
Боловсрол Суваг ТВ-ээр гардаг танин мэдэхүйн асуулт хариултын “Монголын саятан” нэвтрүүлэг цацагдаж эхэлснээсээ хойш хоёрхон сарын хугацаа өнгөрсөн ч үзэгчдийн хамгийн үзэх дуртай нэвтрүүлэг болоод байгаа билээ. Тэгвэл өчигдөр буюу 9-р сарын 26-ны өдөр нэвтрүүлгийн анхны сая төгрөгний ялагч тодорсон байна. Азтан маань Б.Сүхболд гэдэг залуу бөгөөд Боловсролын үнэлгээний төвд ахлах мэргэжилтэн хийдэг аж. Тэрээр сая төгрөгний эзэн болохын тулд түүх, газарзүй, үндэсний бөх, дэлхийн кино урлаг зэрэг танин мэдэхүйн 12 асуултанд амжилттай хариулсан юм.
Өмнөх оролцогчдын дээд амжилт нь 500 000 төгрөгийг л нэг удаа хожиж байжээ. Энэхүү нэвтрүүлэгт оролцохын тулд ямар нэг төлбөр хураамж төлөхгүй бөгөөд Боловсрол Суваг ТВ-д хандан бүртгүүлэхэд л хангалттай юм байна. Тун удахгүй “Монголын саятан” нэвтрүүлэг 5 сая, 10 сая төгрөгийн шагналтай супер тоглолтуудаа хийхээр төлөвлөөд байгаа гэнэ.