Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярт баярлалаа

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг өм­гөөлж, хамгаалах нэг ч хүн үл­дээ­гүй гэж яриад байсан чинь үлдэх нь ч үлдсэн юм байна аа. Бүр эх­ний ээлжинд гэхэд л 400 гаруй хүн Дуурь, бүжгийн эрдмийн театрт цуг­ларч, түүний изм-ыг хөгжөөн дэм­жих нь тэр. Тэр ч бүү хэл зүүний ард­чилсан үзэл баримтлалаа үндэсний ардчилсан үзлээр солихоор сэт­гэл, зориг шулуудсан МАХН-ын одоо­гийн удирдлагуудад тэд сэтгэл дун­дуур буйгаа илэрхийлсэн.

Гэхдээ тэдний дунд МАХН-ын дарга С.Батболд, Ерөнхий на­рийн бичгийн дарга У.Хүрэлсүх хий­­гээд УИХ-ын гишүүд, сайд, дар­­га нартай эн тэнцэх албан тушаалтан харагдсангүй. Гагцхүү ард ол­ны төлөөлөл л ард олноос нэгэн цагт сонгогдож, нэгэн цагт ард ол­ны саналаар ялагдаж байсан экс Ерөн­хийлөгчийг дэмжихээр иржээ. Бас болоогүй зарим нэг нь нам бус гэх бөгөөд Н.Энхбаярыг дэмжих нь чин зүрхний итгэл үнэмшил бол­сон гэнэ. Үүнд нь баярлаж догдол­сон, дараагийнхаа улс төрийн ал­хамд ашиглаж болох халуун бүл­тэй бол­сондоо талархсан Ерөнхийлөгч асан Н.Энх­баяр гэх­дээ тэдэнд бүтэн өдрийн цаг гар­гаж амжаагүй нь сонин. Учир нь тэрбээр “МАХН-ын шинэчлэл: Ух­рах уу, урагшлах уу” хэмээх уг хэ­лэлцүүлгийн нээлтэд орол­цож, албан ёсны гол дүр нь болохоо ба­талсан даруйдаа гараад явсан. Гэвч хөгжөөн дэмжигчид нь түүнийг бүтэн өдрийн турш гол тоглогч болгож, Н.Энхбаяргүй МАХН, Н.Энхбаяргүй Монгол Улс урагшлах бус ухарч буй гэдэг дүгнэлтийг хийсэн юм.

Ингэхдээ МАХН-ын нэрийг со­лих нь Монгол Улсын нэрийг сольж байгаатай агаар нэг гэх нь хол­гүй мэдэгдлийг Н.Энхбаяр эгэл ги­шүүний үгээр хэлүүлж чадсан нь бахархууштай. Бас болоогүй “Одоо­гийн МАХН болон Засгийн газрын удирд­лага Монголыг “Айвенхоу майнз”-ын ломбарданд тавьж бай­на. Тэднээс зээлсэн мөнгөө тараа­хын тулд гарын хээ авахуулж бай­гаа нь эргээд бүх монголчуудыг барь­цаанд тавьж, зээл төлөхгүй бол сүй­рэх гарцаагүй сонголтод оруулж бай­гаа хэрэг. Ийм байж болохгүй” гэ­сэн хамгийн хатуу шүүмжлэлийг ч хөгжөөн дэмжигчээрээ тэр­бээр хэлүүлж чадсан. Энэ бол Н.Энх­баярын өөрийнхөө төлөө өрөөл бусдыг хөдөлгөж чаддаг агуу их хүчийн илэрхийлэл.

Тэр ч бүү хэл бусдыг өөртөө ур­вуулж чаддаг хүчээрээ эдийн засагч Н.Дашзэвэгээр “Бид ардчилсан со­циалист нийгмээ байгуулах нь чухал. Одоо түүнээсээ урваж болох­гүй. Би анх 1992 онд МАХН-д элссэн ги­шүүн нь” гэдэг үгийг хэлүүлж чадсан бол Эрүүл мэндийн дэд сайд асан Н.Удвалын намынхаа удирдлагад гомдсон сэтгэлийг дэврээж “МАХН-ын удирдлага бол хариуцлагагүй. Улс төрийн нам ийм ха­риуц­лагагүй байж болохгүй” гэдэг утга агуулга бүхий бүхэл бүтэн 15 минутын илтгэл тавиулсан юм. Нэ­гэн цагт эрх мэдлийн амтыг мэ­дэрч, эгээтэй л Эрүүл мэндийн тол­гой сайд болоогүй түүний хувьд 2008 оноос хойш МАХН-ын удирд­лагад гомдсон сэтгэлээ нууж бай­сан удаагүй. Цаг үргэлж шу­дар­га, зарчимч улстөрч эмэгтэйн зан­гарга гаргахыг оролддог ч тэр нь Н.Энхбаяр Ерөнхийлөгч болж ча­даагүйнхээ төлөө сөрөг улс төрийг зурж буйтай агаар нэг. Учир нь аль аль нь албан тушаал хүртээгүйнхээ тө­лөө нийгмийн сэтгэл зүйг дайсны “сум”-аар цэнэглэж байгаа гэхэд болно.

Түүнчлэн уг хэлэлцүүлгийн Н.Энх­баярын төлөө дуугаа өндөрс­гө­сөн эгэл гишүүдийнх нь шилдэг афо­ризмуудаас түүвэрлэн хүргэхэд “Энэ цаг үед үндэстэн ярих хэрэг­гүй. Одоо дэлхийгээс ямар мөн чана­раа­раа ялгарах юм бэ. Германы Гитлер шиг л болох гээгүй юм бол үндэсний ард­чилсан үзэл хэрэггүй”, “МАХН ха­риуцлагагүйн үүр уурхай болсон. Их хурлаас сонгогдсон дарга нар эрх мэдлээ хэтрүүлэхдээ гаршсан бай­на. Энэ дунд Н.Энхбаяр шиг хүн л хэ­рэгтэй”, “70 жил төр барьсан МАХН одоо төр барьж чадахаа больсон юм уу. Чадахаа больсон учраас хамтарч ажил­лаж байна гэж ойлгож болох уу” гэх мэт дүгнэлтүүд байгаа.

Арваад хоногийн өмнө МАХН-ын удирдлага хийгээд эрх мэдэлтэй дарга нар төрийн ордонд чуулж, на­­мынхаа үзэл баримтлал болон нэ­­рийг солих нь зөв гэдэг дээр са­­нал нэгдсэн. Иймээс ч энэ са­на­­лыг намынхаа Их хурлаар хэ­лэл­цүүлэхээр болж, улмаар Ардчилсан социалист залуучуудын холбооны гишүүд нь Нийгмийн ардчилал Мон­голын залуучуудын холбоо нэрийн дор зангидагдах болсон. Эндээс МАХН ч тэр Монгол Ардын нам гэ­дэг нэрийг авах нь тодорхой гэж ойл­гож болно. Харин энэ удаагийн энх­баяризм-ыг шүтэгчид буюу өөрийнх нь хэлээд буй дээрх эгэл ол­ны хувьд намынхаа Их хуралд зо­риулж “Нэрээ, үзэл баримтлалаа сольж болохгүй” гэсэн зөвлөмж хүр­гүүлэхээр болсон.

Энэ бол Н.Энхбаярын арай хийн олж авсан нэг боломж. Гэвч түү­нийг нь МАХН-ын удирдлагууд өс санасан үүрдийн өстний өөдгүй са­наа гэдгээр хүлээж авах нь тодор­хой. Гарцаагүй байж болох түүний өсрөхсөн сэтгэл харин хаа хүртэл бадамлах бол. Түүнийх нь балгаар эгэл олны хий хөөрөгдсөн сэтгэл нэг л өдөр хөрж “Н.Энхбаяр биднийг ашиглаад хаячихсан” хэ­мээн гомдлын нулимс унагавал хич­нээн харамсалтай. Н.Энхбаяр нь “МАХН намайг ашиглаад хаячихлаа. МАХН надаас урвачихлаа” гэдэг шиг…Тэр үед хэн нь “Н.Энхбаяртаа баяр­лалаа” гэж хэлэх сэтгэлтэй үлдэх бол. Тааварлахад ч хэцүү л ха­рилцаа. Н.Энхбаяр хийгээд тэд­ний хөгжөөн дэмжигчдийн холбоо гэж!

С.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж