“Google” компани хятадаас сервэрээ зөөлөө

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

“Google” компани хятадаас сервэрээ зөөлөө

Хятадын цензурийг зогсоохийн тулд “Google.Inc” компани эх газрын Хятадаас даваа гаригт сервэрээ зөөж гаргасан байна гэж “Ассошиетэд Пресс” агентлаг Сан Франциско хотоос мэдээллээ. Энэ алхам нь Хятадын цензурийг зогсоохын хамт, Хятадын зах зээлээс ашиг олох гэсэн сонирхлоо баланслуулсан алхам бололтой.
Дэлхийн хамгийн том интернетийн компани, дэлхийн хамгийн их хүнтэй улс хоёрын хооронд үүсээд буй үл ойлголцох байдлын үед энэ алхам хийгдэж байна. “Google” ийм алхам хийсэн нь энэ оны нэгдүгээр сарын 12-ноос “Google” хятадын цензурын бодлогыг мөрдөхгүй байгаа асуудлыг шийдвэрлэж чадах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Хятадын “Google” вэб хаяг болох “Google.cn” руу очсон урсгалуудыг одоо агуулгын хяналт, цензур хийлгүй, Хонг Конг дахь сервэр лүү чиглүүлж шинэ хуудсан дээр “Хятадын Google-ийн шинэ хайлтад тавтай морил” гэсэн бичиг угтаж байгаа юм байна. Энэ хайлт нь эх газрын Хятадад ашиглагддаг хялбаршуулсан ханз үсэг хайлтандаа ашиглаж байна байна.
Зургийн тайлбар: Бээжин дэхь Google компаны байрны гаднах цэвэрлэгээг ажилтан нь хийж байгаа нь.
Гэсэн ч Хятадын Засгийн газрын интернетийн филтерүүд давхар ажиллах тул Google-ын хайлтын хөдөлгүүрээс гаргасан бүх үр дүнд Хятадын дотроос хандалт хийх боломжгүй юм.  
“Google” компани инженер болон худалдааны төлөөлөгчийн албаа Хятадад хэвээр үлдээхээр болсон бөгөөд ингэснээр Хятад дахь техологийн хөгжлийг мэдрэхээс гадна Хятад хэл дээрх сурталчилгааны худалдаагаа үргэлжлүүлэх зорилготой юм байна. Мөн “Google.cn”-ээр дамжуулан хөгжим зарах төлөвлөгөө нь хэвээр үргэлжлэх бололтой.
Хэрвээ Хятад улс тус компаныг бизнесээ тус улсад хийх нөхцлийг хүндрүүлбэл “Google” компаны өсөлтөнд сөргөөр нөлөөлж болзошгүй. Өмнө нь “Facebook”, “Twitter” болон “Google”-ын давхар эзэмшдэг “You Tube”-рүү хандах хандалтыг хаасантай адилаар “Google”-ийн хандалтыг мөн хааж болзошгүй юм.
Дээрх асуудлуудаас болж “Google” компани Хятадад эхлүүлсэн буюу эхлүүлэх гэж байсан зарим үйлчилгээгээ тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байна. Тухайлбал утасгүй  интернет дамжуулах чадвартай зарим гар утас, болон “Androi”d үйлдлийн системд зориулсан зарим програм хангамжийн худалдаагаа хойшлуулаад байна.
“Хэдийгээр Хонг Конг Хятадын газар нутгийн нэг хэсэг гэж тооцогддог ч өмнө нь Их Британий колони байсан тус бүс 13 жилийн өмнө Хятадад эргэж нэгдсэнээсээ хойш автономит эрхтэй байгаа. Ийм шалтгааны улмаас Хятадад үйл ажиллагаа явуулдаг олон компани Хонг Конгод байршдаг. “Google”-ийн энэ шийдлийг Хонг Конг дахь хяналт, нөлөөллийг нь сорьсон алхам гэж Хятад үзэж магадгүй. Үүнтэй холбоотойгоор Бээжингээс томилогддог Хонг Конгын удирдлагуудад илүү их шахалт ирж магадгүй”  гэж “Human Rights Watch” байгууллагын Азийн ахлах судлаач Nicolas Bequelin ярьж байна.
“Google” компаний жилийн орлого 24 тэрбум ам.доллараар хэмжигддэг бөгөөд үүнд Хятадын зах зээлээс олдог орлого ердөө 250-600 сая ам.доллар байдаг гэж судлаачид үзэж бана.
Нэгдүгээр сарын 12-ноос хойш “Google”-ын хувьцаа таван хувиар унасан бол энэ зуур технологийн “Nasdaq” индекс таван хувиар өссөн. Хятадын санхүүгийн нөөц бололцооноос болж “Microsoft Corp” гэх мэт гадны технологийн компаниуд Хятадад үйл ажиллагаа өргөжүүлсээр байгаа. Хэрвээ “Google” Хятадаас гарвал “Microsoft” тэргүүтэй бусад компаниудад чадварлаг ажилтан элсүүлэх илүү хялбар болох бололтой.

Т.Ариунсанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж