Гэхдээ уг сонгуулийг тойрсон маргаан будилаан үргэлжилсээр байна. Сонгуулийн үр дүнгийн талаар Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Танай намын дотоод сонгуулийн явц ямар байна вэ?
-Ардчилсан намын ҮЗХ-ны ээлжит дотоод сонгууль болж дууслаа. Өнөөдрийн байдлаар үндсэндээ 21 аймаг, есөн дүүргээс сонгууль яваагүй нэг аймаг, нэг дүүрэг л үлдсэн. Эдгээр нь Баян-Өлгий аймаг, нийслэлийн Сүхбаатар дүүрэг.
-Ямар шалтгаанаар тэдгээр газарт ротаци болоогүй вэ?
-Баян-Өлгийд Наурызын баяр болж байна. Энэ баяраар цугларалт хийдэг юм байна. Тэгэж цугларахдаа сонгуулиа хийчихье гэсэн хүсэлт гаргасныг зөвшөөрсөн. Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга өвчтэй байгаа. “Даргыг эмнэлгээс гарахаар нь хоёр дахь өдөр сонгуулиа хийе” гэснийг зөвшөөрсөн. Бусад аймаг, дүүрэгт дотоод сонгууль болж дууслаа гэж ойлгож болно.
-Хэдэн суудалд хэчнээн хүний нэр дэвшсэн бэ?
-Нийтдээ 76 суудал дээр 120 хүний нэр дэвшиж өрсөлдсөн. Түүгээр ҮЗХ-ны бүрэлдэхүүний гуравны нэг нь сэлбэгдэж байна. Залуучууд олон орж ирж байгаа. ҮЗХ бол манай намын бодлогыг тодорхойлдог том байгууллага. Залуучууд нэлээд өрсөлдөөнтэй орж ирж байна.
-Цөөнгүй тойрогт будилаан гарсан юм байна. Маргаантай тойрог олон байна уу?
-Маргаантай дөрвөн тойрог байна. Гарсан асуудлуудыг зайлшгүй шийдэх ёстой. Эдгээрээс нийслэлд гурван дүүрэг байна. Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүрэг. Аймгуудаас Дархан-Уул байна. Маргаантай асуудлуудыг шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа. Нэгэнт сонгууль юм болохоор маргаан гардаг л даа.
-Ротацийн сонгуулиас үүдэж Ардчилсан нам дотор байсан хагаралдаан тодорч гарлаа гэж гадна талд үзэж байна. Нам дотор үнэхээр том зөрчилдөөн байна уу?
-Ардчилсан нам хагаралдаантай гэхээсээ илүү дотроо их өрсөлдөөнтэй байна гэж хэлмээр байгаа юм. Мэдээж нам бол өөрөө дотроо олон үзэл бодлыг нэгтгэж байдаг. Гишүүн бүр өөрийн үзэл бодол, байр суурьтай. Тэгэхээр үүнийг хагарал гэж харахгүй байгаа. Үүнийг шууд утгаар нь хагарал гэж ойлгож болохгүй. Манай ротацийн сонгууль нээлттэй явдаг болохоор сонгуулийн үеэр гардаг бүх маргаан, зөрчилдөөн, өрсөлдөөн бүгд ил харагддаг. Түүгээрээ л явж байна. Түүнээс биш үүгээр далимдуулаад нэгийгээ золих арга тактик манай намд байгаагүй. Цаашид ч байхгүй. Хэрэв үнэхээр маргаантай асуудал гараад шийдэлд хүрч чадахгүй байна гэвэл тэр маргааныг намд үүсгээд байгаа холбогдох дүрэм, журам, заалтуудыг өөрчилье гэсэн бодол байгаа. Өөрчлөх ч ёстой юм шиг байна. Үүнийгээ өөрчилбөл асуудлыг маш түргэн шуурхай шийдэх боломж бий.
-Сонгуулийн маргаан, хуваагдлын цаана Алтангадас, МоАХ фракцийн хооронд эрх мэдлийг гартаа авах, намын удирдлагыг солих сэлгэх өрсөлдөөн яваад байна гэж харж болох уу?
-Намын дарга, намын удирдлагын төлөө өрсөлдөөн гэж үүнийг харахгүй байгаа. Нэг том том олон фракц хоорондоо зөрчилдөөд бие биеэ давах гээд байна гэж бодохгүй байгаа. Ардчилсан намын удирдлагын нэгийн хувьд баттай хэлэх нэг зүйл бол зөвхөн намын даргыг солихын төлөө жижиг зүйл байхгүй. Манай намд дотоод бодлого, зохион байгуулалтынхаа хэмжээнд шийдэх асуудал олон байгаа. Түүнээс гадна манай нам УИХ-д өөрийн бүлэгтэй. Түүгээрээ дамжуулаад Хамтарсан Засгийн газартай. Засгийн газраараа дамжуулаад ард түмний өмнө шийдлээ хүлээж байгаа олон асуудлыг яаж шийдэх вэ гэдэг дээр харин асуудлууд үүсэх үү гэвэл үүснэ. Тэр бүгд дээр ажиллах ёстой юу гэвэл ажиллах ёстой. Түүн дээр санал нэгдэж болно.
-Маргаантай тойргууд дээр хэзээ дахин сонгууль хийх вэ?
-Тэр тойргууд дээр дахин ротац хийх тухай өнөөдөртөө яриагүй байна. Ямар ч гэсэн маргаан үүссэн. Үүнийг манай Дотоод сонгуулийн хороо дүрэм журмынхаа дагуу хянаж үзэх үүрэгтэй. Түүний дараа ямар шийдвэр гарах вэ гэдэг тодорхой болно.
-Сонгуулиар олонд нэртэй улстөрчдөөс, УИХ-ын гишүүдээс ямар хүн ҮЗХ-д орж ирэв, бас хэн нь унав?
-Унасан, гарч ирсэн хүмүүсээ бид ил тод зарлана. Энэ долоо хоногт ротацийн сонгуулийн урьдчилсан дүнгийн талаар мэдээлнэ. Манай намын ротацийн сонгууль хүмүүсийн сонирхлыг их татдаг. Манайхан ч их ширүүн өрсөлддөг. Ер нь байдаг л эрүүл саруул зүйл. УИХ-ын гишүүдээс Х.Тэмүүжин Баянгол дүүрэг дээр бага санал авсан. ҮЗХ-д сонгогдож чадаагүй. Ямар ч байсан энэ намд жирийн гишүүд гэж байдаг. Сонгуульд өрсөлдөгчид дандаа дарга болохын төлөө хүмүүс байдаг гэж ойлгож болохгүй шүү дээ. Яагаад бид ротац явуулдаг вэ гэхээр анхан шатнаасаа эхэлж, жирийн гишүүдээ оролцуулан намынхаа дотоод төлөөллийн байгууллагыг сонгох зарчим барьдаг. Энэ ч өөрөө буруу зүйл биш. Харин үүнийг боловсронгуй болгох шаардлага бий. Жишээ нь, УИХ-ын гишүүд, хариуцлагатай бусад албан тушаалтнууд, намын удирдлагууд байнга ҮЗХ-нд байж бодлогод оролцохын тулд журмын ямар хэлбэрийг өөрчлөх шаардлагатай вэ гэдгийг гаргаж тавихыг энэ удаагийн ротац хэлээд байна уу гэж бодож байна. Ийм өөрчлөлтийг зайлшгүй хийх шаардлагатай болсон байна. Намынхаа гол бодлогыг барьдаг цөмийг алдах хэмжээнд өрсөлдөөнийг бий болгож сөрөг үр дагавар авчрах юм биш биз гэсэн болгоомжлол байна.
-ҮЗХ-нд сонгогдохын гол утга учир юу вэ?
-ҮЗХ бол манай улс төрийн бодлогын том байгууллага. ҮЗХ-нд нэр дэвшиж орно гэдэг бол тэр хүний өмнө улс төрийн боломж нээгдэнэ гэсэн үг. ҮЗХ-ны гишүүдээс УИХ-д нэр дэвших боломж илүү. Гэхдээ өнөөдөр өнгөцхөн хараад хагаралдуулж муудалцуулах гээд, хэн нэгний мууг үзэх гээд жийгээд ҮЗХ-ноос гаргалаа гэх юм бол тийм биш гэж хэлэх байна.
Д.Оюунцэцэг