нь төрийн хараа, хяналт дутсанаас үүдэлтэй юү?

-Зарим талаараа тэгж хэлж болно. Миний бодлоор банк гэдэг бол чөлөөтэй орхиж болдог хувийн хэвшил биш. АНУ-д л гэхэд банкууд Холбооны нөөцийн сан гэсэн ар талтай байгаа. Төв банкнаас арилжааны банкуудын хадгаламжинд баталгаа гаргаж, дампуурсан тохиолдолд Холбооны хадгаламжийн даатгал хариуцсан компани татвар төлөгчдийн мөнгөөр тэдний эрсдэлийг хүлээдэг. Тиймээс банкуудыг зүгээр сул чөлөөтэй орхиод байж болохгүй. Үйл ажиллагаа нь хэвийн байх үед тэд дураараа загнаж, аюулд орохоороо төрийн тусламжийг хүртээд байна гэдэг шударга биш. Гэтэл төрийн хөрөнгө гэгч юм татвар төлөгчдийн мөнгөөр бүрддэг зүйл.

-Тэгэхээр та банкуудыг төрийн хамгаалалт, бүрэлдэхүүнд нь байдаг нэг нэгж гэж хэлэх гээд байна уу?

-Тийм. Би тэднийг төрийн асрамжинд байдаг, төрийн институт гэж хэлэх байна. АНУ-д ч бай, өөр оронд ч бай хамаагүй, банкны тогтолцоо ашгийн төлөө ажиллаж чаддаггүй. Бодит байдал дээр төв банкнаас баталгаа гаргахгүй бол иргэд олон их наядаар үнэлэгдэх  хөрөнгөө банкуудад хадгалахгүй шүү. Тиймээс банкны тогтолцоог зохицуулахын тулд төрийн оролцоо хэрэгтэй.

-Тэгвэл Ерөнхийлөгч Б.Обама­­гийн саяхан гарын үсэг зурж баталсан Уолл Стритийн шинэч­лэлийн хүрээнд  хийж буй алхам үр дүнгээ өгч байгаа болов уу?

-Миний бодлоор энэ бол маш өчүүхэн жижиг алхам гэж хэлж болно. Бид яг асуудлыг голыг нь олж, бодлогоо хэрэгжүүлэхгүй байна. Банкууд бүхэл тогтолцоонд нөлөөлөхүйц аюултай хэвээр байгаа. Тиймээс тэднийг анхааралдаа авах нь зөв. Гэхдээ нуран унахад хэтэрхий нүсэрдэх тэр асуудлыг нь бодлого боловсруулагчид олж чадахгүй байна. Санхүүгийн хямралын дараа банкууд хожиж, татвар төлөгчид алдсан гэдэг нь үнэн. Тиймээс л бүхэл тогтолцоонд эрсдэл учирсан хэвээр байгаа юм.

-Та нэг ярилцлагадаа Хол­бооны нөөцийн сан АНУ-ын банкны тогтолцоо аюултай бай­далд ороход нөлөөлсөн гол  хүчин зүйл гэх утгатай дүгнэлтийг онцолсон байсан?

-Үгүй. Яг ч тэгж хэлэх гэсэн юм биш. Өнгөрсөн 2002-2007 онд чухам юу болоод өнгөрсөн талаар маргаангүй эцсийн дүгнэлтийг хийхэд хэцүү. Гэхдээ Холбооны нөөцийн сан үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үнийн хөөрөгдөл үүсч байхад юу ч хийхгүй байсан нь үнэн. Төв банк зээлийн тогтолцоо гажуудаж байгааг мэдэж л байсан. Гэтэл бодлогын хүүгийн түвшинг өөрчилж байснаас биш зээл олголт ихэсч байгааг зохицуулахад анхаараагүй. Одоо ч тэр хэвээрээ л байна. Манай улс өрөн дундаа живж байна. Бидэнд бодлогын хүүг бага түвшинд барих ямар ч хэрэггүй. Бид мөнгөө хадгалах хэрэгтэй байна.

-Та эдийн засгийн нөхцөл байдлын талаарх зарим тоо баримтыг онцолж байсан. Манай улсын нийт өр 52 их наяд ам.доллараар хэмжигдэнэ гэж. Гэтэл нийт орлого маань 14.5 их наяд ам.доллар. Ийм байж болох уу?

-Энэ бол бодит байдал. Бидний олж байгаа нь төлөх ёстой өрийн хэмжээнээсээ 3.6 дахин бага байна. Маш их зөрүү шүү.

-Тэгэхээр бид энэхүү харьцааг улам хөөрөгдөж байна уу?

-Тийм. Өөрөөр  хэлбэл АНУ-ын эдийн засаг тун хүнд байдалд орсон. Түүхэнд манай өр орлогоосоо 1.5 дахин их байсан тохиолдол бий. Арай ч өнөөдрийнх шиг байсангүй. Манай эдийн засаг яагаад сэргэхгүй байгаа вэ гэж хүмүүс гайхаж байгаа байх. Үүнд төв банкны бодлого хувийн секторынхтой зөрчилдөж байна гэдгийг онцлох  хэрэгтэй.

-Б.Обамагийн засаг захиргаа иргэдийнхээ орлогын татварт хөнгөлөлт эдлүүлэх нь буруу гэж үзэж байгаа. Тэд Жорж Бушийн санаачилсан бодлого хэрэгжих хугацаа дуусгавар болохтой зэрэгцээд шинэ татварын орчин санал болгож байна. Энэ зөв үү?

-Зарим талаараа тэдний зөв. Бид дундаас дээш орлоготнуудад татварын хөнгөлөлт эдлүүлэх нь буруу. Гэхдээ хүн амын бусад хэсэгт тэдэнтэй адилхан хандах нь буруу юм. Татварын хөнгөлөлтийн бодлогыг үргэлжлүүлсээр байвал ирэх онд 300 тэрбум ам.долларын орлогоо зүгээр л алдчихна гэдгийг санхүүгийн зохицуулагчид онцолж байгаа. Тэдний зөв. Эдийн засаг тааруухан байхад ийм гарлага гаргах хэрэггүй. Одоо АНУ-ын төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувьтай тэнцэж байна. Гадаад өрийн хэмжээ есөн их наяд ам.долларт хүрч, цаашид ч хурдацтай нэмэгдэх төлөвтэй байна. Тиймээс бид тансаглах хэрэггүй. Эдийн засаг сэргэх хүртэл азнах нь зөв.
Манай эдийн засгийн өсөлтийн хурд саарч байгаа. Энэ маягаараа байвал олон улсын зүгээс бидэнд дарамт, шахалт учруулж эхлэх нь ойлгомжтой. Түүнээс урьтаж хөдлөх нь л чухал байна.

-Ерөнхийлөгчийн санал бол­гож буй орлогын хэмжээ болон татварын хувь харьцааг хэр оновчтой гэж бодож байна вэ?

-Би дээр хэлсэн. Засгийн газрын хэрэгжүүлэхээр санаачилж буй татварын орчны өөрчлөлтийн бодлогыг би зарим талаар нь дэмжиж байгаа гэж. Харин миний санал нийлэхгүй байгаа гол зүйл нь татварын хувь, харьцаа юм. Оновчгүй болсон гэж өөлөх юм нь орлогын татвар хэтэрхий өндөр байгаа нь. Энэ нь хөрөнгө оруулалтыг саармагжуулах шалтгаан болж байна. Манайд жижиг бизнес эрхлэгчид олон саяараа бий. Гэтэл тэдний татварын орчинг хэт чангатгаад байгаа нь оновчгүй юм. Гол асуудал нь бид өрийн дифляцид идэгдчихээд байгаа явдал. Бид тэртээх 1930-аад оны үеийнхээс шал өөр нөхцөл байдалтай байна.

-Бүгд найрамдах болон Ардчилсан нам, Цагаан ордон, Конгресс аль ч нь бай хамаагүй тогтолцоонд үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд хувийн сектор, төр хоёрын аль нь илүү их ажиллах ёстойг хэлж чадахгүй байна уу?

-Бүгд найрамдахчууд 30 жилийн турш төрийн эрхэнд байхдаа төсвөө танахаас аль болох зайлсхийж байсан. Харин одоогийн нөхцөлд татвар төлөгчдийн 98 хувьд ноогдох татвар нэмэгдэхгүй байна. Үлдсэн хоёр хувь нь л өндөр татвар төлж байна. Ийм байдалд санхүүгийн асуудлаа цэгцэлж чадахгүй шүү.

-Ямартай ч Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого зөв гэдэгтэй та санал нэгдэж байна уу?

-Тийм. Ерөнхийдөө бол бид зөв чигт явж байна. Гэхдээ бүхэл тогтолцооны асуудал яригдаж байгаа үед бидний хийж буй зүйл маш өчүүхэн бага гэдгийг дахин онцлоё. Цаашид ч дорвитой алхам хийх шаардлага зайлшгүй урган гарна.

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж