Намууд авлига цэцэглүүлж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Намууд авлига цэцэглүүлж байна

Авлига Монгол орныг хэрээд байна.
Ялангуяа төрийн албаны доод, дунд шатныхныг. Мөн улстөрчид, улс төрийн
дээд хүрээнийхэн үүнд багтана. Төрийн албаныхан хэрд таарсан хэд гурван
төгрөг, аягүй бол үдийн хоол, чихрийн цуглуулга, дарснаас нэр
төрөө”арилждаг” бол улс төрийн хүрээнийхэн огт өөр. Тэд ашигт малтмалын
орд газрууд, ашигтай тендер гээд Монголын өнгөтэй өөдтэй бүхнээс авлига
унагахыг оролдоно. Оролдохоор барахгүй бөөн бөөнөөр унагана.
Тэгэхээр авлигын өрсөлдөөнийг цэцэглүүлэгч нь улс төрийн намууд гэж хэлж
болно. Намууд нь мөнөөх улстөрчдийн өлгий гэсэн үг л дээ. Юуны өмнө
намууд сонгууль болохоор улс орон даяар хавтгайрсан авлига тараадаг
зуршилтай. Сонгуулийн насанд хүрэх байтугай цэцэрлэгт таваргаж яваа
жаалуудад аав ээжийнх нь нүдэн дээр чихэр, мөхөөлдөс тараана. “Миний
хүүд мөхөөлдөс өгсөн сайн агааг сонгоё” гэж эцэг эх нь бодох нь л дээ.
Бас болоогүй хүүхэлдэйн баатруудын хувцас өмсч хүүхдүүдтэй эрхэлнэ. Аав
ээжүүдийг оюун санааны хувьд  “авлигадаж” буй нь тэр. Ах, эгчийг нь бол
ажил, сургуульд оруулж өгнө гэж аргадна. Сурагч багачуудыг өнгийн цаас,
харандаа баллуурханаар хуурна. Ингэж монголчууд хөлд орохоосоо эхлээд
авлигад өртөж байгаа нь тэр.
Өвөө эмээ нарт өөрийн хөрөг зурагтай цаг, аяга, цаг тооны бичиг, чадвал
дээлийн өнгө дор нь тавиад өгчихвөл саналыг нь татсантай адилд тооцно.
Идэрчүүдэд ажил төрөл амална. Тав, арван мянган төгрөгөөр гар цайлгана.
Намынхаа идэвхтэн сонгуультнуудыг нэг хоёр зуун мянган төгрөгөөр хуурч
хэдэн сар эвхэрч унатал нь өөрийнхөө төлөө гүйлгэнэ. Сонгуулийн тойргийн
хорооны гишүүд, ажиглагчдын гарыг цайлгахаа бас мартахгүй. Энэ мэт
авлига одоо хэрээс хэтэрч хүн тойлгойтой бүрийг авлигад татаад байна.
Энэ нь Хүний хөгжлийн сангаас гэсэн нэртэй бэлэн мөнгө тараах уралдаан.
Ажил хийгээд 70 мянган төгрөг олох аргыг нь заахгүй байж хасах дөчин
градусын хүйтэнд дугаарлуулан байж тэр хэмжээний “чихэр” ганц удаа
долоолгоно. Мөнөөх “чихэр” Эрээний бараа болоод цагаан сартай хамт сураг
тасарна. Авлигыг таслахгүйн тулд дараа нь 50 мянган төгрөг өгнө хэмээн
горьдооно. Энэ нь цаагуураа манай намыг дэмжвэл чихрийн мөнгө тасрахгүй
гэсэн дохио. Уг нь Ардчилсан намын амласан нэг сая төгрөгийн хувьцааг
МАХН 1,5 сая төгрөгийн бэлэн мөнгөн хахууль болгож зарласны “шавхруу”
шүү дээ. Хүүхдийн мөнгийг давах гэж гаргаж ирсэн шинэ гэр бүлийн мөнгө ч
авлигын нэг хэлбэр. Гэр бүлээ батлуулаад авлигаа авчихаад салдаг
тохиолдол ч цөөн бус.
Гишүүдийн тойргийн мөнгө гэж авлигын хамгийн том хэлбэр байна. Иргэдээс
татварт хурааж авсан мөнгөөрөө эргүүлээд өөрсдийг нь авлигаддаг маш
боловсон хэлбэр. Олон олон жирийн Доржийн татварын мөнгө нэг эрхэм
гишүүний нэрэмжит тойргийн мөнгө нэрээр орон нутагт нь очино. “Сайхан
сэтгэлт, өгөөмөр” гишүүн орон нутагт нь хийж өгөх ажлаа унаж тустал нь
сурталчлаад шанд нь дараагийн сонгуульд ногоон гэрлээр гарах болзлоо
хангана.
Нэг үе гараа хөдөлгөж амьдралаа дээш татахын төлөө хөдөлдөг байсан иргэд
одоо намуудын авлигыг харан элгээ эвхэж суудаг болжээ. Түүнээс болоод
аль 2000 онд байсан 36 хувийн ядуурал яг байрандаа 10 жил эргэлдэв.
Авлигын хор уршиг энэ ажээ.
Одоо авлига өгөөгүй хүнд иргэд саналаа өгөхгүй. Авлига амлахгүй бол
сонгуулийн байранд очиж саналаа өгөхгүй. Зүрх сэтгэлээсээ төрөө дээдэлж
гоёж гоодон саналаа өгдөг байсан иргэдээ хахууль горьдож гар хардаг
хүүхэлдэй болгон хувиргажээ.
Дараагийн сонгуульд “угжны хурга” болсон сонгогчдоо идэвхжүүлэхийн тулд
мөнгө тараах аяндаа намууд мордоно. Наана нь хэсэг фракцаараа уралдан
нам дотроо гишүүдээ хувааж татахын төлөө бас авлигаар өгөөш хаяна.
МАХН-ынхан иргэдээ сонсох аян өрнүүлэхдээ, Ардчилсан намынхан дотоод
сонгуульд орохдоо бүлэг бүлэгтээ санал татахын тулд хээл хахуулийг
гишүүддээ цутгана. Ингэж Монголын улс төрийн намууд авлигыг цэцэглүүлж
байна. Үр дүнд нь дээшээ харж төрийн хишиг горьдсон ядуусыг бөөн өөнөөр
нь төрүүлсээр. Тэдэнд ямар ч үнэтэй мэдээлэл хэрэггүй. Сонгууль дөхөхөөр
улстөрчдийн сарвайх хэдэн төгрөг, атга гурил, ам даавуу л ядуу
сонгогчдын хүлээдэг “авралын од” болжээ. Тэгэхээр улс даяар хэрсэн их
авлигын нэг загалмайлсан эцэг нь улс төрийн намууд юм.

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж