
-Өнгөрсөн долоо хоногт болсон нинжа нарын жагсаал цуглаанаас хойш сум, орон нутагт нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Манай сумын нутагт өмнө нь нинжа тодорхой хэмжээгээр байсан хэдий боловч өнгөрсөн долоо хоногт цугларсан хэмжээний нинжа нар огт байгаагүй. Зэргэлдээ аймгаас ч ирсэн байналээ. Аймгийн Амлалт нэхэх ард түмний холбооны тэргүүн Т.Нарантуяа гэгч нь нинжа нарт хандан амьдрал ахуйг тань сайжруулах боломж байна гэх мэтийн зүйл ярьсаар зургаан мянга гаруй нинжа нарыг уриалан дуудаж, “Марко Поло” компанийн хөрс хуулалт хийж байсан газарт дайрч орсон. Энэ үеэр 20 орчим насны нутгийн залуу карьер руу унаж нас барсан. Яг энэ явдал болохтой зэрэгцээд эмх замбараагүй байдалд үүсч, сумын “Хадгаламж” банканд хулгай орж, архидалт, тамхидалт хэрээс хэтэрсэн. Өчигдрөөс хөл хөдөлгөөн эрс татарч байна. Дээрх хэргийг аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа.
-“Марко Поло” компани нь хэдийнээс ашиглалтын лиценз авсан бэ?
-2009 оны аравдугаар сараас хайгуулын, энэ оны наймдугаар сараас ашиглалтын тусгай зөвшөөрлөө авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Нутгийн иргэдийн хэлж буйгаар тухайн компани хөрс хуулалтаа хийгээд эхэлсэн нь нинжа нарт алт угаах хялбар боломжийг бүрдүүлж өгсөн гэсэн мэдээлэл байгаа.
-Жагсаал цуглаанаас болж хүний амь нас эрсэдсэн. Тухайн компанийн эзэмшилд нэвтэрч хэсэг хугацаанд нинжа нар алт угаасан гэх мэдээлэл байна. Энэ бүхний хор хохиролыг хэн хариуцах вэ?
-Хамгийн гол нь дээрх жагсаал цуглааныг зохион байгуулсан Т.Нарантуяа нь өнөөдрийг хүртэл огт сураггүй байгаа. Жагсаал цуглаан зохион байгуулж, уриалан дуудахдаа хүн нэг бүрээс 10 мянган төгрөг авсан хүн хариуцлага үүрэх ёстой биз дээ. Хүний амь нас эрсэдсэн байгаа тул бидэнтэй уулзах хэрэгтэй байгаа талаар Т.Нарантуяад утсаар хэлэхэд буудсан биш өөрөө унаад үхсэн байналээ гээд утсаа салгасан. Зарим хэвлэл мэдээллээр намайг мөнгө төгрөг нэхэмжилсэн гэсэн худал мэдээлэл хийсэн. Тэр үед жагсаал цуглаан байгуулах талаар хүсэлтээ л тавьж уулзаж байснаас өөр юу ч болоогүй.