МАХН-ын гишүүн уншихыг хориглоно

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

МАХН-ын гишүүн уншихыг хориглоно

Улстөрчдийн тархиа амраах нэг хэрэгсэл бол­сон улс төрийн сэдэвт анекдотоор эхлэе. “Энхбаяр өөрийн хөрөг рүү харснаа санаа алдан “Чи бид хоёрыг ч удахгүй хусах нь дээ” гэхэд хөрөг урдаас  нь “Боль доо. Чамайг л хусч хаяна. Намайг бол ордны хонгилд дүүжилнэ” гэсэн гэдэг. Манайхны марзагнал мэт боловч үнэн юм.

Н.Энхбаяр үнэхээр “Тө­рийн ордны хонгилд” дүүж­лүүлээд л үлдэж  чадахгүй  билээ. Зүгээр суухгүй гэдгээ ч хэвлэл, мэдээллээр хэлсэн. Тэр­бээр эхний үед фокусаа намын экс дарга С.Баяр руу чиглүүлж байсан. Гэвч ийм аргаар удаан хол явахгүйгээ ухаарч хүссэн хүсээгүй С.Батболд руу аажмаар довтолж эхлэв. Түүний үйл ажил­лагаа олон нийтэд таалагдаж буйг мэдэрч улаан нүүр рүү нь галлаад байж чадсангүй. Гэтэл МАХН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд намынхаа тухай часхийсэн хэдэн үгийг телевиз, сонин хэвлэлээр дүүрэн цацчихаад гадаад томилолт өвөртлөөд яваад өглөө. Харин ар хударгаар нь тус намын харьяалалтай, улс төрийн “балархай эгшгүүд” дуурийн театрт бут авав.

“Чоно борооноор” гэгчээр намын даргыг эзгүйчлэн урлагийн сүмийг улс төрийн талбарт ашигласан энэ ажлыг өнгөн талаас нь харахад намын дотоод ардчилал мэт. Гэвч цаанаа бол сонгуулийн өмнө намын Их хурлын өмнө хувьсгал хийхээр тэчьяадсан хэсэг бүлэг хүмүүсийн хийр­хэл болох нь илт байлаа. “Нам жирийн гишүүддээ хаалт­тай болсон”, “Намын бүт­­цийн байгууллагууд зөв­­хөн Удирдах зөвлөлд үйлчилж байна” гэх зэрэг намын удирдлагыг сөрсөн лозонтой энэ цугларалт лав сайны зөгнөл биш. МАХН-ын дарга С.Бат­болд, генсек У.Хүрэлсүх нар намын үзэл баримтлал, нэр, бэлгэдэлд хувьсал хийх саналаа Бага хурлаар хэлэл­цүүлсэн. Энэ хурлыг угтуулан Н.Энхбаяр “Зүүний ардчилсан үзэл баримтлалаасаа ухарч болохгүй. Тэгвэл хатуу тэмцэнэ” гэж “арвалзсан”. Түүнийг дэмжигчид нь “Элсний-13”-ын тасархай, УИХ-ын нэр бүхий гишүүд буй. Дээр нь их улс төрөөс “kick”-лүүлсэн хууччуул багтсан байна. Тэд байтугайг нь хуучинд тооцож, цусаа сэлбэж байгаа МАХН-ын шинэ үеийнхэн зүүн төвийн үзэл баримтлалыг дагах итгэл үнэмшлээ тийм ч амар алдахгүй л болов уу. У.Хүрэлсүхийн хувьд Н.Энхбаяр байна уу, С.Батболд байна уу, МАХН-д л том байвал боллоо гэсэн зарчмаар ажилладаг. Тиймээс ч тэврэлдэж байсан гараараа чулуу шидэхээсээ огтхон ч ичихгүй билээ. Түүн шиг залууст МАХН хайртай. Албан тушаалаа ч харам­гүй өгдөг. Үүгээрээ ч чадварлаг залуус улаан сарнайтай батлахаас нь огтхон ч ичихгүй намын байрны хаалгыг онголзуулсаар байдаг.

Нөгөөтэйгүүр  Н.Энх­баярын удирдсан хэлэл-      цүүлгийн үеэр “МАХН-ын үнэт зүйлсийг хамгаалъя” бүлгэм гэж байдгийг мэдэж авлаа. Энэ юу вэ. ХXI зууны улс төр дэх “бүлгэм” гэдэг ойлголтыг хэрхэн тодорхойлж болох вэ. Фракци, жигүүр бол өөр хэрэг. Мөн “Шинэ хөгжил” сан, “Зөв сонголт” МАХН-ын гишүүд дэмжигчдийн хөдөлгөөн, “Шинэ үе-ардчилал” ТББ-ууд Н.Энхбаяртай хамтарч дээрх  хэлэлцүүлэг гэгчийг зохион байгуулж буй нь анхаарал татлаа. Хэзээ ч үзэгдэж, сонсогдоогүй ийм олон байгууллагыг МАХН тас нуугаад байсан хэрэг үү. Эсвэл олон байгууллагын хам­тын тэмцэл гэг­чийг харуулах гэ­сэн оролдлого байв уу гэд­гийг гайхаж хоцров. Тэднийг зангидаж 400 гаруй гишүүн хуралдуулж чадсан Н.Энхбаярыг сүүдрийн на­мын дарга гээд нэрлэчихэд болохгүй юмгүй биз.

Түүнчлэн өнгөрсөн ам­ралтын өдрүүдэд МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүх­баатар телевизэд өгсөн ярилцлагаараа намынхаа шинэ имижийг тодорхойлох гэж оролдлоо. Гэхдээ хуучин хүний шинэ имижийг олон нийт үнэндээ яаж ч хичээгээд сонирхож чадаагүй байх. “Бид чинь намаа шинэчлэх гэсээр яваад эдийн засгаа олигтой хөгжүүлж чадаагүй юм байна. Одоо л энэ талаар анхаарахгүй бол болохоо байлаа” гэсэн инээдтэй ухаарлыг сонссон сонгогчид МАХН-ыг өөрөөр үнэлж чадна гэж үү.  Эхний ээлжинд ажил­ладаггүй сайтаа ажилд оруулж, олон нийтэд хаалгаа нээснээр ардчиллыг гээхгүй гэсэн үзэл баримтлалынхаа тухай ярьсан нь дээр байх аа. 

Эв нэгдлээ талцлаар солиод өөдөлсөн түүх улс төрийн аль ч намын түүхэнд одоогоор байхгүй. Үүнийг шинэчлэл гэж байгаа бол МАХН-ынхан дутуу л сэтгэж байна даа. Гэхдээ хэзээнээсээ дуулгавартай, хэвлэлийнхэнд хаалттай МАХН-ынхан үүнийг уншихгүй биз.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж