Миний нутгийн хун шувууд

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Миний нутгийн хун шувууд

Намхан толгодын цаанаас өвс нь даллах шиг
Нар тоссон Дарьганга нутагт намрын улирал иржээ. Хаа газрын хүмүүсийн хөл үл тасрах алдарт Алтан дарь овоо, Ганга нуур, Шилийн богд, Талын агуйд буцах цагийн хөнгөн аяс яруухан бас аядуухан айлчилнам. Энэхүү буцах цагийн хөнгөн уйтай өдрүүд шувуудын дуутай Ганга нууранд илүүтэй мэдрэгдэх шигээ.  Намрын адаг сарын гэгээн тунгалаг наран мишээсэн шаргал өдрүүдэд ариун цагаан хайрын бэлгэдэл болсон хун шувуудын цуглаан хэдийн эхэлж, ижил дасал болсон нуурын мандалдаа элин халин нисч, өөрсдийн хэлээр нэгэн найрал хөгжмийн эгшгийг уянгалуулах нь шувуудаа үдэх нуурын, уярал хайрыг татна.
Намар оройн наран Дарьгангын нууранд хорогдон хорогдон шингэх нь ижилгүй тансаг хун шувуудын чуулганаас үл уйдах байгалийн нэгээхэн араншин буй за. Ирэх цагтай уралдан нутагтаа ирж, их удалгүй сэрүүсэх намрын сард өмнийг зорих хун шувуудын чуулган миний нутгийн нууранд болохыг үзэх гэж, тэдний уран яруу ганганаанд уярах гэж ирдэг алс нутгийн аялагчдын өмнө бахархал, омгорхол,  зэрэг төрөх амуй.

Шувуудаа үдэх гэж буй нуур нэг л уйтай. Нуураа орхих гэж байгаа хун шувууд бас л хорогдонгуй.

Хорвоогийн хаанаас тийм олон хун шувууд нэгэн доор цуглараа вэ гэмээр дэндүү тансаг эрхэмсэг, зүүдний цагаан унага мэт ижилгүй ганган тэдний чуулж буй нуурын хөвөөнд хараад л зогсоод баймаар.

Хосоор амьдрах  байгалийн жамаар бие биедээ ээнэгшин дасах үзэсгэлэнт хун шувуудын хос хоёрын аль нэг нь амь үрэгдэхэд өндрөөс унаж үнэнчээ илтгэдэг нь тэдний гайхамшиг. Харсаар байж нэгийгээ алдаад, хажууд нь гансарснаас хамт хорвоог орхих нь хунгийн омогшил, хатан зоригийн шинж ажгуу.

Олон хоног өнжин чуулж, он цагийн эрхээр холын өмнөд орноо зорих  хунгийн түүчээд хамгийн хүнд үүрэг оногддог. Хязгааргүй цэнхэр огторгуйн салхийг хагалан хунгийн сүргээ эсэн мэнд халуун оронд аваачих нь түүчээ хунгийн ухарч болохгүй ганцхан зам. Монгол орондоо, Дарьганга нутагтаа эсэн мэнд эргэж ирэхийн ерөөлийг талбин гүн тэнгэрийн уудамд шувуудын цувааг манлайлах хамгийн хүчтэй, хамгийн омголон, хамгийн зоригтой түүчээ хунгууд аяллын явцдаа ижил сүргээ үүрд орхидог тохиолдол ч цөөнгүй. Хувь заяаны эмгэнэл, хорвоо дэлхийн хуулийг миний нутгийн нууранд чуулсан хунгийн сүрэг тойрдоггүй ээ.

Хүн төрөлхтний л туулдаг аядуу зөөлөн, хатуу ширүүн амьдралын нугачаа бүрийг давдаг нь гагцхүү амьд байгалийн жам гэлтэй.

Зуны наранд нуурын эргийн элсэн дээр тоглодог бяцхан хүү намрын нэгэн өглөө өнөөх газартаа ирэхэд шулганан ганганах шувууд нь аль хэдийн буцсан байхыг хараад хар суугаагүй бяцхан нүднийх нь нулимс багтаж ядан урсаж байсан гэх. Буцахдаа яагаад надад хэлсэнгүй вээ хэмээн гомдог шархирах хүүхдийн сэтгэл танил нуурынхаа дотно шувуудыг үгүйлсэн нь тэр. Ер хэн хүний сэтгэл нуураа орхин одсон шувуудын орон зайг үгүйлж, аньсага чийгтэж, амьсгаа давхацдаг амой.

Ижий нуурын толин мандалд ижил ижлээрээ өдөржин шөнөжин чуулсаар холын орныг зорих хайрын бэлгэдэл хун шувуудын ганц нэг нь сүрэгтэйгаа хамт буцаж чадахгүй үлдэж, өвлийн тэсгим хүйтэнд харзлан үлдсэн жаахан усыг далавчаараа алгадан тэдний хувьд аньсагас чийгтмээр хатуу амьдралын төлөө тэмцдэг гэнэ. Захаасаа зайрмагтан хөлдөх нуурын ус хумигдахад хамт үлдсэн дэгдээхэйгээ тойрон хүйтэн мөсийг тас хийн алгадах жигүүрээ цусан улаан болсон ч тэмцсээр байдаг тухай эмээгийн ярьж өгсөн үнэн түүх одоо ч тодхон.

Манай оронд шувууд буцдаг гурван зам байдаг. Ховд аймаг болоод Дорнод аймгийн Халх гол сум, манай аймгийн Дарьганга сумын Ганга, Эрдэнэ, Холбоо нууранд чуулсаар оддог хун шувуудын буцах зам нарийн дэг жаягтай. Буцах шөнийнхөө урьд өдөр түүчээ хун агаарт эгц дээшээ нисэн аяны замаа товлоно. Үүний дараа цувааны ахлагч түүчээ шувуудын араас зориг, зүрхтэй эрэмгий хунгууд жагсан, дэгдээхэйгээ дундаа хийж, хоёр талаар нь хашина. Буцах шувуудын цувааг хардаггүй ёсон бий ч хунгийн буцахыг хэрвээ харж гэмээ нь уйтай, давчуухан орчлонг уяраах зүйл олохгүй тэвдмээр гэнэ лээ.

Өнөө жилийн хунгийн чуулга Ганга нууранд болж байна. Хаа нэгтэйгээс ижлээ ирэхийг хүлээж, толин цэнхэр мандлыг нь чимэх хунгийн сүрэгтээ Ганга нуур хайртай. Үзэхийг хүсэн очсон хүмүүсээс ч хунгаа хармална. Ганган хээнцэр шувууд нь л аальгүй зандаа хөтлөгдөж, гараа хөдөлгөх төдийд цаашилан холдоно. Эх дэлхийд мэндэлсэн энхрий бяцхан үрсээ нисгэж сургах гэж Дуут, Ганга нуурын хооронд цөхрөлтгүй дагуулан нисдэг гэнэм. Үнэхээр ч тийм ажээ. Уран цагаан хүзүүгээ сунган торниж буй зулзагаа дагуулсан хунгийн гэр бүл Дарьгангын тэнгэрийг чимсээр. Амьдралын их сургуульд орж буй ангаахай хунгуудын хувьд энэ аялал зугаатай ч аав ээжийнх нь хувьд горьдлого итгэлийн найдвар гэлтэй.

Нэг л өглөө нуураа өнчрүүлэн, нулимстай нүд шиг үлдээн одох миний нутгийн хунгийн цувааг цаст Гималайн өндөр даваа, цалгилах их Хатан гол цаашлаад алс холын нутгийн, уул даваа, ус мөрөн, уугуул нутаг нь мэхийн хүндэтгэж аваг ээ.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж