Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Castlevania өнөө үед

Алдарт Konami болон MercurySteam, Kojima Productions  нарын хамтран бүтээсэн Castlevania: Lords of Shadow хэмээх тоглоом удахгүй нээлтээ хийнэ. Видео тоглоомын ертөнцөд шуугиан тарих нилээн томхон төсөл хэмээн Konami-гаас мэдэгдээд байгаа тусвидео тоглоом нь энэ оны аравдугаар сарын 5-нд Америк, Канадад, 7-нд Европод нээлтээ хийх ба арлын Японд арванхоёрдугаар сарын 16-наас эхлэн борлуулагдаж эхэлнэ.
Тус тоглоомын түүх нилээн эртнээс эхэлнэ. Анх Konami корпораци 1986 онд тус тоглоомын анхны ангийг бүтээж хүмүүсийн хүртээл болгож байсан бөгөөд түүнээс хойш бараг 40-өөд цуврал анги гаргасан юм. Манай гаригийн анхны видео тоглоомуудын нэг байсан тус тоглоом технологийн хувьслын үе шатыг туулж ирсэн бөгөөд хийц, зохиолын хувьд улам шинэчлэгдэн өргөжиж өдгөө 2010 онд маш өндөр технологи ашиглан бүтээгдсэн супер цувралыг видео тоглоом сонирхогчдод өргөн барихад бэлэн болжээ.
Тоглоомын гол дүр бол эрэлхэг зоригт вампирын ангуучин Gabriel Belmont. 24 жилийн өмнөөс видео тоглоомын ертөнцөд нэрээ дуурсгаж ирсэн залуу маань энэ удаа видео тоглоомын хөгжлийн хамгийн сүүлийн үеийн өндөр график бүхий дүрслэлээр бүтээгдсэн орчин дунд цоо шинэ адал явдлуудыг туулж вампир болон аймшигт амьтад тэднээс аюултай хүмүүстэй нүүр тулах болно.
Тус тоглоом нь зохиолын дагуу урьдаас төлөвлөгдсөн адал явдлыг туулж явдаг тоглоомуудын нэг тул нэг тоглогчийн горимтой. Олон тоглогч нэгэн зэрэг тоглох боломжгүй гэсэн үг. Playstation 3, X box 360 платформууд дээр тоглогдох боломжтой тус тоглоомын бусад энэ төрлийн тоглоомуудаас ялгарах гол онцлог нь тулааны элементүүд нь.
Нэг үгээр хэлбэл Персийн хунтайжтай төстэй гэж хэлж болох ч 40-өөд төрлийн тулааны combo буюу хувилбартай. Дайснуудаа хир зэрэг шуурхай бөгөөд оновчтой цохилтоор дуусгана төдийн чинээ гол дүрийн маань тулалдах чадвар нэмэгдэх болно. Мөн хамгаалалтын түвшин нь гол асуудлуудын нэг. Та дайсныхаа цохилтод өртсөн нөхцөлд яг л бодит мэт хохирлыг амсана. Үндсэндээ энэ тоглоом асар баялаг зохиолтой, таныг хэзээ ч уйдаахгүй өндөр дүрслэлтэй, тулааны урлагын элементүүдийг гайхалтай гэмээр оруулж чадсан жинхэнэ шуугиан тарих тоглоом юм хэмээн IGN сайтад бичсэн байна. Тус тоглоомын үргэлжлэл бүлгүүд ихэд шуурхай гэмээр худалдаанд гардаг. Жишээ нь 2009 онд хоёр цуврал анги нь гарсан бол энэ онд тоглоомын бүтээлчид тун шуурхай ажиллаж бидний ярьж байгаа энэ цуврал нь дөрөв дэх нь болж байгаа юм. Японы видео тоглоомын зах зээлд томоохон байр суурь эзэлдэг Kojima production-ы эзэн продюссер Хидео Кожима ярихдаа Castlevania-гийн энэ анги нь бидний олон жилийн хөдөлмөрийн хамгийн төгс бүтээл болж чадсан, тиймээс ирэх жилд бид үүнээс илүү төгс анги гаргах талаар ямар ч бодолгүй байна. Учир нь төгс зүйлээс илүү төгс гэж байж болохгүй юм хэмээжээ. Удахгүй нээлтээ хийх энэхүү видео тоглоомын хэр зэрэг төгс болсныг удахгүй манай тоглоом сонирхогчид үнэлэлт дүгнэлтээ өгөх бизээ. Тус цувралуудын зохиолоор бүрэн хэмжээний кино хүртэл хийж байсан юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж