
Монголчууд Оюутолгой, Тавантолгойн асуудлаа шийдэж чадахгүй мунгинаж байх зуур Оросын тэрбумтнууд хятадуудад “хандарч” “Газар зүйн хувьд танай, манай улсын тэг дунд орших Монголын ашигт малтмалын ордуудыг хамтарч ашиглацгаая” хэмээн ажил хэрэгчээр ятгасан удаатай. Гэвч бүхнийг гартаа оруулсан Дундад улсынхны хувьд оросуудын үг нэг их сонин биш байсан. Учир нь Хятадад бүх зүйл бий. Басхүү хамтрахыг хүсэн хандрагчид ч чамгүй олон. Тиймээс шинэ оросууд, тэр дундаа хөнгөнцагааны магнат Олег Дерипаска хятадуудаас нааштай үг сонсч чадалгүй Хонконгийн биржээс сэтгэл гундуухан буцсан удаатай.
Москва Хятадад дахиад л хайр зарлав. Ерөнхий сайд С.Батболд Америкт айлчилж, Нью-Йоркийн Хөрөнгийн бирж дээр эх орноо “Уул уурхайн магнат улс” хэмээн бүртгүүлчихээд Канадыг зорихтой давхцан Хятадад оросуудын десант буулаа. Хамгийн сонирхолтой нь Цагаан хэрэмний наахнатаа зэс, алтны үлэмж их нөөц бүхий Оюутолгой, кокосжих нүүрс бүхий Тавантолгойн орд бий. Тиймээс ч Кремлийн удирдагч өмнөд хөршид хоёр дахь удаагаа албан ёсны айлчлал хийж, эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн нь санамсаргүй хэрэг биш. Тэрбээр 2008 оны тавдугаар сард Бээжинд анх айлчилж, гео эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллах санал тавин буцаж байснаас нь дүгнэвэл энэ удаад хэлсэн үгнийхээ хариуг албан ёсоор авах гэж ирсэн нь тодорхой. Тэгээд ч Орос, Хятад улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага хэмээх хүчирхэг нэгдэл дор гар барьцгааж, 2011 онд болох худалдааны дайнд холбоотон болж оролцох нь гарцаагүй болсон. Ерөнхийлөгч Д.Медведев ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Игорь Сечин, Александр Жуков, Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Эдийн засгийн хөгжлийн сайд Эльвира Набиуллина, Эрчим хүчний сайд Сергей Шматко, Хятадтай хил залган оршдог мужуудын амбан захирагч нарын хамт Бээжинд хөл тавьсныг “Хоёр орон төрийн дээд хэмжээнд геополитикийн шинэ бодлогоо хамтран тодорхойлох нь” гэж дүгнэхээс өөр аргагүй юм.
Кремлийн удирдагч өмнөдийг зорихоос өмнө буюу энэ сарын 23-нд хоёр улсын тэрбумтнууд нэгэн тохиролцоог хийсэн. “Газпром” компани Хятадын нефть, хийн үндэсний корпорацийнхантай хамтран Оросын байгалийн хийг 2015 онд тус улсын зах зээл дээр борлуулахаар шийдэх нь тэр. Товчхондоо, Москва Белорусстай хийн хоолойн асуудлаар өнөөг хүртэл олигтой ойлголцож чадахгүй байгаа бол хятадууд тэдний саналыг маш амархан хүлээж авав. Орос, Хятад улс ийнхүү байгалийн хийн бизнесээр дэлхийд монопольчлох нь тодорхой боллоо. Бээжин Монголын нүүрсний ордод ихээхэн ач холбогдол өгч байгаа бол оросуудад уран хэрэгтэй. Учир нь тус улс цөмийн зэвсэгтэй. Тиймээс Монголд төрийн өмчит компани хэмээх статустайгаар байгуулагдсан ч үйл ажиллагаа нь дэн дунтай байгаа “Мон-Атом”-ын “ах” “Росатом”-ын ерөнхийлөгч Сергей Кириенко, Оросын загас агнуурын аж ахуйн дарга Андрей Крайний, Цэрэг, техникийн хамтын ажиллагааны чиглэлээрх холбооны албаны тэргүүн Михаил Дмитриев, тэр ч атугай Коммунист намын лидер Геннадий Зюганов Ерөнхийлөгчөө дагалдан Хятадад очжээ. Приморскийн хязгаарын амбан захирагч хүртэл тэдний араас онгоц хөлөглөн ниссэнээс харвал, хойд хөршийнхөнд Хятадаас чухал товарищ одоохондоо алга.
ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин Д.Медведевийг үүрнээсээ ниссэн шувуутай зүйрлэн улс төрийн тавцан дахь гол өрсөлдөгчөөрөө хардаг болсон бол Д.Медведевт бүс нутгууд төдийгүй хилийн чинадад нөлөө бүхий лидер гэдгээ харуулах нь чухал. Тэрбээр В.Путиныг Монакогийн хунтайжтай үдийн зоог барьж, хамтдаа загасчлах зуур сөрөг хүчнийхнийг өөртөө татаж чадсанаа Орос даяар мэдрүүллээ. Учир нь Либерал ардчилсан нам буюу сөрөг хүчний тэргүүн В.Жириновский Хятадад хийж буй айлчлалынх нь гол PR-ч болов. Этгээд үйлдэл, хурц мэдэгдлүүдээрээ үе, үе дуулиан тарьдаг орос эр “Хятад улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь геостратегийн чухал ач холбогдолтой. Д.Медведев тун мэдрэмжтэй гишгэж байна. Тэр маш зөв алхам хийлээ” хэмээн сэтгүүлчдэд илэн далангүй ярьж байна. Оросын эрх баригчдын өөдөөс салаавч өгөх нь энүүхэнд явсан улстөрч Д.Медведевт ийнхүү уярав.
Кремлийн удирдагчийн айлчлалын багт бидний танил нэгэн эрхэм багтжээ. Тэр бол “Шинэ төмөр зам” төслийг олон улсын багтай хамтран Монголд хэрэгжүүлэх “РЖД”-ийн ерөнхийлөгч В.Якунин. Харин В.Якунины экипажид “Газпром”-ын захирал Алексей Миллер, “Транснефть”-ийн тэргүүн Николай Токарев, “Роснефть”-ийн ерөнхийлөгч Эдуард Худайнатов, “Лукойл”-ын босс Вагит Алекперов, “Сколково” сангийн ерөнхийлөгч Виктор Вексельберг нар яваа. Тэдний нэр болон компанийн тухайд сонсоход л оросууд Хятадад ямар ашиг сонирхлын үүднээс Ерөнхийлөгчийн хамт очсон нь тодорхой юм. Ноён Виктор Вексельбергийн хувьд, Олег Дерипаскагийн мэдэлд байдаг “Русал”-ын зарим хувьцааг эзэмшигч “Северсталь”-ын нөлөө бүхий төлөөлөл билээ. Тавантолгойд хөрөнгө оруулах хүсэлтэй Оросын консорциумд “Северсталь” групп багтсан.
Д.Медведевийн туслахын мэдэгдсэнээр, Кремлийн удирдагч одоогоос нэг жилийн өмнө Хятад дахь Оросын хотод айлчлахаар төлөвлөжээ. Хятадын тэнгисийн цэргийн бааз байрладаг Шар тэнгис дэх Люйшунь боомт 1898 оноос эхлэн 25 жилийн туршид хойд хөршийнхний мэдэлд байсан юм. Тиймээс түүхийн хуудаснаа Порт-Артур хэмээн тэмдэглэгдсэн аж. Япончууд 1904 оны нэгдүгээр сарын 27-ны шөнө Порт-Артур дахь Оросын хөлөг онгоц руу дайрсны улмаас хоёр улс нэг жилийн туршид дайтаж, олон хүний амь эрсэдсэн билээ. Хожим нь 1945 онд хойд, өмнөд хөршийнхөн энэхүү боомтыг 30 жил хамтран ашиглахаар болсон ч Москва 1955 онд Порт-Артураас цэргээ гаргах шийдвэр гэнэт гаргасан. Тэр цагаас эхлэн Порт-Артур боомтыг хятадууд Люйшунь хэмээн нэрлэх болжээ. Д.Медведев Орос, Японы дайнд оролцогсдын дурсгалд зориулсан цогцолборт зочлох нь айлчлалын хөтөлбөрийн гол хэсэг. Тэрбээр Хятадын дарга Ху Жинтаотой хамтран дэлхийн II дайн дууссаны 65 жилийн ойд зориулж, түүх гуйвуулах, нацистуудыг “Баатарлаг үйлстэнүүд байсан” хэмээн магтан дуулахын эсрэг мэдэгдэл гаргах нь олон улсын анхаарлыг татаж байна.
Москва, Бээжин Солонгосын дайны үед хойд Солонгосын гол тулах хүч болж байсан удаатай. Дэлхий дахинаа энэ түүхийг эргэн дурсах нь ч олонтаа. АНУ, Өмнөд Солонгос улс өнгөрсөн хавар “Чхонан” хөлөг онгоцны сүйрэлд хойд Солонгосыг буруутгах үеэр хатагтай Хиллари Клинтон Бээжинд айлчилж “Солонгосын хойг дахь хурцадмал байдлыг намжаахад туслаач” хэмээн Ху Жинтао даргаас хүссэн юм. Тус бүс нутгийн асуудлаар Орос дипломат байр суурьтай байгаа ч Д.Медведевийн айлчлалын үеэр хэлэлцэх гол сэдвүүдийн тоонд хоёр Солонгос, Ираны цөмийн хөтөлбөр багтжээ. Хэдийгээр “Ираны Ерөнхийлөгч М.Ахмаденижадыг олон улс НҮБ-ын тавцнаа ганцаардуулж байна” гэх мэдээлэл цацагдсан ч Москва, Бээжин “Цөмийн зэвсгийг энхийн зорилгоор ашиглах нь зөв” гэсэн байр суурьтай байгаа юм. Орос, Хятадын Төрийн тэргүүнүүд “Сковородино-Дацин” хэмээх нефть дамжуулах хоолойн төслийг хамтран хэрэгжүүлсний баяраа энэ өдрүүдэд тэмдэглэнэ. Хятадын тал 2007 онд орос мэргэжилтнүүдээс хүлээн авсан атомын цахилгаан станцын хоёр байгууламжийг “Хамгийн аюул багатай” хэмээн сайшаадаг.
Ерөнхийлөгч Д.Медведев энэ сарын 26-28-нд Хятадад айлчлахдаа Бээжин, Шанхай, Даляньд очихоор төлөвлөсөн. Бээжин бол өмнөд хөршийнхний улс төрийн бодлогыг тодорхойлогч хот. Шанхайг өрнө, дорнынхон “Азийн Нью-Йорк буюу Хятадын хөгжлийн хөшүүрэг, элитүүдийн хот” гэдэг бол Далянь далайн томоохон боомт билээ. “Шанхай экспо-2010” үзэсгэлэн яармагийн үеэр оросууд ч эдийн засгийн сүр хүчээ өмнөд хөршийнхөнд гайхуулна. Тиймээс Д.Медведев уг арга хэмжээнд Хятадын төр засгийн тэргүүнүүдтэй хамт очихоо мартсангүй. Орос, Хятадын харилцаа нэгэн үе хүйтэрч байсан бол энэ удаад оросууд өмнөд хөршийг шүтэх боллоо. Хятадууд ч Алс дорнод дахь байгалийн баялгийг эзэмшиж эхэлсэн нь Оросын ард түмний зүгээс Ерөнхийлөгчөө буруутгах нэгэн шалтгаан юм. Хойд хөршид өнгөрсөн хавар “Д.Медведев, В.Путин нар баялаг ихт газрыг маань хятадуудад арилжлаа” хэмээх эсэргүүцэл өрнөж байсан билээ. Хятад, Орос хоёр ийнхүү нэг нэгэндээ үүцээ дэлгэсээр байна.
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин