
Өнгөрсөн долоо хоногт Халдварт өвчин судлалын үндэсний төвд 12 төрлийн халдварт өвчний 174 тохиолдол бүртгэгдэж, вируст гепатит болон цусан суулга зэрэг өвчнүүд дийлэнх нь байжээ. Энэ хугацаанд нийт 38 хүүхэд хүлээн авч тусгаарлан эмчилж, өвчний голомтод ариун цэвэр эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах талаар зөвлөгөө өгч, халдваргүйтгэл хийсэн аж. Мөн томуу, томуу төст өвчний улмаас эмнэлгийн байгууллагуудад хандсан өвчтнүүдийн 90 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байгаа бол хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 30 гаруй хувийг уг өвчний улмаас дуудаж үзүүлсэн байна. Энэ нь өмнөх долоо хоногийн болон өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа аж. Тиймээс хүхдийн байгууллагууд ариун цэврийг сайтар сахих, эцэг эхчүүд хүүхдээ дулаан хувцаслаж, амин дэмээр дархлаажуулахыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.
П.Наран