”Моннис Интернэшнл” тэтгэлэг олголоо

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

”Моннис Интернэшнл” тэтгэлэг олголоо

Моннис Интернэшнл 2010 оны “Ирээдүйн Манлайлагч”-дад
тэтгэлэг олголоо


Тус групп компани нь 2007 оноос эхлэн сурах хүсэл эрмэлзэл дүүрэн оюутан залуусаа дэмжиж, эх орныхоо ирээдүйг авч явах чадварлаг боловсон хүчин төрүүлэхээр “Ирээдүйн манлайлагч” сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Дөрөв дэх жилдээ хэрэгжиж буй уг хөтөлбөрийн Сургалтын тэтгэлэгт хамрагдсан оюутнуудад батламж гардуулах үйл ажиллагаа Моннис группын төв оффис-Моннис цамхагт болсон бөгөөд энэ жил салбар бүрээс шилдэг 10 оюутныг хамруулж уламжлал ёсоор сургалтын төлбөрийг нь 100% хариуцаж байгаа юм байна.

Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго нь тэргүүний шилдэг оюутны идэвх чармайлт, хөдөлмөрийг үнэлэх, цаашид сурах хүсэл эрмэлзлийг нь өдөөх, улс эх орондоо хэрэгтэй чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд оршиж байгаа юм.
“Ирээдүйн манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиудын магистр, бакалаврын зэргийн өдрийн ангийн оюутнууд хамрагддаг бөгөөд тэтгэлгийг 1-2 жилийн хугацаанд сургалтын дүнг харгалзан амжилттай суралцсан оюутнуудад үргэлжлүүлэн олгодог юм байна.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд 1-4-р курсын Улаанбаатар хот, орон нутгийн сургуулиудын нийт 82 оюутныг тэтгэлэгтээ хамруулан сургалтын төлбөрийг 100% төлсөн байна.

Ийнхүү Моннис Интернэшнл нь Монгол Улсын ирээдүйг авч явах чадварлаг боловсон хүчнүүд болохоор бэлтгэгдэж буй оюутнуудыг сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамруулдаг нь оюутан залуустаа сурах урам зоригийг төрүүлэхийн зэрэгцээ улс, эх орныхоо оюуны хөгжилд оруулж буй томоохон хувь нэмэр болдгийг энд дурдах нь зүйтэй байх.

Эрдэм мэдлэгийн охь, спорт урлагийн манлай, авъяас билгийн ундарга, алдар нэрийн эзэд болсон “Ирээдүйн манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутан залуустаа баяр хүргээд эрдмийн цагаан үйлс дэлгэрэх болтугай гэж ерөөе. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж